Ерөнхийлөгчийн гардуулсан хандивын гэрчилгээг ноолуураар урлажээ

2020-02-28 1121 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчиллаа. Ерөнхийлөгчийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нар дагалдан явжээ. Энэ удаагийн уулзалт нь хоёр улсын Төрийн тэргүүний тав дахь удаагийн уулзалт юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд “…БНХАУ-д шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ний тархалт гарч, Хятадын ард түмэн сэтгэл санааны хохирол амссан явдалд эмгэнэл илэрхийлж, монголчууд “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал”, “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж ярьдаг шигээ эртний сайхан ёсоор энэ удаад хүрэлцэн ирлээ хэмээн яриа дэлгэжээ. Мөн эрхэмсэг ноён Ши Жиньпинээр удирдуулсан БНХАУ-ын ард түмэн коронавирусийн тархалтыг удахгүй ялан дийлж, цаг зуурын бэрхшээл сорилтыг давж чадна…” гээд БНХАУ-ын шинжлэх ухаанд суурилсан тэмцэл, хичээл зүтгэлийн хүчээр цар тахлыг ялан дийлэх нь дэлхий нийтэд ч тустай үйл болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн байна.
Цар тахлын дэгдэлтийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй хандивын аян өрнүүлж буйгаас гадна Монголын ард түмэн, аж ахуйн нэгжүүд сайн дурын санаачилгаар сэтгэлийн хандив цуглуулж БНХАУ-ын талд хандивласан, мөн энэ удаагийн айлчлалын хүрээнд Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивлаж байгаа нь мөнгөн дүнгээс илүүтэй хоёр улсын гүн бат харилцааг хэмжих юм гээд БНХАУ-ын ард түмэнд сайн сайхныг хүслээ.

БНХАУ-ын Дарга Ши Жиньпин БНХАУ-д үүссэн нөхцөл байдлаас үл хамааран Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг эх оронд нь хүрэлцэн ирсэн явдалд гүн талархал илэрхийлж, “Надад дуслыг өгсөн ч би голыг эргүүлэн өгнө” хэмээх Күнзийн сургаалийг, мөн Монголын “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн зүйр үгийг иш татан чин сэтгэлийн талархал илэрхийлэв.


Уулзалтын үеэр талууд коронавирусийн асуудал нь ганцхан улсын асуудал биш тул хамтран ажиллах нь зүйтэй гээд цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.
БНХАУ-д коронавирусийн халдвар гарч, Хятад улс даяар өвчний тархалттай тэмцэж буй хүнд хэцүү цагт болсон энэ уулзалт нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа дээд түвшиндээ хүрснийг нотолж, хөрш орнуудын үлгэр жишээч хамтын ажиллагааг дэлхий дахинаа харуулсан явдал боллоо хэмээн талууд уулзалтын төгсгөлд дүгнэв.

Сонирхуулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-ын дарга Ши Жиньпинд гардуулсан хандивын гэрчилгээг ноолуураар урласан ба дээр нь “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас
Тэвдэж явахад тэвнээр тусал. Коронавирусын халдварыг таслан зогсоож, эрсдэлтэй нөхцөл байдлыг даван туулахад эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлж, мөнхийн хөрш Хятадын ард түмэнд чин сэтгэлийн дэмжлэг болгон Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивлав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга
Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх” гэж бичжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

В.Путин: Хийн хоолойг Монголын нутгаар дамжуулан өнгөрүүлэх бус Монголын хэрэглэгчдийг хийгээр хангана

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэ

2024-09-03

БНХАУ-ын дэд дарга Хань Жө Монголд айлчилна

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн

2024-09-03

Наймдугаар сарын 30-ны өдрийг “Таеквондогийн өдөр” болгон зарлалаа

“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар Монголын баг нэг а

2024-09-02