Түүхэн дээд амжилт тогтоосон МАН, Түүхэндээ байхгүй ялагдал хүлээсэн АН, Таамаглах боломжгүй амжилттай ХҮН

2021-06-13 667 0

Монгол Улсын Ерөн­хийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгууль болж өндөр­лөлөө. Сонгуульд МАН-ын нэр дэвшигч илт давуу байдлаар ялалт байгууллаа. Энэ удаагийн сонгуулийн гол онцлог нь 2019 онд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу явагдсан. 2087 хэсгийн хороонд нийтдээ 2.041.866 сонгогч санал өгөхөөр сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн. Үүнээс 71.680 сонгогч цагаан сонголт хийж, аль ч нэр дэвшигчийг дэмжээгүй байна. Нийт 1.206.858 сонгогч саналаа өгснөөс:
-МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх-823.326 санал
-АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 78.832 санал
-Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 246.968 санал авсан байна. Хувиар илэрхийлбэл, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх сонгогчдын дийлэнх олонхи буюу 68, ХҮН-аас нэр дэвшсэн Д.Энхбат 20, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ зургаан хувийн санал авчээ.

Өнгөрсөн зууны 80-аад оноос хойш сонгуулийн ийм үр дүн гарч байсангүй. Долоон удаагийн сонгуулиар сонгогдсон өмнөх таван Ерөнхийлөгчийн хувьд 50+1 хувийн санал авна гэдэг давахад бэрх даваа байлаа. Харин У.Хүрэлсүх үүнийг төвөггүй давсан нь өөрийг нь ч гэсэн хүндхэн байдалд оруулж мэдэх юм. Харин ард үлдсэн хоёр нэр дэвшигчийн хувьд ХҮН-аас нэр дэвшсэн Д.Энхбат гэдэг хүн таамаглах боломжгүй өндөр үр дүнг үзүүлэв. Нам нь доороо ямар ч хөлгүй /2017 онд С.Ганбаатарыг нэр дэвшүүлсэн тухайн үеийн МАХН-ын бүтэцтэй зүйрлэх аргагүй/, өөрөө олон нийтэд төдийлөн танигдаагүй хүн 14-хөн хоногийн сурталчилгааны дараа 20 хувийн амжилт үзүүлнэ гэдэг маш том зүйл. Тэр нь Д.Энхбат гэдэг хувь хүнээс биш, ердөө сонгогчид хоёр том намаас өөр, гурав дахь сонголтыг хайж эхэлсэн гэсэн үг. Энэ бол түүхэндээ байхгүй ялагдал хүлээсэн АН-аас гадна, түүхэн дээд амжилт тогтоосон МАН-ын хувьд ч гэсэн сэрэх ёстой зүүд мөн.

Мөн энэ удаагийн сонгууль Ерөнхийлөгчийн сонгуулиудын түүхэнд хамгийн бага ирцтэй сонгууль болов. Тухайн үедээ хамгийн бага ирцтэйд тооцогдож байсан 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний санал хураалтад сая 300 мянга, хоёр дахь санал хураалтал сая 200 мянган сонгогч саналаа өгсөн байдаг. Сонгогчийн идэвхи, ирц сонгуулиас сонгуульд буурч байгаа нь ч гэсэн бодох ёстой үр дүн мөн. Ийм үр дүнд хүргэсэн бодит нэг шалтгаан нь ардчиллын тулгуур багана болсон АН-ын задрал, бутралтай холбоотой. Сонгуулийн өмнө тус намын дотор бий болсон зөрчил, тэмцэл, энэ намаас нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон Х.Баттулга гэдэг хүн том үүрэг гүйцэтгэснийг ч үгүйсгэж болохгүй. Үүний бурууг У.Хүрэлсүхээс буюу МАН-аас хайх боломжгүй юм. Тухайлбал, хамгийн бага ирцтэй байсан Сэлэнгэ аймагт АН-ын сонгуулийн штаб ч байгуулагдаагүй, суртал­чилгаа явуулаагүй. Өөрөөр хэлбэл АН-ын гишүүд сонгуульд оролцоогүй, саналаа өгөөгүй гэсэн үг. Ийм байдалтай сонгууль явуулсан аймаг нэгээр тогтохгүй. Тиймээс сонгуулиас сонгуульд ардчилалд итгэх итгэл, үнэлэх үнэлэмж буурч байгаа нь ч гэсэн сэтгэл зовних ёстой зүйл мөн.

У.Хүрэлсүх: Чөмгөө дундартал зүтгэнэ

МАН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан У.Хүрэлсүх сонгуулийн өдрийн шөнө “Монгол улсын сонгуульд оролцох иргэдийн 60 орчим хувь нь саналаа өгчээ. Үүнээс миний бие 65 орчим хувиар ялалт байгуулж байна. Үүнийг би асар их хариуцлага гэж хүлээж авч байна. Эхэлсэн ажлаа дуусгаасай гэсэн том хариуцлага. Төр засгаа тогтвортой байдлаар ажиллах итгэл найдвар өглөө. Ард түмнийхээ энэ их итгэл найдварыг би хичээл зүтгэлээр хариулах болно. Үр хүүхэд, залуу хойч үедээ сайхан ирээдүй бүтээж үлдээхийн төлөө чөмгөө дундартал зүтгэж хариулах болно.АН-аас С.Эрдэнэ, “Зөв хүн-Электорат” эвслээс Д.Энхбат нартаа улстөрийн ажилд амжилт хүсье. Гэр бүлд нь сайн сайхныг хүсэн ерөөе. Монголынхоо ард түмэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Монгол Улсын төлөө зүтгэе” гэсэн товчхон мэдээллийг хийв.

С.Эрдэнэ: Асар их луйврын эсрэг хүчин мөхөсдсөн

Энэ удаагийн Ерөн­хийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн С.Эрдэнэ сонгуулийн үр дүнтэй холбогдуулан өөрийн байр сууриа цахим хуудаснаа илэрхийллээ. Тэрээр “Ардчиллын туг сүлд нь болж тусгаар Монгол Улсынхаа баталгаа болсон АН-ын үнэнч шударга гишүүддээ баярласан талархсанаа илэрхийлье. Та бид асар их луйврын хар хүчний эсрэг хүчин мөхөсдсөн ч үзэл санаандаа үнэнч үлдэж чадсандаа бахархах ёстой! Та нар маань ардчиллын баатрууд шүү” хэмээн жиргэжээ.

Харин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Монгол улсад Ардчилсан, үнэн шударга сонгууль явагдахаа больжээ. Төсвийн мөнгөөр төрийн сонгууль хийдэг, төрийн хүчийг ашигладаг сонгуулийн тогтолцоо бий болсон байна. 2020, 2021 оны сонгуулийн хувьд МАН-ын сонгууль болсон. Сонгуулийг бодит мэтээр харагдуулахын тулд бусад улс төрийн намуудыг ашигласан. Үүнийг өөрчлөхгүйгээр 2024 оны сонгууль шударга болно гэж ярилтгүй. Аливаа их ялагдлын дараа их эвлэрэлд очдог” гэв.

Ардчилсан намын гишүүн О.Магнай “МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхэд баяр хүргэх болоогүй. МАН-аас хүмүүст мөнгө тараасан. Төсвийн мөнгөөр сонгуульд ялалт байгуулсан. Энэ хэвээрээ байвал нэг нам нь ялдаг, бусад намууд нь жүжгийн туслах дүрийг бүтээдэг болох юм” гэсэн юм.

Т.Доржханд: Манай эвслийн хувьд 1.5 тэрбумын зардал гарсан

Хөдөлмөрийн үндэсний намын дарга, УИХ-ын гишүүнТ.Доржханд “Монгол Улсын Ерөнхийлөгчийг зургаан жилээр сонгох сонгууль түүхэндээ анх удаа болж, төрийн тэргүүнээ амжилттай сонголоо гэж бодож байна. Энэ удаагийн сонгууль өмнөх 30 жилд болж байсан сонгуулиудаас маш ялгаатай боллоо. Маш зардал багатай сонгууль боллоо. Ерөнхийлөгчийн сонгуульд гурван нэр хүндтэй эрхэм өрсөлдсөн. ХҮН-аас Д.Энхбат өрсөлдлөө. Бидэнд саналаа өгсөн 250 мянган сонгогч нартаа талархлаа илэрхийлье.

Өнгөрөгч 2020 оны сонгуульд орон даяар оролцож байхад ХҮН-д 209 мянган хүн саналаа өгч байсан бол 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 250 мянган хүн саналаа өгсөн. Энэ бол биднийг дэмжигчдийн тоо өссөөр байна. Цаашид Монголын улс төрд шинэ салхийг салхилуулах, эрүүл зөв хүмүүсийг энэ эвслээс цаашид нэр дэвшүүлэх болно. Бодлого, улс төрийн үнэт зүйлээр өрсөлдөж чадна гэдэг итгэл үнэмшлийг авч чадлаа. Ялангуяа гадаад дахь иргэд сонгуульд идэвхтэй оролцлоо.

Гадаад дахь иргэдийн 75.4 хувь нь ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатад саналаа өгсөн байна. Энэ удаагийн сонгуулийн маш том онцлог нь манай эвслийн хувьд 1.5 тэрбумын зардал гарсан. Энэ бүх мөнгө хандиваар боссон. Гадаад дахь иргэдийн хандиваар цугласан. Мөнгөгүйгээр иргэдийн оролцоотойгоор сонгуульд оролцож болно гэдгийг харууллаа. Бид ялагдсан биш Монголын улс төрд ахиц түвшнийг оруулж чадлаа” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19