Улсын начин Э.Энхбатыг хэрцгийгээр зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан Олимдын аварга, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг цагдан хорих хугацаа дуусч, түүнд хилийн хориг тавин сулалсан билээ.
Түүнийг анх Дөрөвдүгээр сарын 2-нд саатуулсан ба энэ цагаас хойш шүүх цагдан хорих хугацааг гурван ч удаа сунгасан байдаг.
Н.Түвшинбаярыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, түүний биед гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж буй.
Н.Түвшинбаяр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн эмчилгээний бүхий л зардлыг хариуцна гэдгээ хэлсэн бөгөөд энэ нь түүнийг батлан даалтад гарахад ихээхэн нөлөөлжээ.
Мөн түүнийг алдаа оноотой нь хүлээж авна гэсэн Ерөнхий сайдын үг ч нөлөөлсөн байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Н.Түвшинбаярын МҮОХ-ны ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллуулна гэдгээ хэдийн зарлачихсан.
Хэдийгээр цар тахлын улмаас нэг жил хойшилсон ч олимп болдгоороо болно. Монгол тамирчдын хувьд “Токио-2020” зуны олимпийн XXXII наадам маш чухал. Монгол Улсын тамирчдын хувьд спортын долоон төрөлд 30 тамирчин Токиог зорихоор эрхээ аваад байгаа. Энэ чухал үед хэрэгт холбогдож, хариуцлагтай албан тушаалыг хашиж чадахгүй гэдгээ харуулсан хүнийг чөлөөлж, дараагийн хүнийг томилох нь зүйн хэрэг юм.
Дашрамд, хохирогч Э.Энхбат начин БНСУ-д эмчлүүлж байна. Начин эмчилгээ эхлүүлснээс хойш 40 гаруй хоногийн дараа ухаан орж эхэлсэн нь Н.Түвшинбаярын хувьд таатай мэдээ. Гэвч Э.Энхбат начны биеийн байдал муу хэвээр, тэрээр дохио зангаагаар өөрийгөө ойлгуулж байгаа ч мэдрэлийн төв систем ноцтой гэмтсэн учраас эрүүл саруул болж, хөл дээрээ буцаад босч чадна гэж эмч нар одоогоор хэлж чадахгүй байна. Мөн урт удаан хугацааны сэргээн засах эмчилгээ шаардлагатай гэж эмч нар хэлжээ.
Түүнийг эхнэр Б.Нандинцэцэг болон Н.Түвшинбаярын эхнэр хоёул сахиж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй