Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах нөхцөл хуулиар бүрэн бүрдсэнийг нотолж дахин мэдэгдэл хийлээ.
Тэрээр “МАН-ын зүгээс намайг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, оролцуулахгүй байгаа ядмаг үйл ажиллагаанд энэ шийдвэр огт хамааралгүй бөгөөд тэдний энэ арчаагүй үйл ажиллагаанд миний улс орныхоо төлөө зүтгэх цаашдын үйл ажиллагаанд огтхон ч саад болохгүй.
Нэр дэвших дахин сонгогдох зэрэг нь улс үндэстний нийтлэг эрх ашгийн дэргэд өчүүхэн зүйл юм.
Монгол улсын төрийн тэргүүний албыг хаших хувь тохиосныг өөрийн үндэстэн, төрийн төлөө хуулийн засаглалтай цэгц шударга нийгмийг зогсоохын төлөө ажиллах боломж хэмээн харж өргөсөн тангарагаа үл умартан үүргээ хэрэгжүүлж ирлээ.
Монгол улс өнөөдөр улстөр, нийгмийн болон оюун санааны гүн гүнзгий хямралд орсны гол буруутан нь МАН мөн. Ардчилсан шинэ хууль батлагдсанаас хойш 29 жилийн 21 жилд нь МАН дангаараа төрийн эрхийг барьж, төрийн байгууллагуудыг удирдсан. Үр дүнд нь улсын өнөөгийн байдал, таны ахуй амьдрал, эрүүл мэнд юм. МАН буруугаа бусад руу жихэх ямар ч эрх байхгүй.
МАН өнөөдөр тарах үндэслэлээ бүрэн хангасан. МАН-ын даргын зөвшөөрөлгүйгээр ҮАБЗ хуралдаж чадахаа больсон. Цар тахлын үеийн нөхцөл байдлыг хэлэлцэн дүгнэхээр удаа дараа ҮАБЗ-ын хурал зарласан ч ирц бүрдээгүйгээс хуралдаж чадахгүй байна.
МАН-ын дарга У.Хүрэлсүх нь өөрөө тэргүүлэн Монгол цэргийн холбоо гэх байгууллагыг байгуулж өөрийн намын бүтцээр аймаг, орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэх засаг даргын болон төрийн байгууллагатай нэгтгэн зохион байгуулж байгаа нь цэрэгжсэн бүтэц үйл ажиллагаа болж буйг бүрэн нотолж байна.
Монголчууд мөнх хөх тэнгэрийнхээ дээр улстөрийн намыг залах учиргүй. Монгол төрөө хамгаалах цаг иржээ.
МАН-ыг тарааснаар хэдхэн бусармаг удирдагчдын дангаар хязгааргүй ноёрхлын чөтгөрийн тойрог, аалзны тор гэж нэрлэгдсэн сүлжээнээс ангижран салж, төр улс эх орон, үр хүүхэд, хойч үеийнхээ төлөө зүтгээсэй гэж та бүхнээс хичээнгүйлэн хүсэж байна” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй