Хилийн заставт цэргүүд буудалцаж, Х.Нямбаатар сайд энд архи граммлах …

2021-04-09 598 0

Хилийн цэргийн алба хаагчдын үйлдсэн хэрэг олныг цочирдуулаад байна. Хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргаа буудчихаад зэвсэглэн оргожээ. Хохирогч болох харуулын дарга нь гэр бүлтэйгээ хилийн заставт ажиллаж амьдардаг, ахлагч цолтой алба хаагч байж. Ахлагчийн зүгээс алба хаагч нарт ямар нэг шахалт дарамт үзүүлж байгаагүй, тийм зан араншингүй хүн байсан тухай ХХЕГ-ын дарга мэдээлэв.  

Харин хэрэг үйлдсэн алба хаагч нар нь Ховд, Орхон аймгаас цэргийн албанд татагдаж ирсэн, 18-19 насны залуус. Хэрэг үйлдсэнийхээ дараа 50 сумтай байлдааны буу, ойролцоох айлаас хүнс болон мотокикл аваад ууланд гарсан. Оргосон цэргүүдийг эрэн сурвалжлах ажиллагаа өчигдөр шөнөөс эхлэн явагдаж байгаа.   

Болсон явдлын талаар ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав мэдээлэл хийхдээ “Ганцхан жилийн цэргээр хилээ мануулах нь эрсдэлтэй болж байна. Ядаж хоёр жил алба хааж байж цэргийн үүрэгтний бэлтгэлийг олдог. Цаашдаа хүнээр биш, техник технологиор хилээ хамгаалдаг болох шаардлагатай” гэж ярив. Танил сонсогдож байна. 

2012 оны сонгуулийн дараа Н.Алтанхуягийн Засгийн газарт Хууль сайдаар ажилласан Х.Тэмүүжин тухайн үед хилийн цагдаа буюу мэргэжлийн цэрэгтэй болох тухай ярьж, хуулийн төсөл хүртэл бичиж байлаа. Энэ сэдвийг хамгийн их эсэргүүцэж, унагасан хүн нь аанай л Ц.Нямдорж. “Америкийн, гадаадын юм хууллаа, Чи юугаа мэддэг юм. Амьдрал мэдэхгүй, онол ярилаа” гэж баахан шүлсээ үсчүүлсэн байдаг юм. Гэтэл Ц.Нямдоржийн онол гээд байгаа юм нь шинжлэх ухаан шүү дээ. Амьдрал ч гэсэн шинжлэх ухаанаар урагшилдаг. Тэрнээс хойш энэ сэдэв бараг хаагдсан. Харин шинжлэх ухаангүй “хар” практик ярьсан нөхөд салбараа урашглуулахын төлөө хуруу ч хөдөлгөөгүй.

Өмнө нь мөн л хилийн манаанд гарсан цэрэг буутайгаа оргож, олон хоног эрэн сурвалжилсны эцэст хилийн цаанаас өөрийгөө хорлосон байдалтай олдсон. Өөрийгөө бууджээ л гэж тухайн үед мэдээлээд өнгөрсөн боловч үнэхээр буудсан уу, эсвэл буудуулсан уу, анхнаасаа оргосон юм уу, эсвэл төөрсөн үү? гэдгийг тодруулаагүй. Жилийн жилд энэ төрлийн гэмт хэрэг, эмгэнэлт явдал гардаг. Нэг хэсэг л шуугиад, ар гэрт нь нөхөн олговор өгсөн болоод мартагддаг. 

Өчигдөр болсон явдлын тухайд ч гэсэн бодит байдал дээр юу болсон, хэн нь буруутай байсан, ямар сэдлээр гэмт хэрэг үйлдсэнийг бид мэдэхгүй. Нэг нь амь үрэгдсэн. Нөгөө хоёр амьд мэнд олдох эсэхийг бид мэдэхгүй. Адилхан л айлын хүүхэд, аавын хөвгүүд. Ганцхан эх орны төлөө тангараг өргөсөн эр цэргүүд яагаад бие биенийхээ аминд хүрээд байна вэ? гэдэг л асуудал.

Анхнаасаа гурван жилийн цэргийг нэг жил болгосон нь ч гэсэн мэргэшсэн цэрэг, цомхон армитай болох төрийн бодлого байсан. Харамсалтай нь тэр бодлого одоо болтол хэрэгжээгүй. Хилийн цэргийг хилийн цагдаа болгох, мэргэжлийн цэргээр хилээ хамгаалах Х.Тэмүүжиний бодлого ч гэсэн түүний нэг байсан. Харин түүнээс хойш гарч ирсэн сайд нар ямар бодлоготой орж ирсэн бэ? Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт жишээ нь ямар бодлого байна вэ?

Сая хил дээр гарсан гэмт хэрэг бол салбарын сайдын ажилд тавьсан бас нэг дүн. Чуулганы танхимд архи граммлах тухай яриад хөөсөрч суухын оронд харьяа агентлаг, байгууллагууд руугаа ороод ажиллачихдаг, асуудлаа олж хараад, шийдээд явдаг бол яалаа гэж… 

Эх сурвалж: Б.СЭМҮҮН INEWS.MN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говь-Алтай аймгийн Засаг дарга сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгох захирамж гаргажээ

Говь-Алтай аймаг сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон зарлажээ. Улсын хэмжээнд х

2024-11-25

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19