Шинэ оны эхээр Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа тухай мэдээ цацагдаж эхэлсэн. ЦЕГ-ын албан ёсны сайтад мэдээлснээр Ч.Сайханбилэг нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан ажлын хэсгээс эрүүгийн 1802001240165 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тодорхой хүнтэй уулзахыг хориглох” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаны дараа буюу 2019 оны 08 дугаар сард хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй дээрх ажлын хэсгийн мөрдөгч нарт мэдэгдэлгүйгээр Монгол Улсын хилээр гадагш зорчин, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд заасан яллагдагчийн үүргийг зөрчсөн тул түүнийг эрэн сурвалжилж байна гэж байв. Дараахан нь түүний тухай Олон улсад нэр хүндтэй хуулийн фирм Amsterdam & Partners LLP-ээр өмгөөлүүлэхээр болсон мэдээ түгсэн.
Харин Ч.Сайханбилэг өөрийн нүүр номдоо “Гүтгэлэг бүхэнд хариулт өгнө. Зугтаасан гэх зохиолтой жүжиг хэзээ дуусах вэ? Өмгөөлөгчөөрөө дамжуулж тогтмол хууль хүчний байгууллагатай холбоотой ажиллаж байгаа. Улс төрийн зохиомол жүжгийн гол дүр нь болж хэлмэгдэх ёстой бол төрийн хамгаалалт нь хамт явж байгаа эхлээд та бүхэн шаардлагын дагуу шалгалтаа хийнэ үү” хэмээн бичиж байв.
Тэгвэл өнөөдөр ЕТГ-ын дарга З.Энхболд ажлаа өгөх болсон тухайгаа ярихдаа Ч.Сайханбилэгийн талаар гараад буй “Гадны орноос иргэншил хүссэн” гэх мэдээллийг “Үнэн” болохыг батлав.
З.Энхболд “Ч.Сайханбилэг иргэншил хүсээд, гадаадын хуулийн компанид хандсан. Мөн манай энд байгаа ЭСЯ-нд нь хандсан байсан. Ч.Сайханбилэг ирээд шалгуулаад үнэн зөвөө олчих хэрэгтэй. Зугатаах шаардлагагүй. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нь намын бодлогогүйгээр хувиараа ажилласан. Эрдэнэтийн 49 хувийг ХХБ-нд найр тавин өгч, Монгол Улсын эдлэх байсан давуу эрхийг эдлүүлээгүйнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Тэр шийдвэр нь Ардчилсан намтай ямар ч холбоогүй” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй