Генерал Б.Хурцын мэдэгдэл ба С.Зоригийн аллагын хэргийг буцаах нь

2021-03-22 734 0

ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц хэвлэлд ярилцлага өгчээ. Түүний энэ ярилцлага хэргийг гогцоог Хууль зүйн сайд асан, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын ХЭГ-ын дарга Ц.Нямдорж руу хөтөлсөн байна.

Тэр энэ тухай “Ц.Нямдорж бол хувийнхаа эрх ашгийг намын эрх ашиг болгож ирсэн хүн” хэмээн ярьжээ. Өөрөөр хэлбэл, Ц.Нямдоржийн С.Зоригийн аллагын хэргийг баллуурдахын төлөө бүх хүчээ тавьж ирсэн, одоо шүүхээр ял шийтгүүлсэн хэргийн холбогдогч нартай дотносож, хэргийг задлах гэж улайрч буй явдал нь МАН-ын эрх ашиг байсан уу, эсвэл хувийнх нь эрх ашиг уу гэдгийг ялгаж салгах ёстой гэсэн үг.

Энэ сарын 8-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Нямбаатар хэвлэлийн бага хурал зарлаж, хорих ангид ял эдэлж байсан Т.Чимгээг оролцуулсан билээ. Хэвлэлийн бага хурлын үеэр Т.Чимгээг мансууруулан хурууны хээ, биен дээрх содон тэмдэг мэт биеийн өгөгдлүүдийг авч буй гүйцэтгэх ажлын нууц бичлэгийг үзүүлж, “Энэ бол хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж буй хэрэг. Ийм үйлдэл хийсэн хүмүүсийг шүүх яллаж чадахгүй байна” гэх мэтчилэн ярьсан билээ. Мөн ингэж эрүүдэн шүүх замаар олж авсан нотлох баримтыг хүчингүй болгож, Т.Чимгээг суллана, эрүүдэн шүүсэн явлыг “шинээр илэрсэн нөхцөл байдал хэмээн үзэж С.Зоригийн хэргийг дахин шалгана гэж мэдэгдээд байгаа.

Харин ТЕГ-ын дарга Б.Хурц энэ удаагийн ярилцлагаараа өмнө зах зухаасаа мэдээлэгдсэн боловч олны нүд, чихнээс алсраад байсан бас нэг мэдээллийг дахин олны анхааралд оруулж ирсэн байна.

Тэр нь ТЕГ-ын дарга Б.Хурцыг ажлаа өгсний дараа буюу 2017 онд Ц.Нямдоржийн ойрын хүн /мэдээж гэр бүлийн хүн биш/ Б.Содномдаржаагийн ээжтэй утсаар ярьж, “Б.Хурцыг бид зайлуулчихлаа. Одоо та нар сайн гишгээд өгөөрэй” гэх мэтээр ззааж зааварласан бичлэг С.Зоригийн хэргийн хэргийн материалтай хамт ҮАБЗ-д танилцуулагдсан тухай ярьжээ.

Өөрөөр хэлбэл, бүр тэр үеэс Ц.Нямдорж энэ хэргийн холбогдогч нартай холбогдож, хэргийг буцаахаар гар хөлөө хөдөлгөж эхэлсэн гэсэн үг.

Үүнээс хойш хоёр жилийн дараа буюу 2019 оны гуравдугаар сард Ц.Нямдорж нар “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн” тухай төрийн ордонд мэдээлэл хийж, Төв аймгийн цагдан хорих төвд хийсэн гүйцэтгэх ажлын бичлэгийг үзүүлсэн билээ. Гэвч уг хэрэгт хяналт тавьж ажилласан прокурор Г.Эрдэнэбат Ц.Нямдоржийн эсрэг өөр нэг баримтыг дэлгэсэн юм. Тодруулбал, С.Зоригийн аллагын хэргийг шүүхээр хэлэлцэж эхлэхээс өмнө буюу хэргийг мөрдөн шалгах явцад Ц.Нямдоржийн ойрын хүн цагдан хорих байранд очиж хэргийн сэжигтнүүдтэй уулзсан. Хэргийн мөрдөн шалгалтанд сайд хийх гэж оролдсон. Түүний дараа Ц.Амгаланбаатар нар мэдүүлгээсээ буцаж эхэлсэн. Энэ тухай мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн гүйцэтгэх ажлын буюу тагнуулын нууц материалд бий гэж.

Харамсалтай нь Ц.Нямдорж сайд энэ мэдээллийг няцаагаагүйгээр барахгүй аль болох тойрч зугтсаар өдий хүрсэн билээ. Мөн У.Хүрэлсүхийн Засгийн газарт Хууль зүй, дотоод хэргийн сайдаар эргэж ирмэгцээ захиалагчийн хэрэг дээр ажиллаж байсан тагнуул, цагдаа, прокурорын хамтарсан ажлын хэсгийг тараасан дотор өөртэй нь холбоотой дээрх баримтууд ч гэсэн устгагдсан байх магадлалтай. Тэгэхээр Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нарын хувьд ямар баримтыг нь нууцлаад, ямар баримтыг нь нууцаас гаргаад зарлаад байна вэ? гэдэг ч бас анхаарал татна. Б.Хурц өөрөө хүртэл “Энэ хэргийг нууцаас гаргаж өгөөч ээ” гэсэн байна.

Түүнийг Засгийн газартаа урьж ажиллуулсан Л.Оюун-Эрдэнэ сайд ч гэсэн үүнийг үл хараач, мэдээч болж, Т.Чимгээгийн “улаан хамгаалагч” болсонд ямартай ч өөрийнх нь хувийн эрх ашиг байхгүй байх. Магадгүй “Намын эрх ашиг” гэж харж байгаа байх. Хэрвээ С.Зоригийн хэргийн захиалагч илэрвэл манай намын эрх ашигт муугаар нөлөөлнө гэж харж байгаа байх.

Гэвч нэг зүйлийг дахиад сануулахад Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг “улс төрийн зүтгэлтний амь насыг бүрэлгэсэн” гэдэг зүйл ангиар яллаагүй юм шүү дээ. Санаатай хүн амины хэргээр ялласан. Өөрөөр хэлбэл, С.Зоригийг улс төрийн зүтгэлтнийх нь хувьд хөнөөсөн улс төрийн аллага биш юм байна. Магадгүй хувийн сэдэлтэй санаатай гэмт хэрэг байна гэж ялласан. Тэгэхээр захиалагчийг хайх чиглэл ч гэсэн өөрчлөгдөнө гэсэн үг. Харин хэргийн захиалагч руу хөтлөх гол хүн нь Т.Чимгээ байж магадгүй.

Магадгүй ийм шалтгаанаар Ц.Нямдорж сайд Т.Чимгээг суллуулахаар улайран хөөцөлдөж байж ч болох юм. Т.Чимгээ захиалагчийн хэргийг задалж магадгүй гэсэн болгоомжлол, магадгүй Т.Чимгээ хэргээ хүлээж магадгүй гэдэг мэдээллийг авсны үндсэн дээр Т.Чимгээг ямар ч аргаар хамаагүй суллах шаардлага бий болсон байж болох юм.

Харин захиалагчийн хэргийг бүдгэрүүлэх нь МАН-ын эрх ашиг байсан уу, Ц.Нямдоржийн эрх ашиг байна уу? гэдгийг Л.Оюун-Эрдэнэ одоохондоо мэдэхгүй ч байж магадгүй.

Ярилцлагын дэлгэрэнгүйг Энд-ээс үзнэ үү. /Хошууч генерал Б.Хурц: Ц.Нямдорж бид хоёрыг түүх шүүнэ. Тэр үед хэн нь Монголдоо үнэнч явсан бэ гэдэг тодрох биз/

Б.СЭМҮҮН inews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19