Эрүүл мэндийн сайд С.Энхболд тусгаарлах байранд нас барсан иргэний талаар болон бусад асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Энэ үеэр “Иргэд вакцинаа сонгож хийлгэх үү” гэсэн асуултад “Иргэдийн дунд буруу ойлголт яваад байх шиг байна. Манай улс дөрвөн вакциныг зөвшөөрсөн. Хүний эмийн зөвлөлөөс AstraZeneca, Спутник, Синофарм, Pfizer гэсэн дөрвөн вакцинд зөвшөөрөл өгсөн. Иргэд эдгээр вакцинаас сонгож хийлгэнэ гэж ойлгоод байгаа.
Вакцин хийлгэхээс өмнө эмч үзээд харшил, даралт зэргээс шалтгаалан эмнэлгийн заалтаар сонгож хийх болохоос биш иргэдээр өөрсдөөр нь сонгуулна гэсэн үг биш юм.
Зөвхөн заалтаар хийж байгаа. Очиход нь дөрвөн вакцин байна, түүнээс сонгож хийлгэнэ гэдэг зүйл байхгүй. Жишээ нь, Спутник, Синофармыг 65-аас дээш насныханд хийж болно, харшил, урвал бага өгдөг” хэмээн хариуллаа.
Мөн тусгаарлах байранд нас барсан иргэний талаар “Монголика зочид буудалд тусгаарлагдаж байсан 70 настай эмэгтэй нас барсан. Талийгаач Төв аймагт оршин суух хаягтай бөгөөд коронавирусийн халдвартай иргэний ойрын хавьтал болсон.
Иймд гуравдугаар сарын 11-нд тус зочид буудалд тусгаарлагдсан. Маргааш нь PCR шинжилгээгээр талийгаач халдвар аваагүй болох нь батлагдсан.
Тусгаарлах байранд ирэх үед нь СЭМҮТ-ийн эмч үзлэг хийсэн. Үзлэгээр хөнгөн хэлбэрийн ой тогтоолт алдагдалтай, сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн дүгнэлт гарсан. Талийгаач төв аймаг дахь гэртээ ганцаараа амьдардаг. Мөн ойрын хавьтал болсон учир журмын дагуу долоо хоног Монголика зочид буудалд тусгаарласан. Өдөрт 4-5 удаа эмчийн үзлэгт оруулсан ч өчигдөр гэнэт нас барсан. Хэрвээ ар гэрийнхэн нь хүсэлт гаргавал задлан шинжилгээ хийж, нас барсан оношийг эцэслэнэ. Урьдчилсан дүгнэлтээр талийгаач зүрх судасны суурь өвчлөлтэй байх магадлалтай” гэсэн хариулт өгсөн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй