Тун удахгүй ирэх сарын 1-нд МАН-ын 100 жилийн ой болно. Тус ойг МАН төдийгүй МАХН өмчлөх гэж оролддог. Тэгвэл тус хоёр намын удирдлагууд ойрын үед хоорондоо уулзалт хийсээр байна. Эхлээд эрх баригч МАН-ын генсек Д.Амарбаясгалан, МАХН-ын генсек С.Тулга нар уулзсан бол өчигдөрхөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАХН-ын дарга Н.Энхбаяр нарыг хүлээн авч уулзжээ.
МАН-д МАХН-аа нэгтгэх нь Н.Энхбаярт ашиггүй нь мэдээж. Тиймээс нэгдэх гэхээсээ илүүтэй эвсэх сонирхол өндөр байгаа байх. Ингэж эвсвэл МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийг МАХН дэмжих, эргүүлээд МАХН-аас Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг Сонгинохайрхан дүүрэгт болох УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж, дэмжих үүргийг МАН хүлээх байх.
Тэдний энэхүү тохиролцоог МАХН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон С.Ганбаатар дэмжихгүй, бие даагч болохоо мэдэгдсэн гэлцэж байна. Харин Н.Энхбаяр өөрөө их улстөрд эргэн ороход хэцүүдсэн тул ядаж хүүгээ улстөрд гүн оруулж УИХ-д сонгуулаад авах боломжийг алдахыг хүсэхгүй байгаа нь тодорхой байна.
МАН-ын генсек Д.Амарбаясгалан өнгөрсөн долоо хоногт намаасаа хасаад байсан С.Мөнхчулууныг намдаа эргүүлэн авч өөрөө намын батлахыг нь гаруулсанаа жиргэсэн. Энэ нь МАХН-тай хийж буй хэлэлцээнд нь ч хэрэгтэй байх. Учир нь С.Мөнхчулуун ч Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд хүч үзэх сонирхолтой, тэр тусмаа бие дааж биш МАН-аасаа нэр дэвших хүсэлтэй нь тодорхой. Гэвч хоёр нам эвсвэл С.Мөнхчулуунд албан тушаал, нэмэх нь ирэх 24 оны сонгуульд нэр дэвших квот өгөөд энэ удаа өнжүүлэх байх.
Эх сурвалж:gereg.mn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй