Хорьдугаар зууны Монголын шилдэг сэхээтнүүд болох алтан ургийнхан, шашин төрийн төлөөлөл болсон эх оронч Ерөнхий сайд нарын хувь тавилан эмгэнэлтэйгээр төгссөн.
Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө амь бие хайргүй зүтгэсний эцэст цаг бусаар хорлогдож, хилсээр цаазлуулсан Ерөнхий сайд Т.Намнансүрэн, Манзушир Цэрэндорж, Д.Чагдаржав, Д.Бодоо, Ц.Жигжиджаваас эхлээд хожмоо хойд хөршийн хэлмэгдүүлэлт илэрхий цагаандаа гарсны гороор Зөвлөлтөд хүргэгдэн цаазлуулсан А.Амар, П.Гэндэн нар цөм хэлмэгдсэн. Зөвлөлтөд нэг насаар үнэнчээр зүтгэн, хүргэн орсон Ю.Цэдэнбал ч нас барахын өмнө гэрийн хориогоор хөлөө тушуулж, амаа хамхиулсаныг бид мэднэ.
Өнөөдөр тэдгээр ерөнхий сайд нарын хэн ч гэмт хэрэгтэн байгаагүйг түүх нотлон цагаатгасан ч бид ухаарал, сургамж авсангүй.
Өнгөрсөн зуунд хэлмэгдсэн Ерөнхий сайд нарын эмгэнэлт тавилан энэ зуунд давтагдлаа. Хорьдугаар зуунд цаазаар авахуулсан бол хорин нэгдүгээр зуунд шоронд ордгоороо л ялгаатай байна. Эдүгээ хэрэгт холбогдсон Ерөнхий сайд нарын хөрөг нь Төрийн ордонд заларч, бие нь шоронд данслагдаж байгаа нь эрүүл, хэвийн үзэгдэл мөн үү?
Мэндсайханы Энхсайхан /шүүхийн шийдвэрээр хорих ангид ял эдэлж байгаа/
Хамгийн түрүүнд М.Энхсайхан гэдэг улс төрийн хоригдолтой болов. Тавантолгойд мега төсөл хэрэгжүүлэхээр Засгийн газрын тогтоол болон гэрээний төслийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д танилцуулсан боловч хэлэлцэхгүй буцаасан үйл явдалд түүнийг буруутгасан. Гэрээний төсөл боловсруулахад оролцсон олон ажлын хэсгийн нэгийг ахалсан гэх хэргээр хамтын шийдвэрийн төлөө ганцааранг нь сугалан ялласан. Хэрэгжээгүй төслийг боловсруулахад оролцсоны төлөө хэд хэдэн хүнд гэмт хэрэгт буруутгагдаж эцэст нь автомашины маргаантай үнэлгээний асуудлаар нэмж яллуулан 4 жилийн хорих ял шийтгүүлсэн.
М.Энхсайхан нь өдгөө Хүүхдийн хорих ангид номын сан цэвэрлэхийн зэрэгцээ хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх ажлаа үргэлжлүүлж байна. Түүнийг өр хатуу, өсөрхүү зуумтгай улс төрчийн хувийн зуултад орсон гэж үздэг бөгөөд Хорлон сүйтгэх гэсэн зүйл ангийг хэрэгсэхгүй болголгүйгээр мөрдөн байцаалтад буцаасан нь М.Ходорковсийд хэрэглэсэн “шоронд хорьж байгаад нэмж ял өг” гэх Оросын хэлмэгдүүлэлтийн технологийг нэвт үнэртүүлдэг.
Санжаагийн Баяр /шүүхийн шийдвэрээр хорих ангид ял эдэлж байгаа/
Петровис компани Оюу толгойн төсөлд 2002 оны хайгуулын шатнаас эхлэн шатахуун нийлүүлж байсан, мөн 2006 оноос АНУ-д үл хөдлөх эд хөрөнгийн бизнес эрхэлж байсан. Гэвч хэзээ хойно 2009 онд батлагдсан Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээгээр шатахуун нийлүүлэх давуу байдал олгосон гэх үндэслэлээр С.Баярыг ял шийтгэсэн. Улаанбаатараас 700 км алсад байрлах Оюу толгойд тээвэрлэлтийн зардал тооцохгүйгээр Улаанбаатараас өндөр үнээр шатахуун нийлүүлж хохирол учруулсан гэж дүгнэлт гаргасан шинжээч нар өнөөдөр өөрсдөө хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа.
С.Баяр нь дүүргийн шүүхээс 5 жилийн хорих ял, Нийслэлийн шүүхээс 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн бөгөөд Улсын дээд шүүхэд гомдол гаргахгүйгээр ялыг биечлэн эдэлж эхэлсэн нь “надаас болж намын нөхөд минь барьцаалагдаж, бие муу багын найз минь эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж хорих ангид хэлмэгдэн суух ёсгүй” гэсэн байр сууринаас нь үүдэлтэй. Шоронд багын найзаа үхүүлж, хүний өрөнд орохгүйн тулд хэргээ цагаатгуулах боломжоос сайн дураар татгалзаж өөрөө ялаа эдэлж шазруун зангаа үзүүлсэн. Түүнийг шоронд хорьж дөнгөсөн богино зайн “аз нь шовойсон” жижиг улс төрч бүү хэл түүний цаадхи нь С.Баярын үзэл бодол, итгэл үнэмшлийг нугалж дийлэхээргүй зангарагтай эр хүн гэж үнэлэгддэг.
Сүхбаатарын Батболд /эрүүгийн хэрэг үүсгэхийн өмнөх үе шат/
Хорвоогийн хамгийн муу хүн, оффшорчин гэж хэвлэлээр цоллож гэмт хэрэгтэн гэх хөрсийг урьдчилан бэлтгэсний дараа ёс мэт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж нийгмийн сэтгэл зүйд тохируулан шүүхээр гэм буруутайг ёсчилдог танил дүр зураг давтагдаж байна. Түүнийг гэмт хэрэгт ээрч эхэлсэн ч эрхбиш хэрсүүжсэн иргэдийн хувьд энэ хэлмэгдүүлэлтийн технологийг танихад тийм ч бэрх биш.
Чимэдийн Сайханбилэг /яллагдагчаар татагдсан/
Түүнийг Дубайн төлөвлөгөөг баталсан, Таван толгойн төслийг УИХ-д танилцуулсан, Эрдэнэтийн 49 хувийг Монгол Улсад авчирсан хэрэгт буруутгадаг. Зарим нь Ч.Сайханбилэгийг хамт ажилласан нөхдөө орхин голын цаанаас хашхирч байна гэж буруутгадаг боловч шинэ Эрүүгийн хуулийн ял давхарлах зарчмаар 10 жилээс багагүй ял авч бусдын бах тавыг хангах хэрэггүй гэсэн байр суурийг нь уучилж болно. Шударгаар өрсөлдөх замаас ухарч бохир аргаар улс төрийн өрсөлдөгчөө зайлуулах, яллахын золиос болсон улс төрч гэж үздэг. Өдгөө гадаадад гарсан ч өөрийн цахим хуудсаар дамжуулан Цагаан номоо гаргаж, хараат бус, хууль дээдэлсэн шударга шүүх, хүний эрх, эрх чөлөөний үнэ цэнийн талаар үзэл бодол итгэл үнэмшилээ илэрхийлсээр байгаа.
Жаргалтулгын Эрдэнэбат /яллагдагчаар татагдсан/
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэрээр шүүхийг дарамталж, улмаар шүүхээр дамжуулан төрийн эрх барих дээд байгууллага болсон парламентыг барьцаалахын тулд түүнийг “үзүүлэн болгон цовдолжээ”. Энэ бол УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй байсан ч хорьж болно гэж бусдад үлгэрлэсэн жишээ юм. УИХ-ын гишүүн байхдаа хоригдсон, мөн шоронгоос нэр дэвшиж сонгогдсон ч тангаргаа өргөж чадаагүй анхны тохиолдол болсон. Энэ нь Олон улсын парламентын холбооны зүгээс УИХ-ын гишүүн С.Зоригийн 1998 оны аллагаас хойш 2 дахь хэрэг болж хэрэг үүсгэн шалгагдах үндэслэл болсон. Монголын улс төрийн барьцаалах шантаажлах, дарамтлах улс төрийн увайгүй арга, хүчирхийллийн золиос болсон гэж үздэг бөгөөд өнөөдрийг хүртэл хоригдож байгаа.
Ухаарал, сургамж
Монголын төрд сүүлийн 25 жилд хугацаанд дунджаар ердөө жил хагасын хугацаатай 16 Ерөнхий сайд солигдсоноос цаг бусаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн Ж.Наранцацралтыг эс тооцвол ажлаа өгсөн бүх ерөнхий сайд нар гэмт хэрэгт шалгагдсан, ял шийтгүүлсэн байх юм. Ял шийтгэлээ эдэлсэн Н.Энхбаяр, яллагдагчаар татагдсан Ц.Элбэгдорж, өөрийг нь эрүүгийн хэрэгт ороох зорилгоор ойр дотны хүмүүсийг нь улс төрийн зорилгоор ял шийтгэсэн М.Энхболд, Н.Алтанхуяг гээд урт цуваа хөвөрдөг. Н.Алтанхуяг аргаа барахдаа “шударга бусын хонгил” гэх нэр томьёог анх олон нийтэд хүргэж байсан.
Үлдэж буйгаас өнөөдрийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, мөн огцроод удаагүй байгаа У.Хүрэлсүхийг буруутгах, харлуулах тоолуур хараахан гүйж эхлээгүй байна (С.Баярыг ажлаа өгсөнөөс 11 жилийн дараа ялласан, Сү.Батболдыг 10 жилийн дараа ээрч эхэлснийг бүү мартаарай). Зуун дамнасан дээрх жишгээр тэднийг заавал буруутгах зүй тогтол байсаар байвал өнөөдрийн Ерөнхий сайд нар ч ирээдүйд их олон буруутгалыг үүрэх вий.
Харьж буй улс төрчдийн сүүдэр дээр дэвслэгчид, эсхүл улс төрийн өрсөлдөгчөө зүй бус аргаар зайлуулах нь сүүлээ идэх могой лугаа адил чөтгөрийн тойрог үүсгэж, харлуулан буруутган хонзонгийн улс төр хийсний харгайгаар бусад харь гүрний идэш болж байгаа нь эрүүл үзэгдэл мөн үү? Тэр ч бүү хэл шударга бусын хонгилоор орж гашуун зовлонг нь амссан Ерөнхий сайд нар ч хонгилын шинэ эзэнд үйлчилж, бусдадаа өсөрхөх нь энгийн үзэгдэл болжээ.
Монголын орчин цагийн Ерөнхий сайд нар бүгдээрээ гэмт хэрэгтэн, улс орноосоо урвагчид мөн гэж үү? Нэгэн цагт иргэдийн итгэлийг хүлээж эрх баригч намын даргаар ажиллаж явсан тэд хожим бүгд гэмт хэрэгтэн гэж адлагдах тавилантай юу? Гэмт хэрэг үйлдсэн бол ял шийтгэл гарцаагүй байх нь зүйн хэрэг. Харин хийсэн ажил бүрийг хожим харлуулж улс төрийн зорилгоор гэмт хэрэгт хүчээр яллах бол яавч зөв биш.
Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор улс орныхоо эдийн засгийн тусгаар тогтнолын төлөө томоохон мега төслийг эхлүүлсэн, гацаанаас гаргасан, хэрэгжүүлэхээр зорьсон Ерөнхий сайд нар лавтай нар үзэхгүй, зарим нь эх орондоо ирж чадахгүй нь тодорхой боллоо. Улс төрийн дотоод тэмцэл, түүнийг ашигласан гадны явуулгын хөлд нэр төртэйгээр төрийн шийдвэрийг биелүүлэн ажлаа хийж явсан гэм зэмгүй хэдэн арван төрийн албан хаагчид үрэгдэж улс төрийн золиос болж хоригдож хохирч байгааг дуугүй хараад өнгөрөх нь зөв үү.
Эсхүл түүх цагаатгах нь цаг хугацааны асуудал гээд зүгээр харсаар суух уу?!
Хуульч Б.Баяраа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй