Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 1990 оноос хойш салбарын сайдаар ажиллаж ирсэн үе үеийн сайд нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Боловсролын сайд Н.Уртнасан, Шинжлэх ухаан, Боловсролын сайд С.Төмөр-Очир, Гэгээрлийн сайд Ч.Лхагважав, А.Баттөр, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Ө.Энхтүвшин, Н.Болормаа, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Г.Чулуунбаатар, Ц.Цогзолмаа, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн нар оролцлоо.
Уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Боловсрол, шинжлэх ухааны салбарын 100 жилийн ой тохиож байгаа энэ үед томилогдон ажиллаж байгаадаа би өөрийгөө азтай сайд гэж бодож байна.
Өнгөрсөн хугацаанд нийт 38 сайд ажиллаж, сүүлийн 20 жилд 18 сайд томилогдон ажилласан байна. Бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан гурван сайд байдаг юм байна. Ингээд бодохоор нэг сайд дунджаар 4-6 сар ажил үүргээ явуулсан байгаа юм.
Энэ бол сайд нарын буруу биш. Харин үүнийг Монгол Улсын бодлого, сонгуулийн тогтолцоо, нийгмийн гажиг гэж харж байгаа. Уламжлалгүйгээр шинэчлэл гэж байдаггүй. Тиймээс өнөөдөр сайд нарынхаа саналыг сонсъё гэж зорьсон. Би ажлаа аваад хэд хэдэн зүйлийг олж хараад байна.
Өнөөдөр боловсрол, шинжлэх ухааны салбарт 101,390 хүн ажилладаг. Энэ бол нийт төрийн албан хаагчийн 40 гаруй хувь юм. Иймд төрийн албаны шинэчлэлийг манай салбараас эхэлж болохоор байна.Мөн боловсролын салбарт 1,7 их наяд төгрөгийн санхүүжилт хийгддэг. Үүнийгээ багш, хүүхдүүддээ зориулъя. Ерөнхий боловсролын сургуульд олгодог санхүүжилтээс болж ялгаа үүсч эхэлсэн. Төр өөрөө ялгааг бий болгож болохгүй. Шинжлэх ухааны салбар, их, дээд сургууль, хүрээлэнгүүдийн хамтран ажиллах сэтгэлгээ хангалтгүй байна. Боловсролын тогтолцоо ийм байхад бид санхүүжилтийг нэмсэн ч бодит байдал өөрчлөгдөхгүй. Тиймээс энэ бүгдийг шинэчилнэ. Энэ Засгийн газар боловсрол, шинжлэх ухаан, инновацийн салбарт анхаарч, улс төрийн дэмжлэг үзүүлж, УИХ-ын гишүүнийг давхар Боловсрол, шинжлэх ухааны сайдын үүргийг хаших томилгоо хийсэн” гэдгийг онцоллоо.
Эх сурвалж: БШУЯ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй