Монголын бөхийн холбооноос Нийслэлийн засаг даргад сар шинийн бөхийн барилдааныг орон нутагт үзэгчгүй зохион байгуулах хүсэлт гаргажээ.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Д.СУМЬЯАБАЗАР ТАНАА
Хүсэлт гаргах нь
Монгол түмний уламжлалт сар шинийн бөхийн барилдаан цар тахлын улмаас Улаанбаатар хотод хөл хориог тогтоохтой холбогдуулан УОК-оос зохион байгуулагдах боломжгүйг зарлалаа. Дэлхий нийт энэхүү шинэ төрлийн цар тахлыг сөрж, түүнтэй зохицон амьдрах хэв маягт орж байгаа үед Монгол улс тодорхой оновчтой шийдэл огт үгүй байж хөл хориог олон сараар тогтоож, соёл урлаг, спортын арга хэмжээнүүд зохион байгуулагдахгүй болж байгаа нь нийгэмд эерэг уур амьсгал үгүй болж, бухимдал, архидалт, хүчирхийлэл улам ихсэж байгааг та бид бүхэн бүгд мэдэж байгаа.
Олон зуунаас уламжилж ирсэн Сар шинийн баяр нь Монгол түмний сайн сайхны эхлэлийн билэгдэл болж байдаг тул олон нийт, бөхчүүд энэхүү өдрийн барилдаанд ихээхэн ач холбогдол өгч байдаг. МҮБХ нь Сар шинийн барилдааны талаар 2021 оны 01-р сарын 08-ны өдөр Монгол Улсын Шадар Сайд бөгөөд УОК-ын даргад албан ёсоор хандаж түүний дагуу УОК-ын Шуурхай штабаас зохих заавар, зөвлөгөөг аван хэрэгжүүлж ажилласан. Үүний дагуу барилдах бөхчүүд болон ажиллах жаяг дэгийн баг болох нийт 190 хүний тусгаарлагдах байр, хоол, бусад зардлыг шийдвэрлээд байлаа. Давагдашгүй хүчин зүйл болох цар тахлын голомт нь Улаанбаатар хотод тодорхойгүй шалтгааны улмаас нэмэгдсэнтэй холбогдуулан барилдаан зохион байгуулагдахгүй болсон тул энэхүү барилдааныг цар тахлын голомтгүй орон нутагт үзэгчгүйгээр зохион байгуулах санал гаргаж байна.
Иймд НОК-оос МҮБХ-нд сар шинийн барилдаанд цахимаар барилдахаар бүртгүүлсэн 128 бөх, орон нутагт очиж ажиллах жаяг дэг, шууд дамжуулах ТВ-ийн ажилтан болох нийт 140 хүний шинжилгээг 2021 оны 02-р сарын 10-ны өдөр Монгол бөхийн өргөөнд авах, 2021 оны 02-р сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос гарч нисэх онгоцны буудлаас Говь-Алтай аймаг руу нисэх хөдөлгөөн, мөн өдрийн орой ирэх хөдөлгөөнийг цар тахлын үеийн дүрэм журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье. Жич: Орон нутагт зохиогдох барилдааны бүх зардлыг МҮБХ бүрэн хариуцах бөгөөд нислэгийн 2 онгоцны захиалгыг өгсөн байгаа болно.
Таныг хүндэтгэсэн,
ТЭРГҮҮНИЙ ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭГЧ Ц.МАГАЛЖАВ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй