Ховдод очсон ковидтой 2 иргэн болон хамт зорчсон 40 гаруй иргэнийг тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар руу тээвэрлэнэ

2021-01-27 762 0

Цар тахлын дотоодын халдварын улмаас орон нутгийн иргэд Улаанбаатар хотод саатаад байгаа.

Харин нийслэл дэх өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэл буурсантай холбоотой иргэд харьяа аймаг сумдын удирдлага руугаа татан авалт зохион байгуулах хүсэлт гаргасаар байгаа юм.

Ховд аймгийн хувьд иргэдийнхээ хүсэлтийн дагуу аймгийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж өчигдөр /2021.01.26/ эхний ээлжийн иргэдээ хүлээн авсан. Ингэхдээ нийтийн тээврийн 5 автобусаар очсон зорчигчдыг Дарви сумын хяналтын пост дээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч нэвтрүүлж байж.

Гэтэл нэг гэрт амьдарч байсан 3 иргэний /эгч дүүс/ шинжилгээ эерэг гарсан тул сорьцыг БОЭТ-ийн лабораторид хүргүүлэхэд PCR-ийн шинжилгээ мөн эерэг гарчээ. Улмаар Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу дахин баталгаажуулалт хийхэд хоёр нь эерэг, нэг нь сөрөг гарсан байна.

Халдвар илэрсэн иргэдийн хувьд нэгдүгээр сарын 23-нд нийслэлд шинжилгээ өгөөд 25-ны өдөр автобусандаа суусан гэх мэдээллийг өгч байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хурал зарлаж хариу авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн дараахь байдлаар шийдвэрлэжээ.

Үүнд: Хуулийн дагуу болзошгүй эрсдлээс хамгаалах үүднээс энэ сарын 29 буюу ирэх баасан гарагийн 00:00 цаг хүртэл Ховд аймгийн нутаг дэвсгэрээс гарах, орох хөдөлгөөнийг түр хязгаарлалаа.

Халдвартай болон хавьтагч иргэд /автобусны жолооч, зорчигчид/ болох нийт 41 хүнийг Дарви суман дээр тусгаарлаж байгаад өнөөдөр өглөө /01.27/ гаргасан маршрутын дагуу Нисэх онгоцны буудал руу авч иржээ.

Иргэдийг Улаанбаатар хот ХӨСҮТ-рүү тусгай үүргийн онгоцоор авчрах бөгөөд тээвэрлэлтийн бэлтгэл бүрэн хангагдсан хэмээн аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Ийнхүү Ховд аймагт Коронавирусийн халдварын зөөвөрлөгдсөн 2 тохиолдол бүртгэгдэв.

Улмаар Хот хоорондын нийтийн тээврээр зорчиж буй иргэдээс халдвар илэрч байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссын шийдвэрээр хот хооронд зорчих хөдөлгөөнийг хаагаад байна. Өөрөөр хэлбэл аймгуудын иргэдээ татан авах ажлыг бүрэн зогсоолоо.

Түүнчлэн Улаанбаатар хотоос очиж гэрийн ажиглалтад байгаа иргэдэд тасралтгүй хяналт тавих, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээ авч ажиллахыг аймаг сумдын Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт үүрэг болгожээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Амартүвшин: Аравдугаар сард сэтгэл зүйчийн үйлчилгээг давхардсан тоогоор 14600 суралцагч авсан байна

Нийслэл дэх Жендэрийн салбар хороо өнөөдөр хуралдаж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл

2025-11-07

Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна

Цас орсонтой холбоотойгоор халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион

2025-11-07

“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ

Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч

2025-11-04