“Хүүхдийн төлөө фонд” хэмээх хуульгүй дээрэм хэнийх вэ?

2021-01-04 801 0

Он гарахын өмнө манайхан “Ерөнхийлөгч маань бидэнд ямар ч байсан нэг сюрприз барих нь тодорхой болов” гээд байсан ёсоор болов. Гэхдээ тэр нь өрх бүрт олгох сая төгрөгний ваучер лав биш. Харин социалист удирдагчийн орос эхнэрийн байгуулж, төрийн эрхэнд шургалсан “Хүүхдийн төлөө фонд” гэгчийг сэргээн байгуулсан явдал байлаа.

Он гарахаас ердөө хэдхэн хоногийн өмнө /2020.12.17-нд/ “Херо” Баатарын нэр дээр Улсын бүртгэлд бүртгүүлсэн энэ ТББ-ын нэрээр ганцхан оройн дотор 22 тэрбум гаруй төгрөгийг дайчлан цуглуулжээ.

Төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, төрийн өмчит компаниуд хүртэл фондод хандив өргөсөн байна. Монголын бүх телевизүүдийн эфирийг эзэлж, урлаг соёлын бүх оддыг нэг дор цуглуулсан шууд нэвтрүүлгийг Соёлын яам ивээн тэтгэж, эфирийн зардалд хэдэн зуун саяыг төлжээ. Үүнээс нь болоод Соёлын сайд О.Чулууныг ажлаас нь чөлөөлөх зам ч ашгүй нээгдэв.

Учир нь Засгийн газрын тухай хуулиар хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудлыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын чиг үүрэгт хамааруулсан байдаг. Тиймээс одоо Ерөнхий сайд нь шийдвэрээ гаргаад Соёлын сайдыг албан тушаалаас нь чөлөөлөхөд болохгүй гэх газар алга. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь ч гэсэн зүгээр хараад суух эрхгүй л хүн. Хэрвээ ажил албан тушаалдаа эзэн болъё л гэвэл. Ер нь бол Соёлын сайдын энэ үйлдэл нь “Засгийн газар кабинетийн зарчмаар ажиллана” гэсэн Үндсэн хуулийн зарчим, заалтыг зөрчсөн хэрэг мөн.

Шууд нэвтрүүлэг эфирээр цацагдаж эхэлсэн цагаас эхлэн иргэдийн зүгээс олон нийтийн сүлжээ, твиттер, фэйсбүүкээр дамжуулан шүүмжлэл, бухимдлаа илэрхийлсний маргааш нь “хэргийн эзэн, хэнгэргийн дохиур”-аар тодорсон Б.Баатар найруулагч “Хуримтлалын мөнгөнд санаа зовох хэрэггүй. Хууль нь бэлэн болонгуут санд цугларсан хуримтлалыг сангийн хамт Засгийн газарт шилжүүлээд өгчихнө” гэж мэдэгдэв.

Нэг үгээр Засгийн газрын тусгай сангуудаа тонож дуусаад, одоо бүр иргэдийн нэрээр сан байгуулж, төрд авдаг луйврын шинэ хэлбэрт шилжиж байгаа юм байна, манай төр.

Социализмын үед Филатова авгайн байгуулсан “Хүүхдийн төлөө фонд” гэж юу болох, ямар зорилготой байгуулагдсан, яаж ажилласан талаар Баабар нийтлэлч маш тодорхой зүйлийг түүхэн баримтуудад түшиглэн нийтэлсэн байна лээ. Фондыг “сэргээн тохинуулагч” болон тэдний дагалдагч нар өөрсдийнхөө эрх ашгийг гүйцэлдүүлэхэд нь сайхан ч “гарын авлага” болох биз. Товчхондоо одоогийн Ерөнхийлөгч маань ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ үүгээр зарлаж байна гэж ойлголоо.

Гэтэл Соёлын сайд О.Чулуун “Өдрийн сонины өнөөдрийн дугаарт өгсөн ярилцлагадаа “Хүүхдийн төлөө фонд бол Соёлын яамнаас санаачилж урлаг соёлынхныхоо хүчийг дайчлан нийгэмд үйлчилж, санхүү босгон томоохон зүйл хийхээр эхлүүлсэн ажил. Ажлыг маань дэмжсэн Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон Засгийн газрын гишүүддээ баярлалаа” гэж баг алав. Ингээд нэг хүний ч биш, бүлэг дээрэм болоод явчихлаа. Одоо Засгийн газрынхаа хуульд өөрчлөлт оруулаад санг шилжүүлж авах үлдэж байгаа юм байна.

Ингэхэд Засгийн газар хэрвээ ажил хиймээр, сан байгуулмаар, санхүү босгомоор байсан бол хүүхдийн нэр барьж хулгай хийхийн орнд ядаж Ковидын сангаа байгуулаад, гадна, дотноос хөрөнгө татаад нөгөө авч чаддаггүй вакцинаа авчихгүй дээ. Ажил, орлогогүй гацчихаад байгаа аж ахуй нэгжүүддээ дэмжлэг үзүүлээд хөнгөлөлттэй зээл ч болтугай олгож эхлэхгүй дээ.

Гэвч сан байгуулсан зорилго нь угаасаа нийтийн эрх ашгийн төлөө биш гэдгийг дээр хэлсэн. Засгийн газарт ч шууд хамааралгүй байх. Товчхондоо, У.Хүрэлсүхийн кабинетэд Х.Баттулгын “квотоор” орж ирсэн хоёр сайдын нэг нь О.Чулуун (нөгөөх нь Х.Нямбаатар) гэлцдэг. Х.Нямбаатар нь хэдийн үүргээ гүйцэтгээд, дэлхийд байхгүй хууль санаачлаад Х.Баттулгын бүх өрсөлдөгчдийг шоронд хийсэн /энэ тухай хожим өгүүлнэ/. Одоо нөгөө хууль нь Цэц дээр унаж тусаад явж байгаа. Харин О.Чулуун нь одоо өрөө төлж эхэллээ.

Б.СЭМҮҮН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19

Бражеш Патхак: Нярайн тасагт гал гарч, 10 нярай эндсэн эмгэнэлт явдлын буруутныг олж хатуу арга хэмжээ авна

Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт гал гарч улмаар 10 няр

2024-11-18