Б.УУГАНБАЯР: Нөхцөл байдал хүндэрвэл засгийн газрын нууц тогтоолоор баталсан төлөвлөгөөний дагуу ажиллана

2020-12-25 520 0

Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Манай улс өнгөрсөн 10 сарын хугацаанд коронавирусийг дотооддоо алдалгүй, тогтоож чадсан. Гэвч арваннэгдүгээр сарын 11-нд дотоодод халдвар илэрлээ. Цаг алдалгүй, шуурхай ажилласны хүчинд халдварын тархалтыг 10 дахин бууруулж чадсан гэж УОК, ЭМЯ-ыг зарим нь үнэлж байхад хангалттай ажиллаагүй гэж шүүмжлэх хүн ч цөөнгүй бий. Шуурхай штабыг ахалж буйн хувьд та энэ талаар юу хэлэх вэ?

-Удирдлагын тогтолцоо, онолын хувьд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Шуурхай штаб үүргээ хангалттай биелүүлж байна. Өнгөрсөн оны сүүлчээр аюултай халдварт өвчин анх өмнөд хөршид дэгдэж, дэлхийн улс орнуудыг сандаргасан.

…Тусгаарлах байрны дотоод сахилга, халдвар хамгааллын дэглэмийн явцыг тагнуулын байгууллагынхан хянаж байна. Шуурхай штабт зөвхөн тусгаарлан ажиглах байрыг хариуцсан албан хаагчдыг томилох ажлыг хариуцаж байгаа. Цаашид тусгаарлах байранд илэрсэн зөрчил бүрийг хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ…

Өвчин гарлаа гэснээс өөр мэдээлэл хомс, бүрхэг мөчөөс эхлэн Засгийн газар, Улсын онцгой комисс шат дараатай арга хэмжээг энэ мөчийг хүртэл авч хэрэгжүүлж байна. Нөхцөл байдал тайвшрах хэмжээнд хүрээгүй учир цаашид ч ингэж ажиллах байх. Менежментийн гурван түвшин бий. Дээд, дунд, доод гэсэн. Дээд түвшний буюу стратегийн удирдлага нь шийдвэр гаргах үүрэгтэй. Тухайлбал, Засгийн газар, Улсын онцгой комисс, Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын тушаал, шийдвэр юм. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын тогтоол 39 удаа гарч, Улсын онцгой комисс 39 удаа хуралдаж, нөхцөл байдлыг хэлэлцэж, шийдвэр гарган, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, бусад асуудлыг шат дараатай шийдвэрлэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргасан, УИХ тогтоомж баталлаа. Коронавирусийн нөхцөл байдлыг УИХ-аар хэлэлцэж байна. Шийдвэр гарснаар ажиллагаа доголдохгүй байх боломж бүрдэнэ. Стратегийн түвшиндээ коронавирустэй тэмцэх шийдвэрийг харин ч шуурхай гаргаж, хангалттай ажиллаж буй.

Удирдлагын доод түвшин бол хэрэгжүүлэх чиг үүрэгтэй. Тухайлбал, коронавирусийн тандалт, судалгаа, оношилгоо, хавьтлыг тогтоох, тохиолдлыг эмчлэх, тусгаарлалт, татан авалт, тээвэрлэлт, аюулгүй байдал, хүнсний хангамж, хорио цээрийн дэглэм, мэдээлэл сурталчилгаа, эрсдэлийн үнэлгээ, лаборатори, хяналт шалгалт, дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх, хээрийн эмнэлэг дэлгэх зэрэг практик, хариу арга хэмжээ авч буй удирдлага юм. Энэ үүргийг эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, гамшгаас хамгаалах албад, төрийн байгууллага, орон нутгийн Онцгой комисс, аж ахуйн нэгж, байгууллага хамтран хэрэгжүүлсэн. Олон хүний, байгууллагын хүч хөдөлмөр шингэсэн. Дээд, доод түвшний удирдлагын үйл ажиллагааг уялдуулах, зохицуулалтаар хангах дунд түвшний чиг үүрэг бий. Үүнийг УОК-ын Шуурхай штаб хэрэгжүүлж байна. Төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах, хариу арга хэмжээний түвшний ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, нөөцийн судалгаа гаргах, уялдуулах, дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх тооцоо хийх, байгууллага хоорондын зохицуулалтаар хангах, мэдээлэл түгээх, хүний нөөцийн чадамжийг нэмэгдүүлэх зэргээр олон талт чиг үүргийг хэрэгжүүлдэг. Шуурхай штабт яам, агентлаг, төрийн бус байгууллагын гэсэн бүрэлдэхүүн хамтран үүрэг гүйцэтгэж байгаа.

-Тэгэхээр Монгол Улсын хувьд коронавирустэй тэмцэх удирдлагын тогтолцоог зөв гэж дүгнэж байна уу?

-Тийм ээ. Ажлын үр дүн, алдаа, оноог дүгнэхэд нухацтай хандах хэрэгтэй. Монгол Улс төдийгүй дэлхий нийтээрээ суралцаж байна. Бүх улс орны гол зорилго нь цар тахлыг хор хохирол багатай даван туулах. Алдаа гаргасан бол засаж сайжруулахын тулд урагшилж, ололт байвал түүнийгээ бататгахаар ажиллаж байгаа. Коронавирус хоёр өнцөгтэй. Нэг өнцөг нь байгалийн аюул, өвчин, хүндрэл бэрхшээл, нөгөө нь эв нэгдэл, ёс зүй, сургамж, амьдралын шинэ хэвшил. Үүнийг цаашдаа бодох, тунгаах хэрэгтэй.

-“Ковид-19”-ийг нийслэл, цаашдаа улс даяар тархаахгүй, хумихын тулд манай улс дахин бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжлээ. Бэлэн байдлыг зэргийг сулруулсан үед та бүхний ажилд ямар өөрчлөлт гарав. Одоо ажиллах хүн хүч, нөөц боломж хангалттай байна уу?

-“Ковид-19” бол нүдэнд үл үзэгдэх, гарт үл баригдах халдварт өвчин. Харин ч бид харагдахгүй, баригдахгүй зүйлтэй 10 сарын турш тэмцлээ. Чамлахааргүй ололт. Барагцаагаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэрэгтэйгээр ес, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгтэйгээр сар гаруйн хугацаанд ажиллаж байна. Дотоодод халдвар илэрснээр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Коронавирусийн нөхцөл байдал хяналтад орох мөчид зарим нутаг дэвсгэрийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Улаанбаатар хотод дахин коронавирусийн нөхцөл байдал өөрчлөгдсөн учир тодорхой хугацаагаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нийслэлийн хэмжээнд зарлалаа. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг чангатгаад, сулруулж байгаа нь коронавирусийн тархалтыг хязгаарлах, голомтыг цомхотгох зорилготой.

Уг өвчин хавьтлаар дамжиж байна. Иймд аль болох хөдөлгөөнийг доод түвшинд барих, хязгаарлах, вирусийн идэвхжлийн хугацааг харгалзан тооцсон дэглэм юм. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлд гамшгаас хамгаалах гурван бэлэн байдлын зэргийн үед хэрэгжүүлэх арга хэмжээг заасан. Нийтдээ 24 төрлийн арга хэмжээг хуулийн хүрээнд тодорхойлсон. Гэхдээ үүнийг цааш нь нарийвчлаад хэрэгжүүлэх арга хэмжээг шат шатны төлөвлөгөөнд тусгасан байдаг. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед нийслэл болон тохиолдол илэрсэн зургаан аймагт хоногт дунджаар төрийн 6000-7000 албан хаагч үүрэг гүйцэтгэж байсан. Бэлэн байдлын зэрэг буурсан үед энэ тоо тодорхой хэмжээгээр цөөрдөг. Бусад аймгийн тухайд орон нутгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабууд 24 цагаар жижүүрлэж байна. Цаашдаа нөхцөл байдал хүндэрвэл үүрэг гүйцэтгэх томилгоот хүч хэрэгслийн нөөц бий. Төлөвлөгөө ч байгаа.

-Иргэд хэдий халдвар хамгааллын дэглэмээ сайн сахисан ч төрийн байгууллагынхны хяналт сул байснаас тусгаарлах байр болон эмнэлэг халдварын голомт болсон. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Долоо хэмжиж, нэг огтол гэдэг. Дүн шинжилгээ хийж байгаа. Анхаарал суларсан асуудал байхыг үгүйсгэхгүй. Бидний амьдрал өгөх, авах огтлолцол, тэнцвэр дээр оршиж буй. Жишээлбэл, байгалиа сүйтгээд, мод огтлоод байхаар цөлжиж, уур амьсгал өөрчлөгдөн, гамшиг тохиолдож, хүмүүс олноороо амь эрсдэж байна. Яагаад энэ талаар ярив гэхээр өнгөрсөн хугацаанд Шуурхай штабаас тусгаарлан ажиглах байранд гарсан зөрчил дутагдал, халдвар хамгааллын дэглэм сахихгүй байгаа талаар сануулсан. Энэ бол хэдхэн сарын өмнөх асуудал. Коронавирустэй тэмцэх ажлын үр дүн төрийн үйлчилгээ, иргэний оролцооны тэнцвэр дээр оршин тогтноно. Иргэн яах ёстой юм, халдвар хамгааллын дэглэмээ сахих, хариуцлагатай байхыг оролцоо гээд байгаа юм шүү дээ. Иргэдийн оролцооны талаар нэмж олон зүйлийг нуршаад яах вэ.

-Хэдийгээр нөхцөл байдлаас шалтгаалан Засгийн газар, эрх бүхий байгууллагуудаас гэнэтийн шийдвэр гаргаж байгаа ч энэ нь иргэдийн эрх ашгийг зөрчих, хохироох явдал цөөнгүй ажиглагдлаа. Шийдвэр гаргахдаа судалгаа, шинжилгээг урьтал болгодог биз дээ?

-Гамшгийн удирдлагын онолын хувьд хугацаа алдах тусам хор хохирол шууд өсдөг гэж үздэг. УОК-оос гаргаж буй шийдвэр бүрийг гишүүд хэлэлцэж, судалгаа тооцоонд тулгуурладаг.

-Одоогийн байдлаар тусгаарлах хэчнээн байранд хэдэн хүн байна вэ. Тусгаарлах байрны хүрэлцээ, тэнд ажиллах хүн хүч хангалттай юу. “Энхсаран”-д гарсан шиг халдвар хамгааллын дэглэм зөрчихгүй гэх баталгаа бий юү. Үүнд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Яг өнөөдрийн байдлаар (арванхоёрдугаар сарын 22) нийслэлд 27, орон нутагт 16 тусгаарлан ажиглах байр байна. Улсын хэмжээний тусгаарлан ажиглах 43 байранд онцгой байдлын байгууллагаас 62, цагдаагийн байгууллагаас 108, эрүүл мэндийн салбарын 84 ажилтан алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа. Нөхцөл байдлаас шалтгаалан үүрэг гүйцэтгэх алба хаагчийн тоо өөрчлөгдөнө. Шуурхай штабаас тусгаарлан ажиглах байранд ажиллах алба хаагчдыг сургаж бэлтгэх арга хэмжээг ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулдаг. Дотоодод халдвар дэгдсэнтэй холбогдуулан УОК-ын даргын тушаалаар Батлан хамгаалахын дэд сайдын ахалсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн тусгаарлан ажиглах байрны нөхцөлийг шалгаж, шаардлага хангуулах талаар Шуурхай штабтай хамтран ажиллаж буй. Тусгаарлан ажиглах байрны камерын хяналтыг сайжруулсан.

Шадар сайдын 2020 оны 155 дугаар тушаалаар тусгаарлан ажиглах байранд дагаж мөрдөх журмыг шинэчлэн баталлаа. Шуурхай штабаас тусгаарлах байрны эзэдтэй олон удаа уулзаж, дэг журам, халдвар хамгааллын дэглэм, хариуцлагын талаар ярилцаж, саналыг нь сонссон. Тусгаарлах байрны дотоод сахилга, халдвар хамгааллын дэглэмийн явцыг тагнуулын байгууллагынхан хянаж байна. Шуурхай штабт зөвхөн тусгаарлан ажиглах байрыг хариуцсан албан хаагчдыг томилох ажлыг хариуцаж байгаа. Цаашид тусгаарлах байранд илэрсэн зөрчил бүрийг хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ.

-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 14 хоногийн хугацаанд тусгай үүргийн онгоц нисгэх үү. Эх орондоо ирэх хүсэлтэй хэчнээн иргэн Шуурхай штабт хандсан бэ. Мөн Монголоос гадаад руу явах хүсэлтэй иргэд танайд хандаж байна уу. Үүнийг хэрхэн шийдвэрлэх бол?

-Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалж энэ онд хийх байсан сүүлийн нислэгийг цуцалсан. Дараагийн нислэгийн товыг нөхцөл байдлаас шалтгаалж тодорхой болгоно. Монгол Улсаас гадаад руу явахыг хүссэн өргөдөл Шуурхай штабт ирж байгаа. Үүнийг ГХЯ-ны Консулын газрынхан хариуцдаг.

-Саяхан ХБНГУ-аас Монголдоо ирэх гэж байсан эмэгтэйг коронавирусийн халдвартай гээд онгоцны буудал дээр орхисон тохиолдол гарсан. Энэ нь иргэдийг багагүй бухимдуулах шиг боллоо. Тэгсэн хэрнээ Франкфуртаас ирсэн найман иргэнээс халдвар илэрсэн шүү дээ. Энэ ямар учиртай юм бэ. Тэр эмэгтэйг эх оронд нь авчрах боломж байгаагүй юм уу?

-Энэ асуудлаар ГХЯ-наас тайлбар өгсөн шүү дээ.

-“Ковид-19” хүн амын дунд өргөн хүрээнд тархаж, байдал хүндэрвэл ямар арга хэмжээ авах вэ. Хэрэв цар тахлын хоёр дахь давлагаа гарвал ямар арга хэмжээ авахаар төлөвлөсөн бол?

-Шуурхай штаб байгуулагдсан даруйдаа дэвшүүлсэн гурван зорилт бий. Үүний нэг нь коронавирустэй тэмцэх стратеги, хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж батлуулах байсан. Дээрх стратеги, төлөвлөгөөг Шадар сайдаар батлуулсан. Түүнээс гадна дээрх төлөвлөгөөг дахин шинэчилсэн. Тодруулбал, алаг цоог өвчлөл-шар, кластер өвчлөл-улбар шар, хүн амын дундах тархалт-улаан гэсэн гурван өнгөөр зэргийн байдлыг тогтоож, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон. Энэ төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Мөн Засгийн газрын тогтоолоор батлагдсан Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд халдварт өвчний үед хэрэгжүүлэх арга хэмжээ туссан байгаа. Ерөнхийлөгчийн зарлиг болон Засгийн газрын нууц тогтоолоор баталсан төрийн цэргийн байгууллагын харилцан ажиллагааг зохион байгуулах журам, төлөвлөгөө бий. Нөхцөл байдал хүндэрсэн үед энэхүү журам, төлөвлөгөөний дагуу ажиллана.

Эх сурвалж:Өдрийн сонин 2020.12.24

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говь-Алтай аймгийн Засаг дарга сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгох захирамж гаргажээ

Говь-Алтай аймаг сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон зарлажээ. Улсын хэмжээнд х

2024-11-25

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19