З.Энхболдын буянаар АН хоёр дахь том ялагдлаа хүлээлээ

2020-06-26 1009 0

УИХ-ын ээлжит сонгууль өндөрлөж, эрх баригч МАН дахин үнэмлэхүй ялалт байгууллаа. Харин АН өмнөхөөсөө хоёроор илүү буюу 11 мандат авч, бие даагч болон бусад нам гурван мандат атгав.

Энэ сонгуулиар ялалт байгуулсан нэр дэвшигчид тухайн тойргийнхоо сонгогчдын нийт саналын 30 орчим хувийг авсан бол /Н.Учрал хамгийн их буюу 53,600, Г.Мөнхцэцэг хамгийн бага буюу 10,700 сонгогчийн саналаар сонгогдсон/ сонгогчдын үлдсэн 70 хувийн төлөөлөл УИХ-д орж ирсэнгүй ээ гэсэн үг. Одоо энэ 70 хувь нь дөрвөн жил нөгөө 30 хувиа зүхнэ. Тэглээ гээд тэнгэрт хүрэхгүй, газар цөмрөхгүй…

Энэ бол мажоритари сонгуулийн хамгийн сул тал нь. Хамгийн олон санал авснаас бусад нь парламентад сүүдрээ ч тусгадаггүй гэсэн үг. Эсрэгээрээ хувь тэнцүүлсэн системаар сонгууль явуулсан бол сонгогч нэг бүрийн санал парламентад тусах боломжтой. АН-ын нэр дэвшигчдийн авсан саналыг цуглуулахад л хамгийн багадаа 20 суудал эзлэх боломжтой байлаа.

Харин энэ боломжийг үгүй хийсэн нь УИХ-ын дарга, АН-ын дарга асан З.Энхболд. Тэр өмнөх парламентын үед УИХ-ын даргаар ажиллаж байхдаа, мөн АН-ын даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байхдаа Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоог үгүй хийгээд жижиг мажоритари систем рүү шилжүүлсэн билээ. Үүнийхээ нь горыг амсч, 2016 оны сонгуулиар АН парламентаас “үсгүй” шахам хусуулсан байдаг. МАН эрх авсныхаа дараа тэрийг нь улам төгсрүүлээд, томсгосон мажоритариар нам дараад авлаа. Угаасаа эрх барьж байгаа намд л ашгаа өгдөг систем.

Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлахдаа тойргуудын тоог нэмсэн ч тухайн тойрог дахь сонгогчдын тоог харгалзаж үзэлгүй, газар нутаг, засаг захиргааны нэгжид тулгуурлан тойргуудийг хувааснаас нэг мандат буюу нэр дэвшигчдийн ард байгаа сонгогчдын тоо тэнгэр газар шиг зөрүүтэй хэвээр байна.

Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 6-р тойрог, Дундговь-Говьсүмбэр аймагт МАН-аас нэр дэвшсэн Г.Мөнхцэцэг 10,175 саналаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон байхад Нийслэлийн БГД-т МАН-аас нэр дэвшсэн Д.Лүндээжанцан 26,890 санал авсан хэдий ч сонгогдож чадаагүй байна. Саналын зөрүү нь 16,715…

Тэгэхээр улс төрийн намууд өнөөдөр “хар машины луйвар”, саналын худалдан авалт гэх мэтийн шалихгүй зүйлээр хэрүүл зарга хийж байхын оронд хамгийн нэгдүгээрт сонгуулийн тогтолцоогоо эргэж харах хэрэгтэй болж байх шиг байна. Тэгэхгүй бол хичнээн эвсэл байгуулж, хэд дахин задарч, хэдэн хүн нэр дэвшүүлсэн ч ялгаагүй, сонгуулийн үр дүнд нөлөө үзүүлж чадахгүй нь.

Б.ЗАЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22

Хотын ерөнхий менежер Ц.Төрхүүг чөлөөлж, Г.Батзоригийг томиллоо 

Хотын ерөнхий менежерээр ажиллаж байсан Ц.Төрхүүг чөлөөлж, түүний оронд Нийслэлийн ерөнхий архитекто

2024-11-12