Зарим иргэний тэтгэврийг 50 МЯНГАН төгрөгөөр нэмэгдүүлнэ

2020-01-13 2171 0

2020 оноос хэрэгжиж буй нийгмийн даатгалын салбартай холбоотой хуулиудыг талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас танилцууллаа.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломжтой боллоо. Холбогдох хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгон авч буй нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд энэ онд 150.6 тэрбум төгрөг зарцуулна. Ингэснээр тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ 8 орчим хувиар нэмэгдэнэ.

 Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль 2020 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. “Малчин” гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог буюу малын “А” данс бүхий иргэнийг, “хувиараа хөдөлмөр эрхлэгч”гэж татварын албанд бүртгэлтэй хувь хүний орлогын албан татварын үндсэн ангилалд хамаарах төрлөөс аль нэгийг нь төлсөн иргэнийг ойлгоно.

Хуулийн үйлчилж буй хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх хүсэлт гаргах үед 15-60 настай Монгол Улсын иргэн хамаарах ба шимтгэл нөхөн төлөх хугацаанд иргэний суралцсан хугацаа, хорих ял эдэлсэн хугацаа, өндөр насны тэтгэвэр авсан хугацаа хамаарахгүй гэв.

Шимтгэлийг хуулийг дагаж мөрдөх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар буюу сард 42,000 (420 мянгын 10 хувь) төгрөгөөр тооцож төлөх юм байна. Хуулийн зохицуулалтад 88.1 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдах бөгөөд 2020 онд 34.8 мянган иргэн шинээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тооцоо гарчээ.

ЗАРИМ ИРГЭНИЙ ТЭТГЭВРИЙГ 50 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДҮҮЛНЭ

Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн билээ. 1990 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр баталсан БНХМАУ-ын тэтгэврийн хуульд заасан доор дурдсан болзол, нөхцөлөө 1991 оны нэгдүгээр сарын 1-нээс 1994 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэн хамаарна.

  1. Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан  дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх
  2. Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан  дөрөв,түүнээс дээш хүүхдээ зургаан настай болтол нь өсгөсөн, 20-оос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх
  3. Нийтдээ 27-гоос дээш жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй
  4. Нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй

Уг хуулийн үйлчлэлд дээрх 4 нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон 21.2 мянган иргэн хамрагдана. Ингэхдээ 2020 онд 12.7 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд нэгдүгээр сарын 20-ны дотор олгож эхлэхээр төлөвлөсөн байна.

ТЭТГЭВРИЙГ ДАРААЛСАН 7 ЖИЛИЙН ДУНДАЖ ЦАЛИНГААС ТОГТООНО

Тэтгэврийн даатгуулагчийн шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн дотроос дурын дараалсан 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаас тогтоож байсныг 7 жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор өөрчилжээ. Энэ нь 2020 оноос эхлэн тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан иргэдэд хамаарах юм.

ТӨРҮҮЛСЭН БОЛОН ҮРЧЛЭН АВСАН ХҮҮХДИЙН ТООГООР 1 ЖИЛ 6 САР НЭМЖ ТООЦНО

Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь хүүхдээ үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно.

Хуулийн үйлчлэлд 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр болон түүнээс хойш шинээр тэтгэвэр тогтоолгох эхчүүд хамаарна. Хүүхдийн тоогоор нэмж тооцох хугацаа (1 жил 6 cap) нь зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаанд хамаарах ба хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд, малчнаар, мэргэжлийн урлагийн байгууллагад ажилласан, цэргийн алба хаасан зэрэг тусгай нөхцөлийн жилд хамаарахгүй.

ХҮҮХДЭЭ АСРАХ, ЧӨЛӨӨТЭЙ БАЙГАА ЭХИЙН ШИМТГЭЛ ТӨЛӨЛТ ТАСРАХГҮЙ БАЙХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ

Хүүхдээ 3 нас хүртэл асрах чөлөөтэй байгаа эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг дараах байдлаар төлөхөөр зохицуулсан байна. Үүнд:

  • Албан журмын буюу ажил хөдөлмөр эрхэлж байсан эхийн төлөх шимтгэлийг ажил олгогчоос
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх нь үүссэн сайн дурын даатгуулагч эх шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас
  • Бусад эх шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг улсын төсвөөс хариуцан төлнө. Шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон төлөх ба хуулийн үйлчлэлд хүүхэд нь 3 нас хүрээгүй нийт эхчүүд хамаарна.

САЙН ДУРЫН ДААТГУУЛАГЧ ЭХИЙН ЖИРЭМСНИЙ БОЛОН АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖИЙГ 100 ХУВИАР ТООЦОЖ ОЛГОНО

Хуулийн энэ зохицуулалтын дагуу 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сайн дураар даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлсөн 12 сарын орлогын дунджаас 100 хувиар тооцон олгож эхэллээ. /Өмнө нь 70 хувиар тооцдог байсан/

АЛБАН ЖУРМЫН ДААТГУУЛАГЧ ЭХ ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭХ БҮРТЭЭ ТЭТГЭМЖ АВНА

Ажил хөдөлмөр эрхэлж байсан буюу албан журмын даатгуулагч эхэд хуульд заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлэх бүрд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно. /Өмнө нь 2 удаа л олгодог байсан/

 САЙН ДУРЫН ДААТГУУЛАГЧИЙН ТӨЛӨХ ШИМТГЭЛИЙН ДООД ХЭМЖЭЭ 56,700 ТӨГРӨГ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор 2020 онд сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон.

Сайн дурын даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь 2019 он онд мөрдөгдөж байсантай (13.5%) ижил. Гэхдээ доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон шимтгэлээ төлдөг сайн дурын даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хэмжээ 56,700 төгрөг болжээ. Харин үүнээс дээш дүнгээс шимтгэлээ төлдөг даатгуулагчийн төлөх дүнд өөрчлөлт орохгүй байна.

ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ НЭМЭГДСЭНЭЭР ЗАРИМ ТӨРЛИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭ НЭМЭГДЭНЭ

ХХДХ нэмэгдсэнээр гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй 3 ба түүнээс дээш гишүүнд тогтоох тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэврийн доод хэмжээ 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 420,000 төгрөг боллоо.

Мөн ажилгүйдлийн тэтгэмжийн доод хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувь буюу нэг өдрийн тэтгэмжийн доод хэмжээ 14,858 төгрөг (420,000 төгрөг*75%/21.2 өдөр), нийт тэтгэмж (76 өдөрт олгох)-ийн доод хэмжээ 1,129,245 төгрөгөөс багагүй болж өөрчлөгджээ.

ДАРАА САРЫН ШИМТГЭЛЭЭ ТӨЛСНӨӨР САЙН ДУРЫН ДААТГАЛЫН ГЭРЭЭ СУНГАГДАНА

Сайн дурын даатгуулагчийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд дараагийн сард багтаан шимтгэлээ төлж, уг шимтгэл даатгалын санд opcoн бол анх гэрээ байгуулсан хугацааг нэг удаа сунгасанд тооцно. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19

Бражеш Патхак: Нярайн тасагт гал гарч, 10 нярай эндсэн эмгэнэлт явдлын буруутныг олж хатуу арга хэмжээ авна

Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт гал гарч улмаар 10 няр

2024-11-18