Өнгөт арьстан Жорж Флойдын амийг цагдаа нар хөнөөснөөс үүдэн Америк даяар өрнөж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөнийг оросуудын оролцоо, нөлөөлөлтэй гэж хардаж байсан. Гэтэл Техас мужийн Хьюстон хотод болж байгаа жагсаалын үеэр цагдаагийн нэг ажилтан “Россия” шивээстэй байсныг гэрэл зураг дээрээс нь телевизийн “360” сувгийн сэтгүүлчид илрүүлжээ. Гэрэл зургийг орон нутгийн сурвалжлагч Стив Кемпион твиттер хуудсандаа нийтэлсэн аж.
“Ёстой мундаг зураг. Жорж Флойдын дурсгалд зориулсан жагсаалд оролцогсдын эсрэг Хьюстон хотын даргын илгээсэн цагдаагийн ажилтан “нударга, нударга” хэмээн мэндчилж байна” гэж С.Кемпион тайлбар бичсэн байна. Үүнийг телевизийн “360” сувгийн сэтгүүлчид ажиглаж байгаа цагдаагийн нэг ажилтны мөрөн дээр оросоор “Россия” гэж бичсэн шивээс байхыг анзаарсан байна. Бас энэ үгнээс дээхнэ “-овск” гэсэн орос үгний төгсгөл харагджээ. “Энэ мэдээж Оросын тагнуул” байна гэж телевизийн ажилтны нэг нь хошигносон байна.
Миннеаполис хотод африк гаралтай, өнгөт арьстан залуу Жорф Флойдын амийг цагдаа нар хөнөөсний дараа Америк даяар арьс өнгөөр ялгаварлах, цагдаагийн хүчирхийллийг эсэргүүцсэн жагсаал цуглаан өрнөж эхэлсэн билээ. Цагдаагийн ажилтан залууг гавлаж газар унагаагаад хүзүүн дээр нь өвдөглөж байгаа дүрс бичлэг интернэтээр тарснаар хүмүүс ийн эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн. Залуу “амьсгалж чадахгүй байна” гэж дахин дахин хэлж байгаа нь ч дүрс бичлэг дээр гарчээ. Жорж Флойд сэхээн амьдруулахад очоод нас барсан. Энэ хэрэгт оролцсон дөрвөн цагдааг ажлаас нь халан, нэгд нь болгоомжгүйгээс болж хүний амь хөнөөсөн хэрэг үүсгээд байгаа.
Эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч эхлэх үеэр АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх байсан Сьюзан Райс АНУ-д болж байгаа энэ хөдөлгөөн, хүчирхийллийн ард Орос байж магадгүй гэж хэлж байсан. Гэхдээ энэ талаар ямар ч нотолгоо, тодорхой баримт байгаагүй. Харин ОХУ-ын Холбооны зөвлөлийн Олон улсын харилцааны хорооны дарга Константин Косачев энэ үгийг худал зүйл, шууд өдөөн хатгаж дарамталсан зүйл гэж нэрлэсэн байна.
АНУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Анатолий Антонов бас “АНУ-д болж байгаа эмх замбараагүй байдал, үйл явдалд оросууд оролцож байна гэсэн буруутгалыг Москва няцааж байна, танай улс орны дотоодод болж байгаа энэ хөдөлгөөн эсэргүүцэлд манай улс ямар ч холбоогүй” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: “Ардчилал таймс” сонин
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй