“Мууран эмэгтэй”, “Бабун авхай”, “Сармагчин эмэгтэй” гэж нэрлэгддэг Жулиа Пастрана тэртээ 1834 онд Мексикт мэндэлжээ. Гарын алга, хөлийн улнаас бусад биеийн бүх хэсгүүд нь үсээр бүрхэгдсэн түүнийг төрсөн даруйд нь л гаж этгээд гэх яриа таржээ.
Охин ер бусын этгээд царайтай төрж, он жилүүд өнгөрөх тусам нүүрэнд нь үс ихээр ургаж, уруул нь урагшаа цорвойж, нүд нь дүрлийж, аманд нь хоёр эгнээ том гэгчийн шүднүүд ургажээ. Жулия гадна төрхөөрөө сармагчинтай илүү төстэй байлаа.
Кливлэндийн доктор С. Брейнерд түүнийг “Өвөрмөц төрөл зүйл” гэж зарласан бол Фрэнсис Бакланд “Гажигтай Мексикийн Энэтхэг эмэгтэй”, Бостоны Байгалийн түүхийн нийгэмлэгийн харьцуулсан анатомийн мэргэжилтэн Сэмюэл Кнеланд түүнийг “Энэтхэг гаралтай хүн” гэж зарлаж байв. Харин Чарльз Дарвин түүнийг “Жулиа Пастрана, Испанийн бүжигчин, гайхамшигтай сайхан эмэгтэй байсан, гэхдээ өтгөн сахиус сахал, үсэрхэг духтай байсан. Бидний анхаарлыг татаж байгаа зүйл бол түүний дээд ба доод эрүүний хэсэгт тогтмол бус шүдний хоёр эгнээ байрласан байдал. Түүний ам, царай нь горилла хэлбэртэй байв” гэж дүгнэцгээж байлаа.
Энгийн хүний, эрдэмтдийн ч анхаарлыг ийнхүү ихээр татаж байсан түүний хувь тавилан дэндүү гунигтай. Тэр амьд ахуйдаа, үхсэн хойноо ч ашиг хонжоо хайгчдад олз, цэнгээн наадамд дурлагсдад зугаа болж байлаа. Бараг 200 орчим жилийн турш шүү.
Жулиа Пастранаг муу ёрын хүчний нөлөөгөөр ийм төрсөн хэмээн сэжиглэн ээж нь орхисон учраас өнчин хүүхдийн асрамжийн газарт бага насаа өнгөрөөсөн гэж үздэг. Өөр нэг хувилбарт Пастрана ээжийгээ өнгөрөх хүртэл хамт амьдарч байсан, дараа нь авга ах нь түүнийг циркэд зарсан гэж үздэг. Ямартаа ч орон нутгийн мужийн захирагч түүнийг өргөн авч, тэрээр 20 нас хүртлээ захирагчийн гэрийн үйлчлэгч, зугаацуулагч болж байжээ.
Хожим нь 20-иод настай байх үедээ Жулиа М.Рейтс хэмээх Америкийн шоучинтай уулзах боломж олджээ. Шоумэн түүнийг өвөрмөц бас авьяастай гэж итгүүлснээр тайзан дээр тоглолтоо хийж эхэлжээ. Жулиагийн дебют тоглолт 1854 онд Нью-Йорк хотын Готик танхимд /наран шарлагын газарт ч гэдэг/ болжээ. Тэр цагаас хойш түүнийг “Мууран эмэгтэй”, “Бабун авхай” гэх болов. Нью-Йорк хотын эмч, мэс засалч Александр Браун Мотт Бабун авхайг орангутаны эрлийз хэмээн мэдэгдэж, Жулиагийн сурталчилгааны агентууд үүгээр нь сурталчилгаа хийж байжээ.
Бодит байдал дээр Жулиа зөөлөн, сайхан сэтгэлтэй, сийрэг ухаантай, гурван хэлээр ярьдаг эмэгтэй байв. Мөн бүжиглэж, дуулахыг өөрөө бие даан сурч, хоол хийх, оёх, аялах дуртай байжээ. Европ руу аялахын өмнө Жулиа менежер Теодор Ленттэй Мэрилэнд мужийн Балтимор хотод нууцаар гэрлэжээ. Жулиа түүнд чин сэтгэлээсээ хайртай байсан бол Теодор харин ашиг олох зорилгоор гэрлэсэн гэж үздэг.
Гэрлэснээс хойш Лент бүх мэдлийг гартаа авч, АНУ болон Европ даяар аялав. “Бабун хатагтай”, “Нохойтой эмэгтэй”, “Үсэрхэг эмэгтэй”, “Апэ-эмэгтэйтэй нүүр тулсан нь”, “Мууран эмэгтэй “, “Баавгай эмэгтэй”, “Номын зохиол” зэрэг бүтээлүүд “амилав”. Пастрана тоглолтын үеэр дуулж, бүжиглэж, үзэгчидтэй харьцаж авьяас чадвараа бүрэн харуулдаг байлаа.
Москвад хийсэн аялан тоглолтын үеэр Пастрана өөртэйгөө ижил төстэй хүү төрүүлэв. Хүүхэд ердөө гурав хоног амьд байсан бол Пастрана төрснөөсөө хойш 5 хонгийн дараа төрсний дараахь үеийн хүндрэлээс болж нас баржээ. 26-хан насандаа.
Жулиа Пастрана үхсэний дараа ч амгалан нойрсож чадсангүй.
Түүний зальт нөхөр эхнэр болон хүүгийнхээ цогцсыг Москвагийн их сургуулийн анатомийн профессор Соколовт өндөр үнээр заржээ. Гэхдээ профессор цогцсуудыг янзалж дуусгаад олон нийтэд үзүүлэхэд Лент буцаан худалдаж авчээ. Тэр цогцсыг шилэн шүүгээнд хийж, бүтэн зургаан жилийн турш дэлхий тойрон хүмүүст үзмэр болгон ашиг олж байв. Хожим нь Лент түүнтэй ижил төстэй шинж чанар бүхий өөр нэг эмэгтэйг олж, түүнтэй гэрлэн улам ч хөрөнгөжжээ. /Мари Бартелээс Зенора Пастрана/
Зарим эх сурвалж түүнийг 1884 онд нас барахдаа Оросын сэтгэцийн байгууллагад шилжүүлсэн гэж үздэг. Зуу гаруй жилийн турш Пастрана болон түүний хүүгийн цогцсыг дэлхийн өнцөг булан бүрт музей, цирк, зугаа цэнгэлийн паркуудад үзүүлсэн байв. Товчхондоо 2013 оныг хүртэл Пастрана амар амгаланг үзсэнгүй. 2013 оны 2-р сард Синалоа мужийн амбан захирагч шарилыг төрөлх газрынхаа ойролцоох Синалоа де Лейва дахь оршуулгын газарт нутаглуулснаар сая нэг амсхийжээ. Гэвч өнөөг хүртэл түүний энэ түүх хүн төрөлхтний сонирхлыг татсаар байна. Пастранагийн амьдралыг харуулсан “Эмгэнэлт амьдралын үнэн түүх ба дэлхий дээрх хамгийн аз жаргалтай эмэгтэй” (1998) зэрэг бүтээл, түүний амьдралын тухай дуу ч гарсан байдаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй