Ё.Баатарбилэг: Сувилагч мэргэжлээр суралцаж байгаа хүүхдийн төлбөрийг улсаас дэмжихээр болсон

2020-04-21 942 0

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Засгийн газар, салбарын яамнаас хичээл, сургалтын үйл ажиллагаатай холбоотой гарсан тушаал, захирамжуудын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр “Өнөөдрийн байдлаар 192 оронд цэцэрлэг, сургууль бүрэн хаасан. Нэлээдгүй улс орнуудад хэсэгчлэн хаагаад байна. Үүний улмаас дэлхийн 1.7 тэрбум хүүхэд, залуус сургалтад хамрагдах боломжгүй болоод байгаа нь нийт суралцагчдын 91.3 хувийг эзэлж байна.

Өнөөдрийн байдлаар сургалтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой Засгийн газрын нэг тогтоол, сайдын хоёр захирамж гарсан байна. Есдүгээр сарын 1 хүртэл хичээл сургууль хойшилсонтой холбоотойгоор эцэг эх, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад үйл ажиллагаагаа хэрхэн зохион байгуулах вэ гэдэг хүлээлт үүсээд байгаа.

Дөрөвдүгээр сарын 15-нд гарсан Засгийн газрын тогтоолоор хичээл, сургуулийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1 хүртэл хойшлуулсан. Үүнтэй холбоотойгоор 12-р ангийн хүүхдүүдээс монгол хэлний шалгалт авахгүй өнжөөх шийдвэр гаргасан. Мөн сургууль, цэцэрлэгүүдийн халаалт, гэрэл цахилгаан зэрэг хэмнэж болох хэмнэлтийг хийх тогтоол орон нутгууд руу хүргүүлсэн.

Уг тогтоолыг дагалдан дөрөвдүгээр сарын 17-нд салбарын сайдын тушаал гарсан. Тушаалаар:

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ТАЛААР

-Сургууль цэцэрлэгийн хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг зургаадугаар сарын 1-ээр дуусгаж, ЕБС, цэцэрлэгийн сурагчдад зориулсан теле хичээлийг зургаадугаар сарын 1 хүртэл үргэлжлүүлэх,
-1, 5, 10 жил ажилласан багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалтыг 2020 оны 4, 5 дугаар саруудад онлайнаар зохион байгуулах. Энэ сургалтад 4500 багш бүртгүүлсэн. Одоогоор 1800 багш хамрагдаад байна.

-Теле болон цахимаар явуулсан хичээлийг багшийн журналд тэмдэглэсэн байх зэргийг журамласан.

Эцэг эхчүүд сүүлийн үед теле хичээлийг шүүмжлэх хандлага гаргах боллоо. Энэ бол олон мянган хүүхдийн эрх ашгийг хамгаалж чадварлаг багш нар өндөр түвшинд зохион байгуулж байгаа ажил. Теле хичээлд хамрагдаж чадахгүй, шүүмжлээд байвал хүүхэд хохирно. Яам, багш нар ажлаа хийж байгаа.

Элсэлтийн ерөнхий шалгалтын даалгаврыг гүйцэтгэхэд тулгардаг асуудалтай холбоотойгоор зөвлөмж, зааврыг элсэгчдэд хүргүүлнэ.

Цэцэрлэг болон дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн хувийн хэрэглэлийг дөрөвдүгээр сард багтаан эцэг, эхэд хүлээлгэн өгч, цэцэрлэг, сургуулийн засварыг энэ жил зогсооно. Эцэг, эхчүүдээс засварт зориулж мөнгө хураахгүй.

Сургуулийн номын сангаас авч хэрэглэж байгаа номыг хураах, хүүхэд шинээр бүртгүүлэх үйл ажиллагааг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулна.

ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ТАЛААР


-Их, дээд сургууль, коллежтэй холбоотой сайдын тушаалд 2020-2021 оны бакалаврын зэргийн хөтөлбөрт элсэлт авахдаа босго оноо төрийн өмчийн их, дээд сургуульд 480, хувийн өмчийн дээд сургуульд 410, орон нутгийн өмчийн их, дээд сургуульд 400 оноо байхаар тогтоож байгаа. Энэ бол өнгөрсөн жилийн жишиг.

-2019-2020 оны хаврын улирлын сургалт, диплом хамгаалалт, төгсөлтийг 2020 оны зургаадугаар сарын 20-ны дотор цахим хэлбэрээр зохион байгуулна.

-Төгсөлттэй холбоотой хонхны баярыг олноор цугларч тэмдэглэж болохгүй. Их, дээд сургуулиуд өөрсдийн төгсөгчидтэй холбоотой тэмдэглэлт, баяр ёслолын үйл ажиллагаа зохион байгуулахгүй гэдгээ илэрхийлсэн.

-Засгийн газрын тогтоолоор буцалтгүй тусламж үзүүлдэг оюутнууд байдаг. Энэ жилийн тухайд Сургалтын төрийн сангаас 8460 оюутанд 169 тэрбум төгрөгийн тусламж олгоно. Гэхдээ мөнгөн тусламж нь сангаас орж ирээгүй гэдгээр тухайн оюутныг шалгалтад оруулахгүй байж болохгүй. Төрийн сангаас мөнгө нь удахгүй орно. Эдгээр оюутныг шалгалтад заавал хамруулна.

-Их, дээд сургуулийн элсэлтийг 2020 оны долоодугаар сарын 10-ны дотор орон даяар цахимаар зохион байгуулна.

12 дугаар анги буюу төгсөх ангийн 28500 хүүхэд байгаа. Тэдгээр хүүхдийн 10 мянга гаруй эцэг, эх санал гаргасан. Уг саналаар 12-р ангийн хүүхдүүдэд багшаар нь биечилж танхимаар давтлага өгмөөр байна гэсэн. Яамны зүгээс нөхцөл байдлыг харж, судална.

Тавдугаар сард коронавирусийн тархалт гайгүй бол суралцагч, эцэг эхийн сайн дурын үндсэн дээр зөвхөн 12-р ангийнханд сургууль дээр нь танхимаар давтлага өгүүлэх асуудлыг судалж байна. Энэ жилээс сувилагч мэргэжлээр суралцаж байгаа хүүхдийн төлбөрийг улсаас дэмжихээр болсон. Сурлагын голч онооны босго дүнг харгалзан төрөөс зардлыг нь даана.

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙД


Үндэсний их баяр наадмын комисс саяхан хуралдсан. Одоогийн байдлаар баяр наадмыг зохион байгуулна гэдгээр бэлтгэл хангаад явж байгаа. Гэхдээ мэдээж цар тахлын нөхцөл байдлаас шалтгаална.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19

Бражеш Патхак: Нярайн тасагт гал гарч, 10 нярай эндсэн эмгэнэлт явдлын буруутныг олж хатуу арга хэмжээ авна

Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт гал гарч улмаар 10 няр

2024-11-18