Туркийн хоёр иргэн эдгэрсэн ч, өөрсдийн хүсэлтээр ХӨСҮТ-д хянагдаж байна

2020-04-19 811 0

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Монгол улсад коронавирусийн тохиолдол нэгээр нэмэгдэж, батлагдсан тохиолдол 32 бүртгэгдлээ.  

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: “Дөрөвдүгээр сарын 18 буюу өчигдөр Монгол улсын хэмжээнд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-ийн хоёр лабораториар 104 хүнд шинжилгээ хийж хяналаа. 

Замын-Үүдэд тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдол болон түүнтэй хамт Замын-Үүд боомтоор орж ирсэн 58 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. 

Тусгай үүргийн онгоцоор дөрөвдүгээр сарын 8-нд олон хүнд өвчтөн ирсэн. Эдгээр хүмүүсийг хоёр удаа шинжилж, хянаж үзлээ. Энэ дотор хавдрын оноштой хүмүүс ч ирсэн. Тэдгээр хүмүүсийг бид онцгой анхаарч шинжилгээ авч, хянаж байгаа, энэ хүмүүсээс коронавирус илрээгүй. 

Монгол улс дотроо алдчихсан юм бишүү гэж зарим хүмүүс үймүүлээд байгаа. Бид давхар судалгаа, шинжилгээ хийж байгаа. Эмнэлгүүдэд уушигны хатгалгаагаар өвдсөн улсуудаас сорьц авч шинжилж байгаа. Түүгээр коронавирус илрээгүй. Хяналт, тандалтын шугамаар 7 хүнд, ХСҮТ-д хавдраар хүнд өвчилсөн хүмүүс дунд судалгааны зорилгоор шинжилгээ авсан, нийт 35 хүний шинжилгээ авахад коронавирус илрээгүй. 

Энэ нь ямар учиртай вэ гэхээр бид Монголд халдвар орж ирсэн байна уу гэдгийг тандаж, судалж байна. 

ОХУ-аас ирж тусгаарлагдсан 30 хүнийг сонгож авсан. Тэр дотроос дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсад нэг тохиолдлоор нэмэгдлээ. 

Туркийн хоёр иргэн эдгэрсэн. Таван төрлийн сорьцоор гурван өдөр дараалж шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Гэвч тэр хоёр иргэн ХӨСҮТ-өөс гарч өөр байранд тусгаарлагдах ёстой боловч өөрсдийн хүсэлтээр ХӨСҮТ-д үргэлжлүүлэн хянагдаж байна.

Бид үргэлж хянаж, судалж, тандалт хийж байгаа. Өнгөрсөн гурван сар яг ингэж ажиллаж байна” гэв. 

МОНГОЛ УЛСАД БҮРТГЭГДСЭН “COVID-19”-ИЙН 32 ТОХИОЛДОЛ:

2020.03.10: Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.

2020.03.16: Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.

2020.03.17: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэнээс дахин коронавирусийн халдвар илрэв.

2020.03.18: Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг ХӨСҮТ-ээс мэдээлэв.

2020.03.21: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн 10 батлагдсан тохиолдол бүртгэгдэв.

2020.03.26: Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвар илрэв.

2020.03.28: Стамбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрч 12 дахь тохиолдол бүртгэгдэв.

2020.04.01: Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илрэв.

2020.04.06: ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдэв.

2020.04.08: Хойд хилээр 2020 оны гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илрэв.

2020.04.13: 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ.

2020.04.14: ОХУ-аас Алтанбулагийн боомтоор орж ирэн ХӨСҮТ-д тусгаарлагдаад байсан сэжигтэй 20 тохиолдлын 13-аас нь коронавирусийн халдвар илэрч, Монгол улс дахь “Covid-19”-ийн батлагдсан тохиолдлын тоо 30 болов.

2020.04.16: ОХУ-аас ирэн “Амар” зочид буудалд тусгаарлагдаад байсан 11 хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс нь коронавирусийн халдвар илэрлээ. 

2020.04.19: ОХУ-аас ирж тусгаарлалтад байсан нэг монгол иргэнээс коронавирус илэрсэн.

Ингэснээр Монгол улсад илэрсэн коронавирусийн тохиолдол 32 болов. Үүнээс эдгэсэн 7 тохиолдол байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19