Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путин 15 хүүхэд төрүүлж өсгөсөн Надежда Александровна Рогова хэмээх бүсгүйд “Баатар эх” цол хүртээх 761 дугаар зарлигт гарын үсэг зуржээ.
Өдгөө 41 настай Надежда Рогова болон түүний нөхөр 43 настай Иван Рогов нар 20 гаруй жил ханилж, 10 охин, 5 хүү буюу нийт 15 хүүхэд өсгөж буй өнөр өтгөн гэр бүл аж. Гэр бүлийн тэргүүн Иван Хруничевын нэрэмжит сансар судлал, үйлдвэрлэлийн төвд ажилладаг бол эзэгтэй Надежда гэртээ гэр бүлийн цэцэрлэг зохион байгуулан ажилладаг байна.
Тэдний ууган охин Татьяна нь 22 настай бол хамгийн отгон охин Вера 2026 оны наймдугаар сарын 6-ны өдөр мэндэлжээ. Эх барьж авсан эмэгтэйчүүдийн эмч Василий Ассанскийн 30 орчим жилийн ажлын практикт Надежда хамгийн олон хүүхэд төрүүлсэн эхээр тодорсон байна. Түүнчлэн 15 хүүхэд бүгд мэдээ алдуулагч тариа хэрэглэлгүйгээр жамаараа төрсөн бөгөөд аав Иван бүх төрөлтөд биечлэн хамт байжээ.

Энэхүү нэр хүндтэй шагналыг авахын өмнө тус гэр бүл төрийн захиргааны шат дамжлагын багагүй саад бэрхшээлийг давсан байна. Нийгмийн хамгааллын байгууллагын албан тушаалтнууд өмнө нь хүүхдүүдээс эрдэм шинжилгээний олимпиад, улсын чанартай уралдаан тэмцээний шагнал хүртсэн байхыг шаардах зэргээр албан бус шалгуур тавьж, цол олгох асуудлыг удаа дараа хойшлуулж байжээ. Энэ тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олон нийтийн анхааралд өртсөний дараа Москва хотын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын газар албан ёсоор түүний нэрийг дэвшүүлж, улмаар ерөнхийлөгчийн зарлиг гарсан байна.
“Баатар эх” хэмээх эрхэм алдар нь төрийн дээд зэрэглэлийн шагналд тооцогддог бөгөөд шагнагдсан эхэд нэг сая рублийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгохоос гадна сар бүр 76 мянга гаруй рублийн тэтгэмж, тэтгэврийн хөнгөлөлттэй нөхцөл олгодог юм байна.
Эх сурвалж:Livetv.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй