“Мега” төслүүдийг гацаанаас гаргах хуулийг энэ долоо хоногт батална

2026-05-04 169 0

УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганаар “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, батлахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Энэхүү хууль нь ердөө есөн зүйлтэй хэдий ч Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал, төсвийн бодлогод томоохон эргэлт хийхээр байна.

Ямар төслүүд “тусгай эрх” эдлэх вэ?

Хуулийн төслийн 3 дугаар зүйлд зааснаар дараах гурван стратегийн төсөл энэ хуулийн дагуу “онцгой” горимоор санхүүжихээр тусгагджээ. Үүнд:

  • Газрын тос боловсруулах үйлдвэр: Импортын шатахуунаас хараат бус болох зорилготой.
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц: Эрчим хүчний бие даасан байдлыг хангах мега төсөл.
  • Сэлбэ дэд төвийн орон сууцжуулалт: Улаанбаатарын утаа, түгжрэлийг шийдэх 9000 айлын сууцны төсөл.

 Хуулийн гол зангилаа: Төсвийн хязгаарлалтыг “алгасах” нь

Энэ хуулийн хамгийн маргаантай бөгөөд ач холбогдолтой хэсэг нь 4, 5, 6 дугаар зүйлүүд юм. Одоогийн мөрдөж буй хуулиар төсвийн алдагдал ДНБ-ий тодорхой хувиас хэтрэх ёсгүй байдаг. Харин шинэ хуулийн төсөлд:

“Дээрх мега төслүүдийн гадаад зээлийн санхүүжилт нь Төсвийн хүрээний мэдэгдэл дэх нийт зарлага болон алдагдлын хязгаарт үл хамаарна” (4 дүгээр зүйл) гэж заажээ.

Мөн төсвийн алдагдал ДНБ-ий 2 хувиас хэтэрч болохыг хуульчлан зөвшөөрч байна. Энэ нь Засгийн газарт төсвийн хатуу босгыг давалгүйгээр эдгээр төслүүдэд зориулж гадаад зээл авах, зарцуулах “чөлөөт карт” олгож буй хэрэг юм.

Маргааны гол сэдэв: Сэлбэ дэд төв ба төсвийн сахилга бат

Хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн байр суурь хоёр туйл руу хуваагдсан.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин “Сэлбэ дэд төвийг заавал энэ хуульд оруулж, төсвийн тусгай шаардлагын гадуур санхүүжүүлэх нь сахилга батгүй үйлдэл гэж үзэж байна. Мөн төр өөрөө 9000 айлын орон сууц барьж эхлэх нь барилгын салбар дахь хувийн хэвшлийн орон зайг үгүй хийнэ” гэж анхааруулсан юм.

Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: “Төсөл хэрэгжих хэрэгцээ асар их байна. Төсөв, өртөгтэй холбоотой эргэлзээ байгаа бол түүнийг аудитаар шалгаж, засаж явах нь зөв болохоос биш нийтийн эрх ашгийн төлөөх том ажлыг бүхэлд нь гацааж болохгүй”  гэв.

Төсөл санаачлагчдын хувьд, Засгийн газар хуулийн хэрэгжилтийн тайланг хагас жил тутам УИХ-д тавих, төслийн хэрэгжилт, санхүүжилтийн мэдээллийг олон нийтэд ил тод, тогтмол мэдээлэх үүрэг хүлээнэ хэмээн тусгажээ.

Энэхүү хууль батлагдсанаар олон жил яригдсан Газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС болон Сэлбэ төсөл санхүүжилтийн саадгүй болох “ногоон гэрэл”-тэй болно. Гэвч нөгөө талдаа төсвийн алдагдлыг ДНБ-ий 2 хувиас давуулахыг зөвшөөрсөн нь эдийн засгийн макро тогтвортой байдалд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нь асуулт хэвээр үлдэж байна.

Хууль  батлагдсанаар Газрын тосны үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн УЦС-ын баригдах хугацаа бодит байдал дээр наашлах буюу эрчимжих өндөр магадлалтай.  Учир нь өмнө нь эдгээр мега төслүүдийн санхүүжилт тухайн жилийн Улсын төсвийн алдагдал, өрийн таазанд баригддаг байв. Хэрэв төсвийн алдагдал хэтэрвэл эдгээр төслийн санхүүжилтийг царцаах эсвэл дараа жилийн төсөв хүртэл хүлээлгэх шаардлага гардаг.

Тэгвэл хуулийн төсөлд санхүүжилтийг төсвийн алдагдлын хязгаарлалтаас (2 хувиас хэтэрч болохоор) гаргаж өгсөн. Ингэснээр санхүүжилт төсөв хэлэлцэх бүрд “улс төржих” эсвэл “царцах” эрсдэлгүй болж, ажил тасралтгүй үргэлжлэх боломж бүрдэнэ.

Түүнчлэн мега төслүүд ихэвчлэн гадаадын хөнгөлөлттэй зээлээр хэрэгждэг. Хуулийн төслийн гол агуулга болсон газрын тосны үйлдвэр гэхэд л Энэтхэгийн, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц БНХАУ-ын зээлээр санхүүжиж байгаа.  Төслийн явцад зардлын өсөлт гарахад (түүхий эд, тээврийн үнэ нэмэгдэх гэх мэт) түүнийг шийдвэрлэх гэж дотоодын хууль тогтоомжийн хүрээнд маш их хугацаа алддаг байв. Тэгвэл шинэ хуулиар гадаад зээлийн зардлын өсөлтийг тухай бүр нь төсөвт нэмж тусгах боломжийг нээж өгч байгаа юм.

Эх сурвалж: gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Мега” төслүүдийг гацаанаас гаргах хуулийг энэ долоо хоногт батална

УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганаар “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай”

2026-05-04

Т.Аубакир: Уралдааны явцад 343 хүүхэд мориноос унаж, 5 нь хүнд бэртэл гэмтэл авсан 

Хаврын морин уралдаанууд эхэлж байгаатай холбогдуулан ГБХНХ-ын сайд Т.Аубакир хурдан морины уралда

2026-05-01

З.Мэндсайхан: Иргэдийн сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдуулах албан татварыг 100 хувь буцаан олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын

2026-04-29