Монголын Үндэсний Бөхийн холбооны салбар холбоо байгуулах анхдугаар хурал 2026 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамны байранд болсон байна. Америкийн нэгдсэн улсад 1990 оноос хойш нийтдээ 43.000 гаруй Монголчууд ажиллаж, амьдарч байгаа ба энэ нь хилийн чанадад амьдарч буй иргэдийн 20 гаруй хувийг эзэлдэг аж.
Тус улсад амьдарч байгаа иргэдийн дунд үндэсний бөхийн улс, аймаг, сумын алдар цолтой 70 гаруй бөх байгаагаас дурдвал Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын өсөх идэр, улам нэмэх харцага Б.Жавхлантөгс, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, улсын начин П.Эрдэнэбаяр, Увс аймгийн Түргэн сумын харьяат улсын начин А.Эрхэмбаяр, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат улсын начин Л.Нямсүрэн болон аймгийн заан, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ А.Эрдэнэбилэг, Ц.Төгсжаргал, Ч.Мөнхбаяр, аймгийн начин С.Миарагчаа, аймгийн начин А.Өсөхбаяр, аймгийн начин Б.Цэрэндаваа мөн чөлөөт, жүдо бөхийн тамирчин МУГТ Э.Бэхбаяр, МУГТ Б.Номин, ОУХМастерууд Т.Зүүнбаян, А.Болдсүх, н.Баясгалан, н.Батзориг, Д.Сүлдбаяр нарын олон бөх байна.
Ийнхүү АНУ дахь МҮБХ-ны Салбар холбоог байгуулж, холбооны тэргүүнээр улсын начин Л.Нямсүрэн, дэд тэргүүнээр сумын заан А.Амарбаяр, удирдах зөвлөлийн 9 гишүүнийг сонгож дүрмийг баталжээ.
Тус холбоо нь АНУ-д ажиллаж, амьдарч буй бөх сонирхогчид болон бөхчүүд нэгдэн үндэсний уламжлалт бөхийн спортыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд, залуучуудын үндэсний бөхөөр хичээллэх боломжийг нэмэгдүүлэх, Монгол хэл, соёл, уламжлалыг спортын орчноор дамжуулан өвлүүлэх зорилго тавин ажиллах юм. Мөн бөхийн сургалт, тэмцээн, арга хэмжээг тогтмол зохион байгуулах гэнэ.
МҮБХ-ны салбар холбоод Европ, Австрали, БНСУ, Япон зэрэг улсуудад албан ёсоор байгуулагдсан бөгөөд АНУ-д тав дахь холбоо ийн байгуулагдаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй