УИХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахаар боллоо

2025-10-17 228 0

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцлээ.

Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-д өргөн барьснаас хойш гурав хоногийн дотор хэлэлцэж, 10 хоногийн дотор эцэслэн шийдвэрлэх ёстой.  Хуулийн энэ хугацаа өнөөдөр 13:30 цагаар дуусаж байгаа юм. Тиймээс асуулт асууж, саналаа хэлэхээр нэрээ бүртгүүлсэн 44 гишүүн бүгдээрээ үг хэлэх цаг байсангүй.

Цаг тулсан учир санал хураалт явуулж, чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжлээ.

Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх талаар ТББХ-ны дэмжээгүй саналыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хурааж, санал хураалтад оролцсон 111 гишүүний 64 хувь буюу 71 гишүүний саналаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцрууллаа.

Санал хураалтаас өмнө Ерөнхий сайд Г.Занданшатар:

“Өнөөдөр асуултад бүрэн хариулах боломж олдоогүй учраас хэлэх үгээ дуусгахыг хүсч байна. Эдийн засгийн сэргэлт бол зүгээр нэг тоон үзүүлэлт биш. Энэ бол баялгийн хулгай, нүүрсний хулгайтай хийсэн тууштай тэмцлийн үр дүн юм. Бид иргэддээ нээлттэй, хариуцлагатай нийгмийг цогцлоох, эрүүл тогтолцоог төлөвшүүлэх зарчмыг баримтлан ажиллаж ирсэн. Энэ бүхий л тэмцлийн эцэст гарч буй өсөлтийг зөвхөн статистикт үлдээхгүй, харин Монголын өрх бүрт, иргэн бүрт бодит өгөөж болгох нь бидний гол зорилго.

Бид Монголын баялгийг дээрэмдсэн хулгайтай тэмцэж, түүний үр дүнд эмч, багш нарынхаа цалин, ахмад настнуудынхаа тэтгэврийг нэмэгдүүлэхийн төлөө ажилласан. Энэ бол манай Засгийн газрын амин сүнс, үйл ажиллагааны гол чиг шугам юм.

Би сандал суудалтай зууралддаг хүн биш. МАН-ын намын олонх гишүүдийн саналаар би Ерөнхий сайдаар томилогдсон. Надад итгэл хүлээлгэж байна гэж ойлгосон.

Би гаднын сайтын мэдээлэлд үндэслэн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг гүтгээгүй. Хоёр жилийн өмнө гарсан мэдээллийг яагаад няцаагаагүй юм бэ гэдгийг асуусан.

Би улс орноороо наймаалцахгүй. Нүүрсний хулгайч нартай тохиролцохгүй. Өнөөдөр бид уг нь ард түмнийхээ амьдралыг сайжруулах тухай ярих ёстой ч, дөнгөж 100 хоносон Засгийн газраа огцруулах тухай яриад зогсож байна. Би хулгайтай эвлэрэх гэж тэмцээгүй. Би хулгайтай хамт унах гэж тэмцээгүй. Харин ард түмэнтэйгээ хөгжил дэвшил өөд хамтдаа босох гэж тэмцсэн. Эв нэгдэл зөвхөн шударга ёсонд үндэслэн тулгуурлах учиртай.

Хууль ялах уу, хулгай ялах уу гэдэг төрийн тамгатай түүхэн сонголтын өмнө та бүхэн зогсож байна. Монгол Улсад хууль ёс ялах болтугай. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” хэмээсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахаар боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцлээ. Үндс

2025-10-17

Д.Амарбаясгалан УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл дөнгөж сая хуралдлаа. Хурлын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан албан

2025-10-16

Б.Чойжилсүрэн: Энэ өвөл цахилгаан таслахгүйг хичээнэ, гэхдээ хязгаарлахыг үгүйсгэхгүй

Өнөөдөр 14:00 цагийн орчимд Улаанбаатар хотын хэд хэдэн дүүрэг, хороонд эрчим хүч тасарлаа. Цахи

2025-10-16