Ерөнхий сайд Г.Занданшатар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Хоёр хоногийн дараа манай Засгийн газар бүрдсэний 100 хоног тохиож байна. Нүүрсний үнэ бараг хоёр дахин унасан, экспорт 15 хувиар буурсан зэргээс шалтгаалж төсвийн орлого 3.2 их наядаар тасрах эрсдэл үүссэн, улаанбурхан өвчин дэгдсэн үед Засгийн газрыг хүлээж авсан. Энэ байдал цааш үргэлжилбэл ам.долларын ханш 4000, инфляц 15 хувьд хүрч болзошгүй байгааг судлаачид, эдийн засагчид хэлж байсан. Эдийн засгийн өсөлт 2.4 хувь болоод буурчихсан байсан. Тухайн үед хэмнэлтийн тодотголтой төсвийн тодотголыг яаралтай хийснээрээ эдийн засгийн өсөлтийг бий болгож чадсан. Өнөөдөр эдийн засгийн өсөлт 5.6 хувь болж өслөө. Валютын нөөц 5.7 тэрбум ам.долларт хүртлээ.

  • Төрийн албаны давхардал чирэгдлийг багасгалаа. Төрийн өмчийн компаниудын шинэчлэл, цомхотголыг үр ашигтай өрнүүлж байна. Энэ бүхний үр дүнд инфляц тогтворжлоо. Төсөв наймдугаар сард 52 тэрбум төгрөгийн ашигтай болж гарсан. Тоо худлаа хэлдэггүй. Энэ бол манай 100 хоногийн ажлын бодит үр дүн. Бид цаашдаа энэ бүхэн дээрээ үндэслээд шинэчлэлийг эрчимжүүлнэ.
  • Төсвийг иргэдийн оролцоотой болгосон. Одоо иргэдийн хяналттайгаар хэрэгжүүлж, эцэст нь иргэддээ тайлагнана. Эрүүл мэндийн салбарын төсвийг тав дахин, боловсролын салбарын төсвийг хоёр дахин нэмлээ.
  • Эрүүл мэндийн салбарт улаанбурхны тархалтыг онцгой дэглэм тогтоож хяналтдаа авсан. Хойд бүсэд халдвартын шинэ эмнэлэг барих шийдвэр гарсан. Гал түймэр, ган зудтай үед Онцгойгийн албан хаагчдын нэмэгдлийг 40 хувиар нэмсэн. Ургац хомс байсан ч ургацын баяраа тэмдэглэх хэмжээнд хүрсэн.
  • Нийгмийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлаа эрчимжүүлж байна. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, хар тамхитай тэмцэх тусгай алба байгуулсан. Гаднаас орж ирдэг сүлжээг илрүүлж, тусгай ажиллагаа явуулсан.
  • Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхэлсэн. Төгрөг нуур зураг стратегийн орд газруудын өгөөжийг төвлөрүүлж, ард түмэнд хүртээх зарчимд шилжиж байна. Шинээр 357 сая тоннын нөөцтэй зэсийн орд илэрсэн.
  • Дижитал шилжилтийн хүрээнд и-баримтыг цаасгүй болгож, хиймэл оюун ухааны үндэсний стратегийг баталлаа. Цагдаагийн байгууллагын шинэчлэлийг эхлүүлсэн. Виртуал бүс байгуулж, татварын хөнгөлөлт үзүүлэх нөхцөл бүрдүүлсэн.
  • Төсвийн хувьд НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгож, нийт иргэдийн 80 хувь нь жилдээ хоёр сая төгрөгийн буцаан авалт авах боломжтой болсон. Энэ бол иргэдийн оролцоотой, хяналттай төсвийн шинэчлэл юм.
  • Далд эдийн засгийг ил болгож, татварын баазыг өргөтгөхөөр ажиллаж байна.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 100 хоногийн ажлын ололт амжилтыг дүгнээд, ирэх таван жилийн үндсэн чиглэлийн концепцыг танилцууллаа. Энэ нь “Шинэ итгэл, эрс шинэтгэл” нэртэй, 10 цогц реформыг агуулж байгаа юм.

  • Хүний хөгжлийн реформ,
  • Засаглалын реформ,
  • Эдийн засгийн бүтцийн шинэчлэл,
  • Татварын шинэчлэл,
  • Цахим шинэчлэл,
  • Ногоон хөгжил,
  • Эрчим хүчний шинэчлэл,
  • Хот, хөдөөгийн хөгжлийн шинэчлэл,
  • ХАА-н шинэчлэл,
  • Үндэсний нэгдэл, үнэт зүйл.

Залуучууд спортоор дэлхийн амжилт гаргаж, Монгол Улсад шинэ итгэлийг өгч байна. Бид энэ шинэ итгэл дээр тулгуурлан, авлигагүй шударга нийгэм, технологийн дэвшилтэй хөгжил рүү алхана. Энэ бол Монгол Улсыг 2026–2030 онд дахин хүчирхэгжүүлэх зорилготой, иргэдийн амьдралыг сайжруулах цогц төлөвлөгөө юм” гэв.