Хар-Ус нуурыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэж, батламжиллаа

2024-09-09 3558 0

Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлж, саяхан уг бүртгэлийн батламжаа авчээ.

ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд нэгдсэнээр аливаа газар нутгийг хамгаалахдаа түүний ойр орчимд амьдарч байгаа нутгийн иргэдийн нийгэм – эдийн засаг, соёлын хэрэгцээ шаардлага, онцлогийг нь харгалзан асуудлыг хамтатган шийдвэрлэх зорилготой. Тийм ч учраас дэлхийн, бүс нутгийн, улс орны экологийн тэнцлийг хангахад чухал нөлөө бүхий байгаль, түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий газруудыг Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд хамруулж, тэдгээрийн хамгаалалтыг сайжруулах асуудлыг шат дараалалтайгаар хэрэгжүүлдэг.

Өмнө нь Монголоос Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд нийт есөн газар бүртгүүлсэн нь ийнхүү нэгээр нэмэгдэж, 10 болж байгаа юм.

Хар ус нуур нь Монголын баруун хязгаарын Их нууруудын хотгор дахь цэнгэг уст нуур. Мөн Монголын мянгаас дээш хавтгай километр талбайтай дөрвөн нуурын нэг. Эргэн тойрондоо Монгол Алтайн нуруугаар хүрээлэгдэнэ. Монголын том нууруудын нэг Хар ус нуур нь 1153 ам километр талбайтай, 72 километр урт, 26 километр өргөн, дундаа аралтай, урд захаараа хулс, шагшуургатай.

Хар ус нуур Ховд, Буянт голоос гол тэжээлээ авах бөгөөд уг сав газрын гол мөрний усыг хүн ам, үйлдвэрийн усан хангамж, хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний ногооны усалгаанд хэрэглэснээс үүдэн нуурын усны түвшин доошилж, эрэг нь налуу талархаг болж эргийн зурваст зэгс шигүү ургаж намагжсан гэсэн судалгаа гарчээ.
Агнуурын зориулалттай монгол хадран, Алтайн сугас зэрэг цэнгэг усны загас, хоёр нутагтан, мөлхөгчид, 270 зүйлийн шувууд Хар ус нуурын ай савд бүртгэгджээ. Монгол орны Улаан номонд орсон борцгор хотон, халбаган хошуут, хар өрөвтас, цэн тогоруу, хархираа тогоруу, хуруут хун, гангар хун зэрэг шувуудын өлгий нутаг юм.
Хар ус нуурын байгалийн цогцолбор газарт цэнгэг уст нуур, ус намгархаг газар, говь хээр, тал хээр, Алтайн мөнх цаст сарьдаг уулс хослон байдаг нь байгалийн гайхамшигт урлан ажээ.

Гэвч нуурын хөвөө орчимд малын даац хэтэрч, зэгс хулсыг нь хайр найргүй устгаснаас болж Ховд, Буянт голын бургас бут сөөг багасан, нуурыг тэжээдэг олон салаа гол хатаж ширгэсэн байна. ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газрын сүлжээнд нэгдсэнээр Хар ус нуурын байгалийн цогцолбор газрыг олон улсын анхааралд оруулж, хамтын хүчээр хамгаалах боломжтой болж байна. Хар ус нуурын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа 1997 онд байгуулагдан ажиллаж байна.

Гэрэл зургийг: Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19

Бражеш Патхак: Нярайн тасагт гал гарч, 10 нярай эндсэн эмгэнэлт явдлын буруутныг олж хатуу арга хэмжээ авна

Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт гал гарч улмаар 10 няр

2024-11-18