МАН-ын Сонгуулийн төв штабаас Өвөрхангай аймгийн Сант суманд болсон золгүй явдалтай холбоотойгоор Г.Сайханбаярын сонгуулийн сурталчилгааг зогсоох улс төрийн шийдвэр гаргасан. Уг шийдвэртэй холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан гаргасан албан бичгээ өнөөдөр СЕХ-нд хүлээлгэн өглөө.
Д.Амарбаясгалан “Монгол Ардын намын сонгуулийн төв штабаас улс төрийн шийдвэр гаргаж, нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагааг зогсоох, эргүүлэн татах асуудлаар Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор албан бичгээр хандлаа. Уг асуудал үүссэн нөхцөлийн тухайд энэ сарын 15-16-нд шилжих шөнө золгүй явдлын улмаас иргэн Б амиа алдсан эмгэнэлт үйл явдал тохиолдсон. Үүнтэй холбоотойгоор амь хохироогч П.Отгонбаатар нь нэр дэвшигч Г.Сайханбаярын штабтай гэрээ байгуулж, ухуулагчаар ажиллахаар явж байсан учраас бид ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн.
Нэр дэвшигч Г.Сайханбаяр тус гэмт хэрэгт холбогдогчтой өөрөө уулзаж, албан ёсны гэрээ хэлцэл байгуулаагүй. Амь хохирогч этгээд нь сонгуулийн сурталчилгааны ажилд оролцож эхлээгүй байсан хэдий ч МАН-ын зүгээс төрийн эрх барих дээд байгууллагын сонгуулийн үйл ажиллагааг илүү хариуцлагатай, ёс зүйтэй явуулах үүднээс тус шийдвэрийг гаргасан болно.
Сонгуулийн үйл ажиллагааг илүү хариуцлагатай, эмх замбараатай явуулах үүднээс МАН-ын сонгуулийн штабаас Г.Сайханбаярын нэрийг татах шийдвэр гаргасан. Өрсөлдөгч намынхан уг эмгэнэлт үйл явдлыг сонгуулийн кампанит ажилдаа ашиглаж байгаад харамсаж буйгаа нэр дэвшигч өөрөө илэрхийлсэн. Хуулийн дагуу сонгогчийн нэрийн хуудас дээр нэр нь бичигдэнэ. Гэхдээ нэр дэвшигчийн сонгуулийн кампанит ажлыг МАН-ын сонгуулийн штабаас бүрэн зогсоосон гэдгийг хэлмээр байна.
Үндэсний зөвшилцөл, эв нэгдэл бүх улс төрийн намуудад байх ёстой. Сонгуулийн сурталчилгааг зохион байгуулахдаа золгүй явдлыг улс төржүүлж, иргэдийг талцуулах, хагалан бутаргах үйл ажиллагаа явуулах нь улсын аюулгүй байдал, бүрэн эрхэт байдалд ч аюул учруулах хэмжээнд хүрч болзошгүй учраас МАН-ын дарга АН-ын даргатай уулзаж, зөвшилцсөн.
Гэтэл АН-ын зүгээс Өвөрхангай аймгийн Сант сумаас мэдэгдэл хийхдээ золгүй явдлыг улс төрийн аллага гэж нэрлэж, захиалга өгч аллага үйлдүүлсэн мэтээр олон нийтэд мэдээлэл өгч байгаа нь зүйд нийцэхгүй.
АН-ын нэр бүхий гишүүд үүлэн чөлөөний нар гэж, үүнийг ашиглаж сонгуулиа хийнэ гэж ил тод, цагаандаа гарч хэлж байгаа нь иргэдийг талцуулах, айдаст автах нөхцөлийг бүрдүүлж байгааг МАН эрс буруушааж байна. МАН авлигачид ялах уу, ард түмэн ялах уу гэсэн уриатайгаар энэ удаагийн сонгуульд орж байна.
Системийн авлигачидтай тэмцэх ажлыг ил тод өрнүүлж ирснийг ард иргэд дэмжиж, Ерөнхий сайдад итгэл үзүүлж байна. МАН-ын дарга орон даяар тойрч ажиллаж байхад иргэдийн уухайн дунд сонгуулийн кампанит ажил явагдаж байна. Бусад аль ч намын даргыг ингэж бүчиж, итгэл үнэмшлээ илэрхийлэхгүй байгааг харж байгаа байх.
Золгүй үйл явдлаар улс төр хийж буй АН-ыг ийм бусармаг улс төрийн үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй