М.БИЛЭГСАЙХАН: Mиний бичихээс илүүтэй ШҮЛЭГ намайг тоож төрдөг

2024-03-25 2211 0

“Монголчуудын амьдрал” сонины “Нууцхан яриа” булан хайр дурлал, секс хийгээд нууц амраг гэх мөнхийн сэдвийн талаар уран үгийн мастеруудын торгон мэдрэмжээс уншигч танаа хуваалцдаг билээ. Мөнхийн энэ сэдвийн хүрээнд Яруу найрагч Мөнхөөгийн БИЛЭГСАЙХАН юу өгүүлэв?

-”Болор цом” ч юмуу ер нь аливаа шүлгийн наадамд шүлгээ уншиж байх тань их л омголон хүн шиг санагддаг?

-Надад томчууд олон удаа хэлж байсан. Билэгээ чиний шүлгэнд уянга дутаад байна шүү гэж. Үнэн байх. Амьдралын эрээн барааныг шүлгээрээ хэлье гэж бодсон. Тийм болохоор л хүмүүст тэгж ойлгогддог байх. Түүнээс биш би тийм ч омголон хүн биш.

-Таны дотоод сэтгэл рүү өнгийвөл..?
-Шүлэг бичнэ гэдэг найрагч хүний дотоод сэтгэлийн илэрхийлэл. Би шүлэг бичдэг гэхээсээ илүү намайг шүлэг тоож төрдөг байх. Өөрөөр хэлбэл би бурханы таалал онгодын зуучийн ачаар шүлэг бичдэг болсон. Бүр багаасаа л шүлэг оролддог байлаа. Цэрэг байхад надаар гэр орон, хань ижилдээ захиа бичүүлдэг байсан. Өвөө маань надад үлгэр ярьж өгдөг хүн байсан. Найрагч болоход минь өвөөгийн үлгэр нэлээд нөлөөлсөн байх.

-2000 оны “Болор цом”-д таныг логикын алдаатай, улс төрийн өнгө аястай шүлэг уншлаа гэж шүүгчид үзэж байсан ч үзэгчид маш их дэмжиж байсан санагдана?
-Миний хувьд “Болор цом”-ыг тэмцээн гэхээсээ илүү яруу найрагч үзэгч хоёрын жилдээ ганц удаа уулзах баяр гэдэг утгаар нь илүү хүлээж авч оролцдог. Тэр жил намайг логикын алдаатай улс төрийн өнгө аястай үндсэрхэг үзэл гаргалаа гэж байсан. Үндэстэн гэж байгаа юм бол үндсэрхэг үзэл байх л ёстой байхгүй юу.

-Хайрын тухай шүлэг бичсэн үү гэж асуумааргүй байна. Хайр гэж таныхаар юу вэ?
-Хайр гэдэг их өргөн цар хүрээтэй ойлголт. Хайрыг мөнхийн сэдэв гэж ярьдаг ш дээ. Хүн болж төрсөн бидний хувьд бие биеэ хүн­дэтгэхийн хамгийн дээд хэл­бэр юм уу даа.

-Нэг л олон хайрын тухай яриад бай­даг?
-Олон хайр байдаг л байх. Гэхдээ тэр олон хайр чинь цаг хугацааны асуудал. Анхны гэдэг нь анх эхлээд сэтгэл алдарч дурлах байдаг юм шиг байгаа юм. Нууцхан хайрыг би нууц байж байгаад ил болохыг хэлдэг байх гэж боддог. Хүн болгон л ийм хайртай учирсан.

-Тэгвэл танд ч нууцхан хайр байдаг байх нь ээ?
-Надад нууц амраг бол байхгүй. Нууцхан хайр байдаг гэвэл эхнэр маань уурлана байх.

-Танд байхгүй нууц амрагийн тухайд?
-Аливаа уран бүтээлч хүн эмэгтэй хүний гоо сайхныг мэдрэх мэдрэмж нь бусдаар арай илүү байдаг байж мэдэх юм. Хажуугаар сайхан хүүхэн яваад өнгөрөхөд түүнийг хараад сэтгэлийн таашаал авах бол байх ёстой зүйл. Миний эхнэрийг ямар сайхан хүүхэн бэ гээд өнгөрөхөд би уурлахгүй. Эхнэрийг минь хүн хүндэлж байна шүү дээ. Надад тэр нууц амраг нь байдаггүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан их нууцлаг зүйл байдаг байх. Гэхдээ лав л эхнэрээ хайрлаж байгаа хайраар хэн нэгэн бүсгүйг хайрлана гэсэн үг биш.

-Тэгээд яахыг хэлнэ гэж..?
-Мэдэхгүй юмаа. Насныхаа эцэст бүр хөгшин болсон хойноо хажуугаар нэг сайхан бүсгүй өнгөрөхөд араас нь харж санаа алдахааргүй өтөлнө гэж санадаг.

-Дурлал хайр хоёрыг жинлэвэл аль нь хүнд бол оо?
-Дурлал нэлээд бага залуу насанд учирдаг зүйл байх. Харин яг үнэн сэтгэлээсээ хайрлаад бие биеэ ойлгоод нэг биеэ хэд хувааж аав, ээж болж амьдрах бол хайр. Тийм болохоор хайр нь илүү жинтэй байгаа биз. Хүн гэдэг цаг хугацааны боол. Тийм учраас хэдий насандаа хэдэн удаа дурлаж хайрлахыг цаг хугацаа л харуулна.

-Хүнд анхны юм болгон мартагддаггүй. Эхнэрээ анх үнсэж байснаа дурсаач?
-Би чинь ангийхаа хүүхдийн дүүг аваад суучихсан хүн шүү дээ. Ах ах гэсээр яваад нэг л өдөр амраг хоёр болчихсон. Цэргээс ирсэн жилээ хамт кино үзээд гэрт нь хүргэж өгөхдөө анх үнсэж байсан. Одоо бодоход их л сандарч байсан юм даг. Үнсэлт бол тэр хүнийг хайрлаж байгаа сэтгэлийн илч юм.

-Тэгвэл секс…?
-Секс гэдэг бол бие сэтгэлийн торгон мэдрэмж.

-Сайхны өмнө харц буруугүй юу?
-Сайхан хөөрхөн хоёрын утга нь нэг юм шиг мөртлөө дотроо их анги ойлголт. Сайхан бол гоо сайхнаасаа гадна тэр хүний дотоод сайхан чанар. Хүний сайхан чанарыг барьж болдоггүй ш дээ. Харж ч болдоггүй. Харин мэдэрч болдог. Тэр бүхний цогцыг л сайхан гэнэ. Хөөрхөн бол харахад шууд нүдэнд тусах хөөрхөн төрх.

-Эр хүнийг та нар
Хааяа ч гэсэн хайрла
Эрлэгт очихоос нь өмнө
Ханийн жаргал эдлүүл гэдэг мөртэй “Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг”-ийг тань уншигчид их үнэлдэг. Энэ шүлгээ бичих болсон тухайгаа яриач?
-Шүлэг өөрөө амьд зүйл. Ямар нэгэн амьтай байх ёстой болов уу. Нэг гарч ирсэн санаа нэлээд хүнд амьд зүйл болдог юм болов уу гэж би боддог. Энэ шүлгийг бичих болсон тухайд гэвэл, цалин буулаа. Нэг найзын маань төрсөн өдөр болж байсан юм. Эрчүүд болсон хойно уулзаж наргиж цэнгэлгүй яахав. Орой нь гэртээ ирээд унтсан. Өглөө сэрсэн чинь авгай нэлээд ширүүн байна. Урдаас цасаар шуурч эхэлж байна. Гараад явахаар нь цалингаа өгөх гээд үзсэн чинь байдаггүй ээ. Бүгдээр нь л уучихаж дээ гэж бодлоо. Охин маань миний өвөрт унтаж байсан юм. Та юу хайгаад байгаа юм гэж байна. Аав нь өчигдөр цалингаа авсан юм. Түүнийгээ л хайж байна гэсэн чинь “Ээж өчигдөр таны халааснаас мөнгө аваад байсан ш дээ” гэхээр нь санаа амарч, ямар ч байсан цалингаараа бүгдийг нь уугаагүй юм байна гэж бодоод тайвширсан юм. Түүн дээрээс санаа төрөөд
Хааяа нэг халамцуу ирэхэд нь
Хараалын үг урсгаж
Халаасыг нь битгий хоосол
Янагийн захиа лав гарахгүй ш дээ, наадахаас чинь
Яахав дээ хөөрхий
Шараа тайлах юмыг нь үлдээ гэдэг мөр санаанд ороод, энэ шүлгийг бичсэн юм.

-Шүлгийг тань уншаад эхнэр чинь яаж хүлээж авсан бэ?
-Үнэн юм байна гээд инээж байсан шүү.

-Та дурламтгай юу, эсвэл хайрламтгай юу?
-Хайрламтгай хүн.

-Яруу найрагчдыг дурламтгай гэдэг шүү дээ?
-Тэгвэл би яруу найрагч биш юм байлгүй.

-Таны хоёр дахь хань шүлэг мөн үү?
-Мөн. Би шүлгэнд өөрийгөө зольж, энэ гэгээн өвчнөөр өвдөж байгаа болохоор яалт ч үгүй хоёр дахь хань маань шүлэг мөн.

-Бичсэн шүлгээ тоолж байсан уу?
-Үгүй юм байна.

-Хамгийн их дуншиж байж төрсөн шүлэг тань?
-Аавыгаа алдсан тэр жил “Болор цом” дээр ч уншиж байсан даа. “Шүлгэн зул” гэдэг шүлэг. Нэлээд нойроо хасаж байж бичсэн. Богинохон шүлэг мөртлөө би тэр шүлгэн дээр их суусан юм даг.

Эх сурвалж: Монголчуудын амьдрал сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Гарьд магнай”-н гоё дүрүүд

ЖИЖИГХЭН ХҮНЭЭС МУУ САНАА ГАРДАГ Б.Магсаржав гуайг найруулагч нь ямар ч сонгон шалгаруулалтгүйг

2024-12-01

Жүжигчин Химаншү Сони 300 хүнээс шалгаран бурхан багшийн дүрийг бүтээжээ

МҮОНТ-ээр гарч буй “Бурхан багш” олон ангит уран сайхны кино хэдийн үзэгчдийг байлдан дагуулаад

2024-11-29

М.БИЛЭГСАЙХАН: Mиний бичихээс илүүтэй ШҮЛЭГ намайг тоож төрдөг

"Монголчуудын амьдрал" сонины “Нууцхан яриа” булан хайр дурлал, секс хийгээд нууц амраг гэх мөнхийн

2024-03-25