Хотын даргын санаачлагаар “Хотын соёл” бүх нийтийн аяныг нийслэл даяар эхлүүлж байна.
Энэ талаар өнөөдөр нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар мэдээлэл хийв.
Ч.Бат-Эрдэнэ: “Монгол Улсын нийт хүн амын 50-иас илүү хувь нь амьдардаг Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байна. Хотын дарга С.Амарсайханы санаачилгаар “Хотын соёл” аяныг албан ёсоор эхлүүллээ.
Нийгмийн бүхий л салбарт ажиллаж байгаа олон залуучууд “Хотын соёл” аяныг дэмжиж, хамтарч оролцоно гэдгээ илэрхийлсэн. Аяныг өнөөдрөөс эхлээд арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал нэг жилийн хугацаанд зохион байгуулна.
Аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид цаг тухай бүрт нь та бүхэнд мэдээлж ажиллах болно. Нийслэл хотод амьдарч байгаа хүн бүхэн аяныг дэмжиж, хамтарч оролцоорой гэж уриалмаар байна” гэлээ.
Ц.Уртнасан: “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд нийслэл хотоос баримталж буй бодлогыг иргэд, олон нийтэд сурталчилж, иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх үйл хэргийг бүх нийтийн хэрэг болгох, хотын соёлтой иргэнийг төлөвшүүлэх зорилгыг дэвшүүлээд ажиллаж байна.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, харьяа агентлаг, дүүргүүдийн бүх албан хаагчид нэг уриан дор нэгдэн аяныг эхлүүлж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын батлагдсан удирдамжийн дагуу ажлын төлөвлөгөөгөө боловсруулсан” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хотын соёлыг олон нийтэд хүргэхэд хамтарч ажиллахыг уриалав
Ц.Мөнхбаатар: “Хотын даргын тоот захирамжууд гарч гудамж талбайд нус цэрээ хаяхгүй байх, орчны гудамж талбайг цэвэрлэх, ариутгах, халдваргүйжүүлэх ажлууд үе шаттай хэрэгжиж байна.
Одоогоос 60 жилийн тэртээ “Соёлын довтолгоо” бүх нийтийн хөдөлгөөнийг улс даяараа өрнүүлсэн байдаг. Энэ хүрээнд нүүдэлчин Монголчуудын тухайн үеийн үзэл суртлын хандлагыг богино хугацаанд өөрчилж, суурин соёл иргэншлийг хэвшүүлж эхэлсэн түүхтэй.
Та энэ хотод амьдарч л байгаа бол хотын соёл, хэв маягт дадах зайлшгүй шаардлага байна. Хотын соёлд иргэн бүрийн оролцоо чухал. Өнөөдрөөс эхлээд бүгд хариуцлагатай иргэн байцгаая гэдгийг иргэддээ уриалж байна.
“Хотоо соёлтой болгоё. Соёлтой хотод амьдрах гоё” уриан дор хотын соёл аян хэрэгжиж эхэллээ” гэв. Мөн “Бүх хэвлэл мэдээллийн байгууллагууддаа хандан уриалга гаргаж байна. Өөрөөр хэлбэл, хотын соёлтой хамаатай энэ ажлыг олон нийтэд хүргэхэд та бүхнийг дэмжиж, хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцолж хэлсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй