Зургаан жилийн хорих ял сонссон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг давж заалдана

2024-02-02 1559 0
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарт холбогдох хэргийг Давж заалдах шатны шүүх хэлэлцэхээр болжээ. Тодруулбал, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч болон өмгөөлөгч нарын 36 гомдол, прокурорын нэг эсэргүүцлийг 2024 оны нэгдүгээр сарын 9-нд хүлээн авчээ. Одоогоор шүүх хурлын тов гараагүй байна.

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох шүүх хурал өнгөрсөн 2023 оны зургадугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, гурван сар үргэлжилсний эцэст 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ дунд УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон.

Харин прокуророос дээрх нэр бүхий гурван гишүүнээс гадна 40 гаруй хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь хөнгөдсөн гэж үзэн эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байдаг. Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдуулан, шүүхээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт зургаан жилийн хорих ял, мөн нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасаж,  73 сая төгрөгийн хөрөнгийг хураах шийдвэр гаргасан.

Түүнийг авлига авсан үндэслэлээр дээрх ялыг оноосон байдаг. Ингэхдээ таван жил хорих ял дээр нэг жилийг нэмж, нийт хорих хугацааг зургаан жил болгож байгааг албаныхан мэдээлсэн.

Ё.Баатарбилэг гишүүний хувьд “Шүүхийн анхан шатны шийдвэрийг зөвшөөрөхгүй, давж заалдана” гэдгээ мэдэгдсэн. Шүүхээс түүнд зургаан жилийн хорих ял оноосон ч хоригдоогүй байгаа. Учир нь, түүнийг УИХ-аас гишүүнээс нь түдгэлзүүлээгүй, мөн Давж заалдах эрхтэй гэж үзсэнээр өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүн гэдэг статустай байгаа.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өмнө нь энэ асуудалд “Эрүүгийн хууль болон УИХ-ын тухай хуулиар үүнийг зохицуулсан. Энэ нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоол буюу давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсны дараа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэж заасан байгаа. Ё.Баатарбилэг гишүүний асуудалд анхан шатны шүүхийн шийдвэр гарчихсан. Өөрөө давж заалдах шатны шүүхэд хандсан байгаа гэж бодож байна. Түүний дараа бүрэн эрхийн асуудал яригдана. Хуралд оролцох нь ёс зүйн хувьд тохиромжгүй гэж үзсэн болов уу” гэж байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19