Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах зорилгоор автомашины дугаарыг хязгаарлаж байгаа ч төрийн албаны хэрэгцээнд ашиглаж байгаа цэнхэр дэвсгэртэй улсын дугаартай автомашинууд олон тоогоор зорчиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор “Цэнхэр дугаартай тээврийн хэрэгслийг бүртгэлийн системээс шалгахад машины өнгө зөрж байна, хуурамч дугаар байж болзошгүй” гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн.
Уг мэдээллийг Тээврийн цагдаагийн албанаас зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн бүртгэлд авч шалгахад “Засгийн газрын Автобааз ТӨҮГ-ын эрх бүхий албан тушаалтан нь байгууллагын тээврийн хэрэгслийн улсын дугааруудыг цэнхэр дэвсгэртэй дугаараар солиулах үедээ “УБҮ” гэх тэмдэглэлийг “УНҮ” гэж алдаатай бичин хүргүүлэн, хэвлүүлж, уг тээврийн хэрэгсэлд алдаатай хэвлэсэн улсын дугаарыг зүүж замын хөдөлгөөнд оролцуулсан” байжээ.
Улмаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 56 дахь хэсгийн 2-т заасныг зөрчсөнийг тогтоож, Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнаас дээрх зөрчлийн холбогдогчид 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгөөр торгох, уг тээврийн хэрэгслийн улсын дугаар алдаатай хэвлэгдсэнийг мэдсээр байж жолоодон замын хөдөлгөөнд оролцсон жолоочид 50 нэгжтэй тэнцэх 50,000 төгрөгөөр торгох, жолоодох эрхийг 3 сарын хугацаагаар хасах шийтгэлийг тус тус оногдуулсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй