ЦЕГ: Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа бус, Н.Өнөрцэцэг гэдэг хувь хүнийг шалгаж байна

2023-12-05 2689 0

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорьсон асуудлаар ЦЕГ-ын Мөрдөн Байцаах Албанаас албан ёсны мэдээлэл хийлээ. 

ЦЕГ-ын Мөрдөн Байцаах Албаны Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баянмөнх:

-“Цагдаагийн байгууллагад нэр бүхий хүн, хуулийн этгээдээс иргэн Ө-д холбогдуулан 2022 оны долдугаар сарын 20, энэ оны 6, 7, 9, 10 дугаар сард эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Өнөөдрийн байдлаар түүнийг Шүүхийн Ерөнхий Зөвлөл/ШЕЗ/ болон иргэд, хуулийн этгээдээс шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн, хувь хүн, иргэний нэр төрд халдсан, худал мэдээллийг олон нийтийн цахим сүлжээ ашиглан тараасан, мөрдөн байцаалтын нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэх хэргүүдэд холбогдуулан шалгаж байна.

Дээр дурдсан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг цагдаагийн байгууллага өөрийн санаачилгаар шалгаагүй. Иргэд, хуулийн этгээдээс өргөдөл, гомдол гаргасан учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шалгаж байгаа юм.

Иргэн Ө-д холбогдох хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргүүдэд энэ оны зургаадугаар сарын 8-ны өдрөөс хойш сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авах зорилгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1-д заасны дагуу өөрийнх нь ашигладаг гар утас руу удаа дараа залгаж дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

Мөн түүнд яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар прокурорын дуудан ирүүлэх хуудас удаа дараа гардуулан өгсөн боловч хүрэлцэн ирээгүй.

Мөрдөгчийн зүгээс утсаар холбогдоход хүндэтгэн үзэх шалтгаан хэлэлгүйгээр тогтоолтой танилцахаас санаатайгаар зайлсхийж мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4-т заасан үндэслэл буюу шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул цагдан хорих арга хэмжээ авсан.

Цагдаагийн байгууллагаас сэтгүүлзүйн салбарыг болон сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдуулан шалгаагүй, иргэн Ө гэдэг хувь хүнийг шалгаж байгааг үүгээр мэдэгдэж байна.

Сэтгүүлч нартай холбоотой гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирдэг. Тухайн сэтгүүлч нар хууль, шүүхийн байгууллагаас дуудсан үед ирж, хуулийн дагуу асуудлаа шийдвэрлүүлээд явдаг. Тухайлбал өнгөрсөн сард нэр бүхий төрийн өмчит компанийн удирдлага хоёр сэтгүүлчийн эсрэг гомдол гаргасан. Үүнийг хуулийн дагуу шалгаж, тухайн сэтгүүлч нарын асуудал гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй байна гэдэг үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Энэ үед хоёр сэтгүүлч дуудсан цагт ирж, мэдүүлэг тайлбараа өгч байсан юм.

Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчимтай. Н.Өнөрцэцэгт мөрдөгч, прокурор, шүүхээс дуудахаар ирэхгүй байх давуу эрх байхгүй. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг прокурорын байгууллагын хяналт дор явуулдгийг үүгээр мэдээлж байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19

Бражеш Патхак: Нярайн тасагт гал гарч, 10 нярай эндсэн эмгэнэлт явдлын буруутныг олж хатуу арга хэмжээ авна

Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт гал гарч улмаар 10 няр

2024-11-18