БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн төрсөн дүү 2004 онд ОХУ-д Боловсролын зээлийн сангийн мөнгөөр сурснаас гадна сайдын эхнэр М.Сэржмядаг 2005 онд Австралийн Мельбурны их сургуульд хууль эрх зүйн чиглэлээр 33.5 мянган ам.долларын зээлээр суралцаж улмаар зээлээ 2017 онд чөлөөлүүлсэн гэх мэдээлэл ил болсон.
Тэгвэл уг асуудалд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан сошиал хуудсаараа тайлбар өгчээ.
Тэрбээр “Миний зүгээс 2023.03.22-ны өдөр Боловсролын зээлийн сангаас санхүүжилт авсан иргэдийн мэдээллийг ил болгож, 04 сарын 07-ны өдөр гэрээний үүргээ биелүүлээгүй 230 иргэний 27 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлэхээр хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн. Өнгөрсөн 7 хоногт үе үеийн сайд нарын тушаалыг ил болгосон. Боловсролын салбарт 30 жил далд хийж, өмхийртөл дарчихсан байсан газрын наймаа, оюуны өмчийн хулгай, дипломын луйвар, зэргийг ээлж дараалан шалгаж, ил болгож, сугалааны цэцэрлэг дагасан хүнд суртал, авилга, чирэгдлийг шийдэж ирсэн. БЗС бол үүний үргэлжлэл. 2005 онд би хувийн хэвшилд ажиллаж байсан, би гишүүн байгаагүй, сайд болохоо мэдээгүй байсан гэж өөрийгөө өмөөрөхгүй. 2005 онд буюу 18 жилийн өмнө МУИС-ийн хууль зүйн сургуулийн шилдэг төгсөгчдийг Австралид суралцуулахад сонгогдсон 10 хүний 1 нь миний эхнэр.
Тухайн үед Хууль зүйн яамны харьяа хууль зүйн үндэсний төвд багшаар ажиллаж байсан. Журмын дагуу сонгогдож, журмын дагуу суралцаж, журмын дагуу ажиллаж, журмын дагуу гэрээний үүргээ биелүүлсэн. Эхнэрийн маань Австрали Улсад суралцсан баримт БЗС-ийн мэдээлэл дотор ил байгаа гэдгийг мэдэж байсан ч ямар нэгэн байдлаар нуух, ил болгохгүй байх үг, үйлдэл гаргаагүй.
Сайд давуу боломжоо ашиглаж эхнэртээ зээл авч өгсөн, чөлөөлүүлсэн мэтээр бүхэл бүтэн 18 жилийн ялгаатай цаг хугацааг хольж, хутгаж сошиал сүлжээгээр явуулж байгаа нь улстөрийн зорилготой үйлдэл болж хувирлаа. Тиймээс эхнэр маань БЗС-ийн журам зөрчөөгүй сонгогдож, журмыг зөрчилгүй суралцаж, журмын дагуу ажиллаж, 2017 онд журмын дагуу чөлөөлүүлсэн хэдий ч БЗС-аар суралцсан төлбөрийг нийгмээс тавьж байгаа шударга ёсны шаардлагыг хүндэтгэн үзэж бүрэн төлсөн болохыг үүгээр мэдэгдэж байна.
Бид БЗС-ийн асуудалд эрүүл, саруул ухаанаар хандах учиртай. Энэ сангаас санхүүжилт авсан бүх хүнийг хавтгайруулан харлуулж, улстөрийн сэдэл агуулах далд санаагаар жинхэнэ хууль зөрчсөн этгээдүүдийг бүдгэрүүлэх учиргүй. Хэн нь шударгаар явж, журмын дагуу зээлээс чөлөөлөгдсөн бэ, ямар хүүхэд өөрийнхөө ур чадвар, боловсролоороо суралцсан бэ, хэн нь БЗС-ийн журам зөрчиж, өөрт байгаа давуу байдлаа ашигласан бэ гэдгийг маш тодорхой ялгаж, зааглах ёстой. БШУЯ-ны архивт үе үеийн сайд нарын тушаал, шийдвэр алдагдаагүй бүгд байгаа гэдгийг хариуцлагатай хэлье.
БЗС-аар албан тушаалаа, мэдээлэлд ойр байдлаа ашиглаж, БЗС-ийн хууль, журам зөрчиж гэр бүл, үр хүүхэд, хамаарал бүхий хүмүүсээ гадаадад сургасан хэнбугай ч зээлээ эргүүлж төлөх ёстой гэдэг шаардлагыг 100 хувь дэмжинэ” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй