Жолооны ард ХЭН байсныг цагдаагийн байгууллага НУУЦАЛСАН бол яах вэ?!

2022-10-18 442 0

Өнгөрөгч даваа гараг буюу аравдугаар сарын 10-ны орой (одоогоос долоо хоногийн өмнө) болсон нэгэн авто осол олон нийтийн сүлжээгээр дамжин өнөөдөр олны анхааралд орлоо.

Олимп хотхоны арын зам дээр болсон энэ ослын бичлэг нийгмийн сүлжээнд тавигдсаны дараа л цагдаагийн байгууллагаас албан ёсны мэдээлэл хийв.  Ингэхдээ “Дайруулсан хоёр хүүхэд эрүүл мэндийн байгууллагын хяналтад байгаа. Бид тухайн осолд шалгалт хийж байна. Шалгалтын ажил дуусаагүй. Осол гаргасан жолоочийг шалгахад архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан, илрээгүй. Нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр биологийн дээж авч, Шүүхийн шинжилгээний хүрээлэнд явуулсан” гэдгээс өөр зүйл хэлсэнгүй.

Мөн явган зорчигчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилсон ч бас л дүгнэлт нь гараагүй байгаа гэнэ. Харин осол гаргасан жолоочийн тухайд “Жолоо барьж явсан иргэн жолооч биш байсан. Жолооны эрхгүй иргэнд жолоо шилжүүлсэн этгээдэд давхар хариуцлага тооцно” гэдгээс өөр хэлэх үггүй сууж байна. Осол гарснаас хойш бүтэн долоо хоног өнгөрчихөөд байхад шүү дээ.

Цагдаагийн байгууллага ингэж л ажлаа хийж байна. Ядаж өнгөрсөн хугацаанд “Жолооч согтуурсан, мансуурсан байсан эсэх, осол юунаас болж гарсан, хурд хэтрүүлсэн үү, эсвэл автомашинд эвдрэл гарсан уу?” гэдэгт хариулт алга. Шинжилгээний дүн гараагүй гэдэг ганцхан үгээр сэтгүүлчдийн амыг хаажээ.

Ийм чадамжтай цагдаа ер нь хэрэг илрүүлэх үү? Хууль зүйн сайд Х.Нямбаатар гэдэг хүн зөвхөн том дүнтэй мөнгөний хэрэг дээр л ажилладаг уу? Осол аваар, гэмт хэргийн газарт ажилладаг цагдаагийн бие бүрэлдэхүүнд чинь өмссөн хувцас, омог хоёроос өөр юм байна уу? АТГ-ын мөрдөж байгаа Хөгжлийн банкны хэргээр улс төрийн шоуд хийж байхаар өөрийнхөө өмнө байгаа аюулгүй байдлын үйлчилгээгээ ажиллагаатай болговол яасан юм бэ, Х.Нямбаатар сайд аа?

Үүнээс гадна цагдаагийн байгууллагын зүгээс ослын шалтгааныг одоо болтол тогтоож чадаагүй гэдэг ч бас эргэлзээтэй. Камерийн бичлэг, замын хашлаганд үлдээсэн ул мөрөөс харахад машин хэр хурдтай явсан, тормоз гишгэсэн эсэхийг дор нь тооцоолоод гаргаад ирнэ. Осол гаргасан эмэгтэй “тормоз дээр гишгэсэн эсэхээ санахгүй байна, тормоз, хааз хоёроо ялгаж чадахгүй байсан” гэж мэдүүлэг өгсөн юм байна. Зөвхөн үүнээс нь үндэслээд “жолоо барих эрхгүй иргэн” гэдэг дүгнэлт хийж болохгүй. Үнэхээр л жолоо барьж үзээгүй, анхан шатны мэдлэггүй бол эрүүл ухаантай эмэгтэй хүн ийм хүчтэй машины хүрдэн дээр суухгүй. Ядаж л дуудлагын жолоочийн үйлчилгээ гэж байгаа биз дээ. Гэтэл цагдаагийн албан хаагчийн хэлж буйгаар бол найз залуу нь согтуу байсан учраас машиныг нь барьсан нь зөвтгөл юм шиг сонсогдож байна.

Хоёрдугаарт, машины туулсан зам, цаг хугацаа, замд нь учирсан саад (2-3 машиныг мөргөж замаас нь гаргаад хоёр удаа замын хашлага давсан) зэргээс харахад тормоз гишгэх боломж хангалттай байсан. Явган зорчигчтой урсгал руу орж ирсний дараа ядаж л хүүхдүүдийн явж байгаа зүгээс эсрэг зүгт жолоогоо дарах боломж байсан. Гэтэл жолооны ард суусан этгээд ямар нэг шалтгаанаар өөрийгөө хянах чадваргүй байсныг бичлэгээс харж болно.

Тиймээс нэгдүгээрт, жолооны ард жолооны эрхгүй эмэгтэй хүн биш, жолооны эрхтэй согтуу хүн сууж явсан байх магадлалтай. Тэр хүний нэрийг нууцлах ямар нэг шалтгаан цагдаагийн алба хаагчдад байсан байх. Хоёрдугаарт жолооны ард жолоо барих эрхгүй хүн суусан байлаа гэхэд өөрийгөө хянах чадваргүй, эсвэл орчин тойрноо мэдрэх чадваргүй нөхцөл байдалд байжээ гэж үзэхээр байна. Нэг бол мансуурсан, эсвэл машин дотор ямар нэгэн асуудал үүссэн байна. Хэрүүл, зодоон болсон уу, согтуу улс жолоогоо булаацалдсан уу?

Бүр тодорхой хэлбэл, дээрх шалтгаануудын аль нэгээс болж цагдаагийн байгууллага ослын талаар хангалттай мэдээлэл өгөхгүй, хэргийг нуун дарагдуулсан гэж харагдаж байна. Түүнээс биш бүхэл бүтэн долоо хоног өнгөрчихөөд байхад түмэн амьтны нүдэн дээр гарсан ослын шалтгааныг одоо болтол тогтоож чадахгүй байна гэж үгүй. Ийм ослын шалтгааныг тогтоож, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцож чадахгүй бол нууц далд үйлдэгдсэн гэмт хэргийг яаж илрүүлэх юм.

Хамгийн сүүлд хамгийн том асуудал бол осол гарсан газрын замын хашлага!!! Явган зорчигчийн замыг автомашины замтай хамт хашлаганд хийдэг ямар ёс байна аа? Зөвхөн энэ осол (уг нь бол гэмт хэрэг) ч биш. Ерөөсөө ийм ачаалалтай зам дээр хэзээ ч, ямар ч осол гарч болно. Гэтэл тэр үед явган зорчигч амиа хамгаалах, аюулаас зугтах ямар ч боломжгүйгээр энэ хашлагыг хийсэн байна. Ийм зам, хашлага барьж байгаа компани, аж ахуйн нэгжийг хотын захиргаа яагаад хардаггүй юм. Зуныг зусан, намрыг намаржин замын бордюр сольдог хотын захиргаа замын хажуугаар барьж байгаа энэ хашлага, хаалтнуудад яагаад хяналт тавьдаггүй юм. Дахиад хаана хэдэн ийм хашлага байгаа вэ? гэдэг сүүлчийн асуулт.

Үүнээс чинь болж хоёрын хоёр нялх амьтан хүрд эргүүлсэн галзуу амьтны хөлд амиа үйх шахлаа. Энэ хотод амьд явах, аюулгүй амьдрах баталгаа байна уу, хотын дарга аа! Хууль зүй, дотоод хэргийн сайд аа!

Б.ЗАЯА inews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

П.Наранбаяр: Цэцэрлэгтээ хонхолзсон ходоодтой биш, цадсан хүүхэд гэртээ харьдаг сайн жишиг тогтоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаас /2024.09.11/ гаргасан шийдвэрийг танилцууллаа. Өнөөдрийн хуралдаа

2024-09-11

Улсын цолтой бөхчүүдийн эрэмбийг цол дотор нь 33 нас хүртэл хувьсах байдлаар шинэчлэн тогтооно

Үндэсний бөхийн намрын нээлтийн барилдаан өчигдөр /2024.09.08/ болж, шинэ улирал эхэллээ. Монгол У

2024-09-09

Завхан, Баянхонгор, Архангай зэрэг аймгийн зарим суманд нойтон цас оржээ

Өнөөдөр буюу есдүгээр сарын 9-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр

2024-09-09