Мөнгөний бодлогын хүүг нэг функтээр буулгаж 10 хувь болголоо

2020-03-11 1242 0

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит хуралдаанаа хийв. Хуралдаанаар бодлогын хүүг бууруулах асуудлыг хэлэлцлээ. Улмаар бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 10 хувьд хүргэх, банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг хоёр нэгж хувиар бууруулж, 8.5 хувьд тогтоох болон бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +1, -1 нэгж хувийн өргөнтэй болгон өөрчлөх шийдвэр гаргасан байна.

Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэлд, “Жилийн инфляци 2020 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 5.6 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 6.0 хувь байна. Эдийн засгийн өсөлт саарах  хандлага үргэлжилж,  эрэлтийн шалтгаантай инфляци тогтвортой байх төлөвтэй байна. Харин импортын хүнсний зарим бүтээгдэхүүний хангалт удаашрах тохиолдолд нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн хэлбэлзэл үүсч болзошгүй. Ковид-19 вирусын тархалттай холбоотой тодорхой бус байдал нэмэгдэж байгаагаас гадаад эрэлт, түүхий эдийн үнэ буурч, гадаад болон дотоод эдийн засгийн идэвхжил сулран, эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарах эрсдэлийг бий болгож байна. Цаашид эдийн засагт үзүүлэх нөлөө нь Ковид-19 вирусын тархах цар хүрээ болон үргэлжлэх хугацаа, вирусын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнээс ихээхэн хамаарахаар байна. Экспортын орлого буурах эрсдэл нэмэгдэж байгаа хэдий ч хэрэглээний импорт агших хандлага үргэлжилж, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ огцом буурсан нь  төгрөгийн ханшинд үзүүлэх дарамтыг зөөлрүүлэхээр байна. Эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, тэдгээрт нөлөөлж буй хүчин зүйлс болон гадаад, дотоод орчны тодорхой бус байдал, эрсдэлийг харгалзан Мөнгөний бодлогын хорооноос санхүүгийн зуучлалыг дэмжих, банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийн өртгийг бууруулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын багц шийдвэр гаргав. Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр нь инфляцийн зорилтыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэж байна” гэжээ.

Мэдэхэд илүүдэхгүй: Бодлогын хүү гэж юу вэ?

Төв банкууд үндсэн гол зорилт болох инфляци буюу үнийг тогтвортой байлгахын тулд ашигладаг нэг гол арга хэрэгсэл нь “Бодлогын хүү” юм. Бодлогын хүүг арилжааны банкууд төв банкинд мөнгөө хадгалуулах хүү гэж ойлгож болно.

Монголбанкны хувьд, энэ нь 7 хоногийн хугацаатай төв банкны үнэт цаасны хүү байдаг. Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл жилд 4 удаа хуралдаж, Бодлогын хүүг өөрчлөх эсэх шийдвэрийг гаргадаг. Төв банк хэзээд хадгалуулсан мөнгийг эргүүлж төлөх чадвартай гэдэг утгаараа бодлогын хүүг эрсдэлгүй хүү ч гэж нэрлэдэг. Энэхүү эрсдэлгүй хүүтэй харьцуулагдаж зах зээл дээрх бусад арилжааны хүү тогтдог учир бодлогын хүүг хөтөч хүү, эсвэл жишиг хүү гэж нэрлэх нь бий.

Бодлогын хүү өндөр үед арилжааны банкууд эрсдэлтэй зээл олгож эрсдэл үүрэхийн оронд төв банкинд мөнгөө найдвартай хадгалуулах, эсвэл зөвхөн өндөр хүү төлөх зээлдэгчид л арилжааны зээл олгох нь түгээмэл. Улмаар эдийн засагт нийлүүлэгдэж буй мөнгөний эргэлт удааширдаг. Харин бодлогын хүү буурах үед банкууд мөнгөө төв банкинд хадгалуулснаас иргэд, компаниудад зээлэх нь ашигтай тул эдийн засаг руу орох мөнгөний урсгал нэмэгддэг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19

Бражеш Патхак: Нярайн тасагт гал гарч, 10 нярай эндсэн эмгэнэлт явдлын буруутныг олж хатуу арга хэмжээ авна

Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт гал гарч улмаар 10 няр

2024-11-18