Монголын Хөлбөмбөгийн холбооны “Mobi Premier League”-ийн гуравдугаар тойргийн “ФС Дэрэн” болон “СП Фалконс” багуудын тоглолтын 72 дахь минутад Дэрэн клубын хамгаалагч О.Даваадэлгэр улаан хуудасны зөрчил гаргаж, талбайгаас хөөгдөх үедээ эсрэг багийн бразил тамирчныг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үйлдэл гаргасан.
Үүнтэй холбогдуулан СП Фалконс клубийн туслах дасгалжуулагч Г.Дэлгэрдалай, СП Фалконс клубийн тоглогч, Бразил улсын иргэн Тиаго Томайс нар Монголын Хөлбөмбөгийн холбоонд гомдол гаргасан юм.
Уг гомдлыг Монголын Хөлбөмбөгийн холбооны Сахилгын хороо хянан хэлэлцэж О.Даваадэлгэрийг 5 сая, Дэрэн клубыг 10 сая төгрөгөөр торгохоор болжээ.
Тодруулбал, Дэрэн клубийн 4 дугаартай тоглогч О.Даваадэлгэр нь эсрэг багийн 13 дугаартай Тиаго Томайс руу сармагчингийн хөдөлгөөний үйлдэл гаргасан нь Сахилгын дүрмийн 36 дугаар зүйл “Ялгаварлан гадуурхах”, 42 дугаар зүйл “Тоглолтын нэр хүндийг гутаах”, 43 дугаар зүйл “Ноцтой зөрчлийн сэдэл үүсгэх”-д заасныг, мөн улаан хуудсаар торгуулсны дараа талбайгаас 3 минутын хугацаанд гараагүй үйлдэл нь Сахилгын дүрмийн 54 дүгээр зүйл “Шийдвэрийг үл зөвшөөрөх”-д заасныг тус тус зөрчсөн сахилгын зөрчил болох нь Сахилгын хорооноос тогтоогдсон байна.
Иймд МХБХ-ны Сахилгын хороо дараах шийдвэрийг гаргасан байна.
1. Дэрэн клубийн тамирчин О.Даваадэлгэрт МХБХ-ны Сахилгын дүрмийн 36.1.1, 42.1.2, 43.1.1, 54.4 дэх хэсгийг тус тус үндэслэн МХБХ-ны хөлбөмбөгтэй хамааралтай үйл ажиллагаанд оролцох эрхийг шийдвэр гарсан өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд хасах, мөн 5,000,000 /таван сая/ төгрөгийн торгууль ногдуулах
2. Дэрэн клубт МХБХ-ны Сахилгын дүрмийн 36.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгууль ногдуулах
3. Дэрэн клуб нь өөрийн багийн тоглогчдод болон албаны хүмүүст МХБХ-ны Сахилгын дүрмийн 36 дугаар зүйлийг болон сахилгын дүрмийг бүхэлд нь танилцуулж, сургалт, мэдээллийг зохион байгуулахыг үүрэг болгох.
Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй