Хүний хамгийн идэвхтэй ажилладаг эрхтний нэг нь нүд. Элдэв бичиг цаас, компьютерын дэлгэц, телевизор гээд нүд ядрааж хараа муутгах шалтгаан ч олон. Харин танд энэ бүхнийг зогсоох боломж байгааг мэргэжилтнүүд зөвлөж байна. Гэхдээ энэ зөвхөн танаас хамаарах болно. Ямар шалтгааны улмаас хараа мууддаг вэ?
Нэг. Нүдний булчин ажиллахгүй байх.
Бидний харж байгаа биетийн дүрс нь нүдний торлог, гэрэл мэдрэх хэсгээс, түүнчлэн нүдний доторх тусгай линз болох болорын муруйн өөрчлөлтөөс шалтгаалдаг. Хоёр зовхины булчин нь тухайн биет хүртэлх зайнаас хамааран болорыг нэг бол илүү төвгөр, үгүй бол илүү хавтгай болгодог байна. Хэрвээ байнга ном унших юм уу компьютерын дэлгэц ширтэх нь болорыг удирддаг булчингуудыг хөдөлгөөнгүй, сул болгоно. Тийнхүү хөдөлгөөнгүй аливаа булчингийн адил, зовхины булчингууд хэлбэрээ алддаг байна. Тиймээс хол, ойрыг сайн харах чадвараа алдахгүйн тулд, нэг бол алсын, эсвэл ойрын биетэд хараагаа төвлөрүүлэх дасгал тогтмол хийж, нүднийхээ булчинг дасгалжуулах хэрэгтэй.
Хоёр. Торлог хөгшрөх.
Нүдний торлогийн эсүүд нь гэрэл мэдрэх пигменттэй байдаг бөгөөд энэ пигментийн туслалцаатайгаар бид хардаг. Насжих тусам уг пигмент задарч, улмаар хараа мууддаг байна. Торлог хөгшрөх үйл явцыг удаашруулахын тулд А амин дэм агуулсан бүтээгдэхүүн болох лууван, сүү, мах, загасны мах, өндөг тогтмол идэх хэрэгтэй. А амин дэм зөвхөн өөхөнд уусдаг. Тиймээс луувангийн салатад цөцгий юм уу наран цөцгийн тос нэмвэл илүү сайн. Өөхтэй мах, загасны махнаас огт татгалзах хэрэггүй. Харааны пигментийг сэргээдэг онцгой бодис шинэ нэрсэнд л байдаг. Зун энэ жимсийг ахиухан идэж, өвөл хэрэглэхээр нөөцлөхийг бодоорой.
Гурав. Цусны эргэлт муудах.
Хүний биеийн бүх эс судсаар тэжээл авч, амьсгалдаг. Нүдний торлог бол хамгийн эмзэг эрхтэн. Цусны эргэлт өөрчлөгдөх төдийхөнд л мууддаг. Нүдний эмгэг судлаач эмч нар нүдний угийг шинжлэхдээ ийм өөрчлөлт гарсан эсэхийг олж харахыг боддог. Тогтмол шинжилгээ хийлгэж бай. Торлогийн цусны эргэлтийн өөрчлөлт нь ноцтой өвчлөлд хүргэдэг. Хэрвээ та ийм өвчинд өртөмтхий бол судасны ажиллагааг сайжруулдаг эмийг эмч танд бичиж өгнө. Цусны эргэлтийг сайн байлгах боломж олгодог тусгай хоолны дэг ч байдаг. Үүнээс гадна судсаа хамгаалах хэрэгтэй бөгөөд ууранд юмуу саунд удаан суух, агаарын даралт эрс өөрчлөгдөх зэрэг нь танд онцгүй.
Дөрөв. Хэтэрхий хүчлэн харах.
Торлогийн эсүүдэд хэтэрхий хурц гэрэл тусаж, гэрэл муутай нөхцөлд их хүчлэн харснаас болоод торлогийн эс мууддаг. Хараагаа муудуулахгүй бас гэрэлд мэдрэмтгий эсүүдийг хамгаалъя гэвэл нарны шил зүүж, түүнчлэн жижигхэн зүйлсийг харж, гэрэл муутай үед ном, сонин унших хэрэггүй. Тээврийн хэрэгслээр явж байхдаа юм унших маш хортой, жигд биш гэрэл, дайвалзах хөдөлгөөн хараанд маш муугаар нөлөөлдөг.
Тав. Нүдний салслаг бүрхэвч хуурайших.
Элдэв биетээс ойсон гэрэл дамжин өнгөрдөг тунгалаг бүрхүүлийн давтамж нь сайн харахад маш чухал. Энэ бүрхүүлийг тусгайлан чийгшүүлдэг бөгөөд нүд хуурайшсанаас болж бид муу хардаг. Сайн харахын тулд бага зэрэг уйлах тустай. Хэрвээ та уйлж чадахгүй бол, найрлагаараа нулимстай төстэй нүдний тусгай шингэнийг нүдэндээ дусаавал зүгээр.
Гол дайсан бол дэлгэц
Компьютер дээр ажиллахад нүд онцгой хүчлэн хардаг бөгөөд энд хамаг учир бичвэрт биш юм. Хүний нүд нь гэрэл зургийн аппараттай олон талаар төстэй. Жирвэлзэх олон цэгээс бүрддэг дэлгэцэн дээрх дүрсийг нарийн “гаргахын” тулд аппарат фокусыг байнга өөрчлөх хэрэгтэй байдаг. Ийм тохируулга нь их хүч зарж, харааны гол пигмент болох родопсоныг илүү зарцуулахыг шаарддаг юм. Ойрын хараа муутай хүмүүст энэ фермент хэвийн хардаг хүмүүсээс илүү их зарцуулагддаг. Тиймээс таны нүдний хувьд тун таагүй байдал бий болдог юм. Харааг дасгалжуулахад дараах арга ашигтай. Хэвлэсэн бичвэрийг аваад, үсгүүд сайн харагдахаа болих хүртэл нүд рүүгээ алгуурхан ойртуул. Нүдний дотоод булчингууд чангарна. Бичвэрээс хараагаа салгалгүйгээр түүнийг сунгасан гарын зайнд аажмаар холдуулахад нүдний энэ булчингууд сулрана. Дасгалыг 2-3 минут давтан хийнэ. Үүний зэрэгцээ нүдний торлогт ч тэжээл хэрэгтэй. Шөнийн нислэгийн үед хараа сайжруулах зорилгоор Дэлхийн хоёрдугаар дайны үед Британийн хатан хааны агаарын цэргийн хүчний нисэгчдэд өгдөг байсан нэрсний бэлдмэл /зөвхөн чанамал хэлбэрээр/ энэ тохиолдолд тусална.
Нүдний гимнастик
- Нүдээ сайтар аниад, дараа нь нүдээ нээн том харах. 30 секундийн зайтайгаар 5-6 удаа давтана.
- Толгойгоо эргүүлэлгүйгээр дээшээ, доошоо, бүх тал руу 1-2 минутын завсарлагатайгаар 3 удаа харах.
- Нүднийхээ алимыг доош, баруун тийш, дээш, зүүн тийш болон эсрэгээр тойруулан эргэлдүүлэх. 1-2 минутын завсарлагатайгаар 3 удаа давтана. Нүдээ аниад мөн ингэж хийх.
- 3-5 минут нүдээ сайтар онийлгоод, дараа нь 3-5 секунд нээх. 6-8 удаа давтана.
- Нэг минутын турш анивчих.
- Ажиллаж байх хугацаандаа үе үе хараагаа шилжүүлэхийн тулд ажлын ширээнээс 1-2 метрийн зайд хурц өнгийн хуанли, гэрэл зураг юмуу хөрөг өлгөх нь бас ашигтай.
- Гараа урагш нь сунган, 3-5 секундийн турш 20-30 см-ийн зайнаас хурууныхаа үзүүрийг харах. 10-12 удаа давтана.
- Цонх руу очоод, шилэн дээр байгаа ямар нэг цэг юм уу зураасыг /бараан өнгийн баримлын шавраар жижиг дугуй хийгээд нааж болно/ хараад, дараа нь жишээлбэл хажуугийн байшингийн дээрх телевизийн антенн юмуу хол байгаа модны мөчир рүү хараагаа шилжүүлэх.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй