Ази, Номхон Далайн бүс нутаг: Мэдээллийг хэмжээ хязгааргүйгээр хянах нь
Хэвлэлийн эрх чөлөө эрс доройтсоныг хоёр томоохон үйл явдал харуулж байна. Мьянмарт 2021 онд болсон цэргийн эргэлтийн үеэр сэтгүүлчдийг харгисаар нухчин дарж байв. Ингэснээр RSF-ийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийн доогуурт (180-аас 176-д) жагссан тус улс хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хамгийн ихээр баривчлан хорьсон улсын нэг болсон. Афганистанд (156-д) Талибанчууд засгийн эрхийг авсан үеэс хойш сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нөхцөл байдал улам дордож, тэд бүх төрлийн айлган сүрдүүлэг, хүчирхийллийн бай болж байна.
Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг Ази, Номхон далайн бүс нутагт ч мөн адил бүтцийн асуудал нөлөөлж байна. Үүний нэг нь Засгийн газраас мэдээлэлд хэмжээ хязгааргүй хяналт тавих бодлого юм. Хойд Солонгос (180-д) хэвлэлийн эрх чөлөөг хамгийн муу хангасан орон бол Хятад (175-д) мэдээллийг хянах загварыг улс дотроо төдийгүй хилийн чанадад өргөжүүлсээр байна. Ийнхүү өдгөө Бээжингийн хяналтад байгаа Хонгконг (148-д)-ын хагас автономит бүс нутаг 2022 оны индексийн жагсаалтад огцом буюу хамгийн ихээр буурсан (68 байраар) үзүүлэлттэй байгаа юм. Вьетнам (174-т) болон Сингапурын (139-д) засгийн газрууд ч мөн адил хэвлэл мэдээлэлд тавих хяналтаа чангатгасан.
Илүү ардчилсан гэгддэг орнуудын хувьд, Энэтхэг (150-д), Шри Ланка (146-д), Филиппин (147-д) зэрэг хэт авторитар бөгөөд (эсвэл) үндсэрхэг үзэлтэй засгийн газрууд хэвлэл мэдээлэлд дарамт шахалт үзүүлсээр буй. Нобелийн Энхтайвны шагналт Мария Ресса зэрэг шүүмжлэлтэй хандсан зарим сэтгүүлчдийн эсрэг зохион байгуулалттайгаар дайрч давшилж байна.
Томоохон аж үйлдвэрийн бүлгүүдийн нөлөөлөл дор тус бүс нутгийн сэтгүүлчид, редакцийн ажилтнууд өөрийн цензурт автаж, хэвлэл мэдээлэлд хянал тавих явдал хүчээ авч байна. Үүнийг Япон (71-д), Өмнөд Солонгос (43-т), Австрали (39-д) улсуудын жишээнээс харж болно.
Харин эсрэгээрээ, Монгол (90-д), Бутан (33-т), Зүүн Тимор (17-д) зэрэг орнуудад шинээр хөгжиж буй ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүл зүйн чөлөөт үйл ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж байна. Улс төр, эдийн засгийн нөлөөллийн эсрэг институцийн хамгаалалтыг бүрдүүлснээр Шинэ Зеланд (11-д) бүс нутагтаа үлгэр жишээ болно.
Эх сурвалж: Globe International Center
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй