/Худал мэдээлэл хэдхэн цагийн настай байдаг/
Хэд хоногийн өмнө БГД-ийн VIII хороо, 7-р байранд байр түрээслэгч иргэн Алтанхуяг эхнэр Оюунбилэг нарын “Жоом бясааны вант улс болсон байрыг бид түрээслэн амьдарч, зовж явна. Хулгана, харх гүйлдэх ч энүүхэнд. Подваль нь муу усны хоолой шиг лаг шавар, өмхий ус хальсан байдаг. Эрүүл аюулгүй орчинд Монгол хүн амьдрах ёстой, бид хохирч байна” гэсэн ярилцлагыг цахим орчинд тавьсан билээ. Энэ талаар бидний сэтгүүлчид газар дээр нь очиж сурвалжилсан юм.
Тус байр нь ОХУ-ын өмч бөгөөд Монголын “Истим” ХХК ашиглалт үйлчилгээг хариуцаж байгаа юмсанж. Тус байр нь 4-р хороололд байрлалтай 2 орцтой 9 давхар орон сууцны барилга байх ба зогсоол руу машин орох гарах хаалт хийсэн, гаднах орчин тохижолт сайтай, орц шат нь цэвэр цэмцгэр ийм л орчин биднийг угтсан юм. Юуны өмнө бид “Истим” ХХК-ны менежер Ц.Дашнямтай уулзаж ярилцав.
Ц.Дашням: Энэ байр 1982 онд ашиглалтанд орсон. ОХУ-ын өмчийн бүртгэлтэй ийм байр. Тус байрыг манай компани 2017 онд ОХУ-ын Өмчийн Удирдах газартай хийсэн албан ёсны гэрээний дагуу байрны ашиглалт, үйлчилгээг хариуцан 5 дахь жилдээ ажиллаж байна. Бид Оросын байгууллагын тогтоосон үнээр түрээслэгч нартай гэрээ байгуулан түрээсийн төлбөрийг барьцаагүй, зах зээлийн ханшнаас хямдаар буюу 2-3 өрөө байрыг 400.000-550.000 төгрөгөөр сар сараар төлөх төлбөрийн нөхцөлтөй түрээслэж, нийтийн эзэмшлийн талбайн урсгал засвар, цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Компаний зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд орон сууцны асуудалтай олон залуу гэр бүлийг дэмжин хямд байранд урт богино хугацаанд тохь тухтай амьдруулах нөхцөл бололцоог бүрдүүлэн ажиллахыг эрмэлзэж ирсэн. Саяхан тус байрны 35 тоотыг 2020 оны 1-р сараас эхлэн түрээслэж байгаа Алтанхуяг эхнэр Оюунбилэг, 59 тоотын Эрдэнэбаяр /түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлдөггүй компанид 4 сая гаруй төгрөгийн өр төлбөртөй/ нарыг түрээсийн төлбөр төлөхтөй холбоотой асуудлаар мэдэгдэл хүргүүлсэний дараа тэд манай компаний хэвийн үйл ажиллагааг харлуулах, гүтгэлэгийн шинжтэй мэдээлийг сошиалд тавьсан. Тэр хүмүүсийн яриад байгаа шиг дайн, гамшгийн байдалтай байгаа зүйл байна уу, үгүй гэдгийг та бүхэн бодит байдал дээр харж бас оршин суугчидтай уулзаж санал сэтгэгдэлийг сонсохыг хүсч байна. Мянга сонсохоор нэг удаа үз гэж би олон тайлбар яриад яах вэ гэсээр биднийг дагуулан байр руу орсон юм.
Биднийг подвальд ороход амьд хүн подваль рүү нь ороход бөөлжих, ухаан алдаж унахаар тийм бохир заваан зүйл харагдсангүй. Ажил сайтай, СӨХ-төй хорооллын жирийн л байрнуудын адил цэвэр цэмцгэр орчин биднийг угтлаа. Байрны 9 давхар хүртэл шатаар явж үзхэд иргэн Алтанхуягийн ярьсан жоом хулгана нэг ч тааралдсангүй. Биднийг байрны подваль руу орох үед тус байрны сантехникч Ц.Батсүх ажлаа хийж яваад таарсан юм. Тэрбээр 7-р байрны 38 тоотод 12 жил амьдарч ажиллаж байгаа юм байна.
Ц.Батсүх: Манай гэр бүл энэ байранд 12 жил амьдарч байна. Амьдрах орчин ажлын байрны хувьд надад сэтгэл хангалуун байдаг. Тэр FВ дээр явсан мэдээлэл шиг энэ байр тийм амьд хүн орохын аргаггүй жоомны үүр болсон зүйл байхгүй. Хариуцсан ОСНАА хариуцсан дарга нь 7-р байрны орц, подвальд тийм зүйл байхгүй гээд хэлчихсэн. Би энд арав гаруй жил амьдрахдаа нэг ч хулгана хараагүй. Айлын гэрт жоом, хортон шавьж гүйлдэж байна гэдэг нь хувь хүний ариун цэвэртэй холбоотой асуудал. Сантехникч хүн айлд дуудлагаар явж ороход янз янзын л айл байдаг. Байр түрээсэлж байгаа гэхэд өөрийн юм шиг цэвэр цэмцгэр суудаг айл байхад зарим айл заваан бохир суудаг нь ажиглагддаг.
Манайх 1 давхарт байдаг манайд орцгооё. Тэнд жоом, бясаа гүйлдэж байна уу, та нар харцгаа. Ямар нэгэн зүйл баримттай байх ёстой гэсээр биднийг гэртээ дагуулан орсон юм. Ц.Батсүх суултуурын шүүгээг сөхөж харуулан энэ нүх подвальтай шууд холбогддог. Хэрэв энэ байр жоом, хортон шавьж байдаг бол манайд байх ёстой гэсэн юм. Үнэхээр тэнд ямар нэг ч жоом, бясаа, хулгана харагдсангүй.
Оршин суугч Ш.Баянмөнх: Залуу гэр бүлийн хувьд хямд түрээсийн байр гэдэг бол хамгийн чухал зүйл. Манайх 70 тоотыг түрээслэдэг. Дулаахан, цэвэрхэн байранд тухтай амьдарч байгаадаа эхнэр бид хоёр сэтгэл хангалуун байдаг. Бид энэ байрыг 3 жил түрээслэн амьдарч байна. Сошил ертөнцөөр яриад байгаа шиг хулгана, жоом, бясаа гүйлдэж байдаг хүн амьдрахын аргагүй тийм зүйл байхгүй. Яагаад ганц нэг хүмүүс ингэж санаанаасаа зохиож худлаа яриад байгааг ойлгохгүй байна. Энэ байранд байр түрээслэж байгаа ямар ч айлаас асуусан сэтгэл дундуур айл байхгүй байх гэж найдаж байна. Манайх 2 өрөө байрандаа сард 450.000 төгрөг төлдөг, , хотын төв, сургууль, цэцэрлэг, үйлчилгээтэйгээ ойрхон гаднах орчин сайтай, бид түрээсийн гэрээгээ дахин сунгуулах хүсэлтэй байгаа.
Оршин суугч Д.Наран: Манайх энэ байрны 23 тоотыг түрээслээд нэг жил болж байна. Анх энэ байранд нүүж ороход өмнөх түрээсэлж байсан айл нь маш заваан, сэтгэлгүй сууж байсан нь харагдсан. Гэвч хотын төвд, түрээс мөнгө нь ийм хямдхан байр дахиж олдохгүй учраас өөрсдөө супер засвар хийгээд орсон. Сошиалаар яриад байгаа шиг манай байр, орцонд жоом, бясаа хөлийн дор гүйлдээд байдаггүй гэдгийг онцлон хэлье. Энэ байрныхаа нийт түрээслэгч нартаа хэлхэд сууж байгаа байрандаа өөриймсөг сэтгэлээр хандаж, орцны үйлчлэгчийн ажлыг хүндэтгэж байхыг уриалмаар байна. Орц, хонгил, шатны тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ боломжийн байдаг. Энэ байранд ороод хулгана, жоом би л лав хараагүй. Эцэст нь хэлэхэд хувийн ч бай, түрээсийн байр ч бай хувь хүн амьдрах орчиндоо цэвэрхэн байгаасай.
Тус байрыг хариуцан ажилладаг Б.Алтанзагас: Нэр бүхий хүмүүс компаний үйл ажиллагаа болон байрны талаар нийтэд илт худал мэдээлэл тараасанд харамсаж байна. Дээрх 2 түрээслэгчид нь түрээсийн өр төлбөртөй, бусдын хууль ёсны өмч хөрөнгийг хувьчилж авна гэсэн хэзээ ч бүтэхгүй хууль бус үйл ажиллагааг мөрөөдөгч, худал цуурхал тараагч хүмүүсийн төлөөлөл юм. Энэ 2 айлын хүмүүс түрээсийн төлбөрөө хэдэн сар жилээр өгөхгүй байгаа болон байрыг хувьчилагдах гэж байна гэсэн худлаа мэдээлэл түрээслэгч нарт тарааж, цуглаан зохион байгуулж бусдыг хууль бус үйлдэлд өдөөн турхирсан үйл ажиллагааг илтээр зохион байгуулсан тодорхой баримтууд бидэнд байгаа. Үүнийг бид хууль хяналтын байгууллагад өгч шалгуулж байгаа гэдгийг энэ дашрамд тэр хүмүүст мэдэгдэхийг хүсч байна.
Байрны оршин суугчдаас ийм зүйл урьд өмнө гарч байгаагүй. Сошиалд мэдээ тавьсан хүмүүсийг бид хүчээр энэ байранд лав оруулаагүй. Бүх оршин суугчид өөрсдөө сайн дурын үндсэн дээр ирж гэрээ байгуулан орсон. Мэдээж түрээс хямд нөхцөл таатай байранд орсон хүмүүс удаан хугцааны гэрээ хийхийг л эрмэлздэг. Бид ч 1 монгол айл, 1 өрх гэр бүлд туслачих юмсан гэсэн чин эрмэлзлэлтэй ажилладаг. Эцэст нь хэлэхэд дээрх 2 айлтай гэрээнд байгаа үндэслэлийн дагуу гэрээ цуцлах мэдэгдэлийг албан ёсоор хүргүүлсэн байгаа ба оронд нь орох хүсэлтэй хэд хэдэн залуу гэр бүл бидэнд саналаа ирүүлээд байна.
Нүд чих хоёрын хооронд дөрвөн хуруу зай бий гэдэг. БГД-ийн 7 байрны оршин суугчидтай уулзаж, амьдарч байгаа орчныг нь үзэхэд ийм л бодит дүр зураг харагдаж байна. Харин тус байрны түрээслэгч Алтанхуяг, эхнэр Оюунбилэг нар яагаад ийм худал мэдээлэл тараах болсон шалтгаан нь тэдний ярьсан бичлэгээс тодорхой болсон юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй