А.Пүрэвдулам: Э.Бат-Үүл жам ёсныхоо эрхийг шаардаж өлсгөлөн зарлаж байна

2022-03-23 697 0

Хотын дарга асан Э.Бат-Үүл хорих ангид өлсгөлөн зарлаж байгаа талаар өмгөөлөгч А.Пүрэвдулам болон хүү Б.Чулуудай нар нь өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд өмгөөлөгч А.Пүрэвдулам “Зарим нэг мэдээллийн хэрэгслээр Э.Бат-Үүл ял эдэлж буй учир хэвлэн нийтлэх эрх чөлөөг эдлэх эрхгүй гэж яриад байна. Хорих 409 дүгээр ангид шүүхийн эцсийн шийдвэр гараагүй хүмүүс хоригддог. Хуульд тухайн хүнийг үзэл бодлоо илэрхийлэхэд ямар нэгэн хязгаарлалт байхгүй. Иймээс гэм буруу нь тогтоогдоогүй байхад Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрхийг хязгаарлах эрх зүйн орчин байхгүй. Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 14 дүгээр зүйлд “Монгол Улсын иргэн хэвлэн нийтлэх эрх, үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөтэй. Энэ эрхээ баталгаатай эдэлнэ” гэж заасан. Мөн Үндсэн хуульд дайн болон онц байдал зарласан тохиолдолд хүний эрхийг хуулиар хамгаална, гэхдээ хүний итгэл үнэмшилтэй байх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг үл хөндөнө гэж заасан байдаг.

Э.Бат-Үүлийг хорих 409 дүгээр ангид хоригдсон мөчөөс эрх чөлөөг нь хязгаарлаж эхэлсэн. Шалтгааныг нь асуухад хууль ёсны, үндэслэлтэй хариуг холбогдох байгууллагууд хэлэхгүй байна.

Тиймээс энэ хүн жам ёсныхоо эрхийг шаардаж өлсгөлөн зарлаж байна. Э.Бат-Үүл “Намайг сулла, хэлмэгдлээ, гэм буруугүй” гэж өлсгөлөн зарлаагүй. Гол нь Монгол Улсын ардчилал, хүний эрхийн түвшин аюултай түвшинд хүрсэн байна гэж өлсгөлөн зарлаж буй юм” гэлээ.

Харин Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай “Аав минь хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хамгаалаарай гэх утгатай нийтлэл бичсэнийхээ төлөө хэвлэн нийтлэх, захидал харилцааны эрхээ хязгаарлуулсан. Тодруулбал, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины колоничлол эргэн сэргэх үү гэсэн нэртэй нийтлэлийг нь прокуророос үндэслэлгүйгээр хорьсон. Мөн захидлыг нь бүрэн хаасан. Нэг ёсондоо түүнийг нийгмээс бүрэн хязгаарлаж байна. Дайны улмаас манай улсын эдийн засаг хүнд байдалд орж, хэдэн жилдээ эргэн сэргэхээргүй болж болзошгүй. Монголын төр, ард түмэн энэхүү дайныг эсэргүүцэж, байр сууриа илэрхийлэх ёстой.

Прокурорын төлөөлөлд уржигдар эрхээ сэргээж өгөх талаар хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй тул өлсгөлөн зарлахаар болоод байна. Миний аав өлсгөлөнгөөс огт айхгүй, өлсгөлөнг эрх чөлөөний төлөөх тэмцлийн зэвсэг юм гэж хэлсэн. Цаашид тавьсан хүсэлтийг зөвшөөрөхгүй бол хуурай өлсгөлөнд шилжинэ гэсэн” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Мега” төслүүдийг гацаанаас гаргах хуулийг энэ долоо хоногт батална

УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганаар “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай”

2026-05-04

Т.Аубакир: Уралдааны явцад 343 хүүхэд мориноос унаж, 5 нь хүнд бэртэл гэмтэл авсан 

Хаврын морин уралдаанууд эхэлж байгаатай холбогдуулан ГБХНХ-ын сайд Т.Аубакир хурдан морины уралда

2026-05-01

З.Мэндсайхан: Иргэдийн сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдуулах албан татварыг 100 хувь буцаан олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын

2026-04-29