БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өчигдөр сургалтын зээл олгох, төлүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмын талаарх тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Энэ талаараа өнөөдөр сэтгүүлчдэд тайлбар өглөө.
Ё.Баатарбилэг: “Өчигдөр өргөн барьсан журам бол цогц журам. Дээд боловсролын байгууллагад суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль 2012 онд батлагдсан ч журам нь гараагүй 8 жил болсон учраас олон мянган оюутан дипломоо авч чадахгүй явж ирсэн. Үүнтэй холбоотойгоор журмаа шинэчилж, батлах ёстой байсан. Гэрээний үүргээ биелүүлсэн сурагчид дипломоо авч, төр гэрээнийхээ хэрэгжилтийг дүгнэх ёстой. Тэр хүмүүсийнхээ дипломыг хуулиараа буцааж олгох ёстой юм. Үүнийг ЖДҮ-ийн гэх мэт бусад зээлтэй андуурах хэрэггүй.
Сүүлийн жилүүдэд, жилд 10000 гаруй оюутан сургалтын төлбөрөө зээлийн сангаас шийдээд явж байгаа. Энэ жил мөн 10000 оюутны сургалтын төлбөрийн зээл яригдана. 2008 оноос хойш 14000 иргэний диплом БЗС-нд хадгалагдаж, 16 тэрбум төгрөгийн авлага үүсээд байна. Эдгээр зээлийн гэрээг дүгнэж, хаах юм.
Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад төрийн сангийн зээлээр сурдаг хөтөлбөр мөн явж ирсэн. Тус сангийн зээлд нийт 1800 гаруй залуус хамрагдаж, өндөр хөгжилтэй орнуудад сурч төгссөн байна. Бүгд гэрээтэй. Өнөөдрийн байдлаар 160-170 хүн зээлээ эргэн төлөөгүй, хаяг тодорхойгүй буюу гэрээний үүрэг биелүүлээгүй асуудал яригдсан. Яамнаас чиглэл өгснөөр тэдгээр оюутны батлан даагчидтай нь холбогдож, график гарган эргэн төлүүлэх процесс явж байгаа. Үлдсэн 1700 орчим хүн бүгд ажиллаад, гэрээний хугацаа нь биелээд, гэрээгээ дүгнүүлсэн гэж ойлгож болно.
Боловсролын сангийн зээлд диплом нь хадгалагдаж байгаа 14000 иргэн дотоодын их, дээд сургуульд сурч төгссөн. Тогтоол батлагдсаны дараа төлүүлэхийг нь төлүүлээд, хөнгөлөхийг нь хөнгөлөөд, чөлөөлөхийг нь чөлөөлөөд, эргэн төлөлтөөр бүрдүүлж байгаа сангаасаа төлбөрийн боломжгүй, сурлагын чанар сайтай хүүхдүүдээ суралцах боломжоор нь хангаад явна. Харин журмын хувьд гадаад, дотоод аль алиных нь сургалтын зээлийг зохицуулахаар нөхцөлүүд нь шинэчлэгдсэн” гэв.
1993 онд байгуулагдсан Сургалтын төрийн сан амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн, өнчин, амьдралын боломж муутай, сургалтын төлбөрөө өөрсдөө төлөх боломжгүй айл өрхүүдийн магадлан итгэмжлэгдсэн дээд сургуульд орсон хүүхдийн төлбөрийг төрөөс зээлээр олгодог журам хэрэгжээд 27 жил болж байна. Энэ хугацаанд 2004, 2008 онд хоёр удаа сангаас зээл авч сураад амжилттай төгссөн 26000 оюутан залуусын 11.1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлж, дипломыг нь буцааж олгожээ. Сургалтын зээлийг олгохдоо оюутнуудтай “Төгсөөд 5 жил мэргэжлээрээ ажилласан, НДШ төлсөн байх” зэрэг олон үүрэг хүлээлгэж, гэрээ байгуулдаг. Гэрээний үүргээ биелүүлээгүй бол зээлийг эргэн төлүүлэх асуудал хөндөгддөг. Харин зээлээр суралцаж төгссөн хүн нас барсан эсвэл хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд зээлийг хүчингүй болгодог аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй