Б.Болорцэрэн: ШҮЛЭГ БИЧИХГҮЙ Л БОЛ…

2021-12-25 1193 0

Эгшиглэнт эхийн хишигт найрагчаар бүсгүй найрагч тодров. Яруу найрагч Б.Болорцэрэн нэгийн даваанд “Чөлөө учрал”, хоёрын даваанд “Хаврын дэлхий”, гурвын даваанд “Мөрөнгийн төв”, оноо тэнцсэн дөрвийн даваанд “Шүлэг бичихгүй л бол” шүлгээ уншиж эгшиглэнт эхийн хишигт яруу найрагч болсон юм.

Сүүлийн даваанд уншсан шүлгээ тэрээр ээжийнхээ өөд болсон өдрийн ой буюу “Болор цом” наадмаас хоёрхон хоногийн өмнө тэрлэсэн аж.

ШҮЛЭГ БИЧИХГҮЙ Л БОЛ…

Шүлэг бичихгүй удвал хар дарна

Шүд уналаа гэж

Шүлэг бодохгүй өнжвөл хар санана

Зүүд хэллээ гэж

Шүлэг уншихгүй удвал зүс алдна

Шүлэг сонсохгүй өнжвөл зул шандуурна

Шүлэг бодохгүй гэвэл чадахгүй мэт

Шүлэг бичихгүй гэвэл нүгэл мэт

Ээжээс ч их бодогдоод ирэх

Ханиас ч илүү санагдаад үлдэх

Энэ шүлгийг хэн илгээнэ вэ

Ээж минь л байх…ээж л байх

Ургахаа умартдаггүй наран шиг

Урсахаа мартдаггүй мөрөн шиг

Шүлэг бодоогүй өдрийг санахгүй

Шүлэг хүсээгүй үдшийг мэдэхгүй

Ээж болсон өдөр минь шүлэг

Ээжгүй болсон өдөр минь шүлэг

Ааваа баярлуулах ганц зам

Амьд яваа минь шүлэг мэт

Шүлэг бичихгүй л бол

Эхийн ачийг санахгүй би

Шүлэг бичихгүй л бол

Элдэв өвчнөөс салахгүй би

Номын сангаа эмийн сангаар солино

Номын мөрөө ховын үгээр хөөнө

Ой санамж,үнэр амтаа алдана

Охин үр, үндэс угсаагаа ч мартана

Хүнээ больсон ч хүйсээ сольсон ч

Хөөрхий шүлэг минь гэвч намайг орхихгүй

Эр буруулавч нэр хөөдөвч

Ивий шүлэг минь гэвч надаас ичихгүй

Ийм болоод л

Өглөөг нүүр бардам угтана

Өчигдөр би хэнийг ч гомдоогоогүй

Өнгөрснөөс харамсал үл олно

Өдөр бүхий гараар шүлэг бичих минь учиртай

Наран жаргаад хаачдагийг мэдэх үү

Надад шүлэг авчирахаар явдаг юм

Найрагч охинтой гэж гүн итгэсэн

Ээжээс бэлэг аваад ирдэг юм

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Эх орончдын өдрийн барилдаанд Б.Зоригтбаатар түрүүлэв

Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 105 жил, Үндэсний

2026-03-02

Засгийн газраас Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гаргажээ

Монгол улсын Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Ренчиний Чойномын

2026-02-06

“Төмөр хүн” Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил “Геннисийн дээд амжилт”-ын батламж гардлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн хамгийн ахмад бөх болох Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил энэ сарын барилда

2026-01-27