Авто угаалга, авто үйлчилгээ эрхлэгчид ирэх оноос “ХОТЫН ТАТВАР” төлж эхэлнэ

2021-12-21 581 0

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Хуралдаанаар нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох  2015  оны тогтоолыг хүчингүй болгож, шинээр батлах асуудлыг хэлэлцлээ. Учир нь  Нийслэл хотын албан татварын тухай хуульд 2021 оны долдугаар сард нэмэлт, өөрчлөлт  оруулсан. Ингэснээр авто угаалгын газар болон авто үйлчилгээ үзүүлэх гэсэн хоёр төрлийн үйлчилгээг хуулийн үйлчлэлд нэмж хамруулж байгаа юм. 

Нийслэлийн хэмжээнд 421 авто угаалгын газар, 167 авто машины засвар үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд бүртгэлтэй байна. Харин  эрх  зүйн шинэ орчны хүрээнд дээрх хоёр чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид  нийслэл хотын нэг хувийн албан татварыг ирэх оноос төлж эхлэх юм.  Энэ талаар нийслэлийн ИТХ-ын ээлжит XII хуралдаанаар хэлэлцэхийг Тэргүүлэгчид дэмжлээ.  


Түгжрэлийг бууруулах нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгж байгуулах талаар хэлэлцэв


 “Нийслэл Улаанбаатар хотын Авто замын түгжрэлийг  бууруулах нэгдсэн хөтөлбөр” төсөл  хэрэгжүүлэх нэгж байгуулах талаар Тэргүүлэгчдийн хуралдаанаар мөн хэлэлцэв. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх болон багтаамж ихтэй нийтийн тээврийн шинэ төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр 2022 онд улсын төсөвт 420 тэрбум төгрөгийг суулгаж баталсан. Харин энэ хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрийг хооронд нь уялдуулах, нэгдсэн удирдлагаар хангах, тэдгээрийн зааг, дэс дараа, үр дүнг тооцох нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулах шаардлагатайг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр  орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.   Төслийн нэгж нь Улаанбаатарын хотын төвлөрлийг зохицуулах хөтөлбөрт тусгасан төслүүдийг хэрэгжүүлнэ. Үүнд улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих авто замын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээ, “Улаанбаатар хотын тогтвортой авто замын хөгжил” дэд төсөл, “Туул, Сэлбэ голын орчмыг сайжруулах” дэд төсөл,  улс, нийслэлийн  хөрөнгө оруулалтаар хийгдэх  нийтийн тээврийн парк шинэчлэл” дэд төслийг хариуцан ажиллах юм. 
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Халиунбат шинээр нэгж байгуулах зайлшгүй шаардлага бий эсэхийг тодруулав. Тэрбээр Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци зэрэг бүтцээр дээрх ажлыг гүйцэтгүүлэх саналаа илэрхийлсэн юм.  Мөн шинэ нэгжийн үйл ажиллагаа болон төсвийн зарцуулалтыг ил  тод байлгахыг Тэргүүлэгчдийн олонх нь сануулж байв. Энэхүү асуудлыг Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. 

       Сургууль, цэцэрлэгийн 3 барилгыг нийслэлийн өмчид бүртгэлээ


Өнөөдөр мөн нийслэлийн өмчид сургууль, цэцэрлэгийн 3 барилгыг шинээр бүртгэлээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороонд байрлах 150 ортой 284 дүгээр цэцэрлэгийн барилга, 30 дугаар хороонд байрлах 240 ортой 303 дугаар цэцэрлэгийн барилга, 1 дүгээр хороонд байрлах 640 хүүхдийн суудалтай 106 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэж авсан юм.

Мөн Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баланст бүртгэлтэй халаалтын зуухнуудыг төрийн өмчид буюу Өвөрхангай, Дорнод аймгийн Онцгой байдлын газарт шилжүүллээ. Харин Багануур дүүргийн 3, 5 дугаар хороонд байрлах “Багануур-Ус” ОНӨААТҮГ-т бүртгэлтэй Цэвэрлэх байгууламж, ус түгээх байрны барилгыг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хаслаа. 

 

Хан-Уул дүүрэгт дөрвөн хороо нэмж  байгуулах саналыг ирүүлжээ 


Өнөөдрийн хуралдаанаар мөн Хан-уул дүүргийн гурван хороог хувааж, шинээр 4 хороо байгуулах саналыг хэлэлцэв.  Тодруулбал, тус дүүргийн 4, 11, 16 дугаар хороог хуваах, өөрчлөн зохион байгуулах саналыг ирүүлсэн бөгөөд хүн амын нягтаршил, газар нутгийн хэмжээг харгалзан дээрх саналыг боловсруулсан гэж танилцууллаа.  Сүүлийн жилүүдэд  дээрх гурван хороонд барилгажилт ихээр явагдаж, хүн амын тоо эрс өссөн. Тиймээс засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хувааж, төрийн үйлчилгээг иргэд түргэн шуурхай, чирэгдэлгүй авах боломжийг бий болгох, улмаар чанар хүртээмжид ахиц гаргах зорилгтой  гэж  НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд хэллээ. Энэхүү асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэнэ.  

Товчхон 

  • Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөрийн тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоох тухай асуудлыг хэлэлцэхийг дэмжив. 
  • Нийслэлийн Улаан загалмайн зөвлөлийг байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Зөвлөлд нийслэлийн төр захиргааны холбогдох байгууллагуудаас төлөөлөл багтах юм.  
  • Монголын чөлөөт бөхийн спортын хөгжил, өсвөр залуу үеийг сургаж, дасгалжуулах үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж  Монголын чөлөөт бөхийн холбооны гишүүн, Гавьяат тамирчин Ц.Баярсайхан, Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Сэрээтэр, ОУХМ, дасгалжуулагч Ө.Насанжаргал, Үндэсний бөхийн хүндэт засуул, чөлөөт бөхийн дасгалжуулагч Б.Санжаа, гавьяат дасгалжуулагч А.Цэрэнсодном, ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Тедеев Здамболат Ильич нарыг Нийслэлийн дээд Хангарди одонгоор шагнахаар шийдвэрлэв.
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд Манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн дурсгал, хүндэтгэлийн самбар байрлуулахыг дэмжив. 


Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говь-Алтай аймгийн Засаг дарга сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгох захирамж гаргажээ

Говь-Алтай аймаг сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон зарлажээ. Улсын хэмжээнд х

2024-11-25

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19