Ж.Батбаясгалан: Хүслийн жагсаалт биш хөгжлийн бодит төлөвлөгөөн дээр хөрөнгө оруулагчдаа урьж байна

2021-12-02 552 0

Улаанбаатар хотын хөгжлийн хөтөлбөр, хэтийн төлөвийг танилцуулж, хэлэлцүүлэх “Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форум өнөөдөр боллоо.  Форумд Улсын Их Хурлын гишүүд, нийслэлийн удирдлагууд, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, гадаад улс орноос Монгол Улсад суугаа Элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцсон юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын хөгжлийн хөтөлбөр, хэтийн төлөвийг танилцуулсан бол, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар нээгдсэн шинэ боломжууд, төр хувийн хэвшлийн түншлэлээр Улаанбаатар хотод хэрэгжүүлэх шинэ төслүүд, авто замын түгжрэлийг бууруулж, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах арга замын талаар ажил хариуцсан албаны хүмүүс илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм. 

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ үеэр “Өнөөдрийн арга хэмжээгээр Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөгжлийн нөөц, бололцоог Та бүгдийн оролцоо, нягт хамтын ажиллагаанд тулгуурлан богино хугацаанд, үр дүнтэй ашиглах гарц, шийдлийн талаар санал солилцож, бодит ажил хэрэг болгохыг зорьж байна” хэмээв. Мөн “Улаанбаатар хотын хөгжлийн зураг 2040”-ийн хүрээнд хотыг хоёр шинэ төв, таван дэд төв, 26 олон нийтийн төвтэй болгож, зам, гүүр, уулзвар, гарцыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг хэлсэн юм. Ингэснээр Улаанбаатар хот дахь автомашины дундаж хурд 22.5 км болно гэж тооцжээ. 

Харин УИХ-ын гишүүн, УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан нийслэл хотод эрх зүйн болон эдийн засгийн дэмжлэг үзүүлэх зорилготой Түр хороо нийслэлтэй холбоотой хуулиудын уялдаа холбоог хангаж ажиллана гэдгийг онцоллоо. Энэхүү эрх зүйн боломжийг ашиглаж чадвал нийслэлд 4 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт, 10 тэрбум ам.долларын өгөөж бий болно гэдгийг Нийслэлийн Засаг даргын зөвлөх Д.Батмөнх хэлсэн юм. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва “Улаанбаатар хотод хоёр сайн найз байх ёстой бөгөөд нэг нь хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчид байна” гэдгийг тодотгов. Харин хоёр дахь нь сайн технологиуд байх аж. 

Мөн Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Нийслэл хот эдийн засгаа өргөжүүлэх нэрээр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй бөгөөд харин тэднийг дэмжиж, хамтран ажиллана. Ингэж бид нийслэлийн эдийн засгийг тэлэхийг зорьж байна” гэсэн бол Нийслэлийн хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар орон сууцны салбарт хөрөнгөөр баталгаажсан бонд арилжихаар зорьж байгааг дуулгалаа. 

“Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форум-ыг хааж Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлагын хамгийн том суурь нь Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль юм. Улсын Их Хурал, Засгийн газраас нийслэл хотод урьд өмнө байгаагүй том дэмжлэг үзүүлсэн нь энэхүү эрх зүйн шинэчлэлт. Тэгвэл дараагийн том дэмжлэгийг бидэнд үзүүлэхээр УИХ дээр эдийн засгийн орчныг сайжруулах 16 хууль дээр ажиллаж байна. Эдгээр хуулийн өөрчлөлт, шинэчлэлт нь өнөөдрийн бидний хэлэлцэж буй хөгжлийн төлөвлөгөөг хурдасгах боломжийг бий болгоно. Одоо гагцхүү бид төлөвлөсөн эдгээр ажлаа хэрэгжүүлэх нь чухал байна. Бид төр хувийн хэвшил, бизнесийнхэн, олон улсын донор байгууллага, суурин төлөөлөгчид, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллана. Гэхдээ энэ хамтын ажиллагаа өнгөрсөн 30 жилийн хугацаанд байгаагүй биш байсан. Гагцхүү бид зөвхөн тулгамдсан асуудлаар хүслийн жагсаалт хийж байснаас хөгжлийн төлөвлөгөөгөө Техник эдийн засгийн үндэслэлтэй гаргаагүй юм байна. Харин одоо хүслийн жагсаалтаа хөгжлийн бодит төлөвлөгөө болгож, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдаа урьж байна. Хамтдаа хэрэгжүүлцгээе. ” гэлээ. 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЦЕГ: Банк болон улсын бүртгэлийн газрын алба хаагчид нийлж мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт 7 хүнийг сэжигтнээр татсан

Нэр бүхий арилжааны банкны ажилтнууд, улсын бүртгэлийн газрын мэргэжилтнүүдтэй нийлж мөрийтэй тоглоо

2024-10-03

Нойтон цас орж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй замуудад хөдөлгөөн хязгаарлаж болзошгүй

Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны өдөр Булган, Сэлэнгийн зарим г

2024-10-03

Нийтийн тээврийн 4 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн дөрвөн чиглэлд түр х

2024-10-03