Хотын захиргааг Яармаг руу нүүлгэхээр боллоо

2021-09-08 625 0

Засгийн газрын ээлжит хуралдаанаас Хотын захиргааг он дуусахаас өмнө нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсан талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.

Тэрээр “Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг  2021 оны Арванхоёрдугаар сарын 31-ний дотор нүүлгэн шилжүүлэх Засгийн газрын тогтоол гарлаа. Нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардлыг шийдэхийг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болгосон.

Мөн ХААИС-ийн харьяа зарим сургуулийг Дархан-Уул аймаг руу, ШУТИС-ийн харьяа зарим сургуулийг Өмнөговь аймаг зэрэг орон нутаг руу шилжүүлэх замаар төвлөрлийг сааруулах шийдвэр гаргалаа. БШУ-ы сайд Л.Энх-Амгаланд холбогдох тооцооллыг хийхийг үүрэг болгосон” гэлээ.

Хотын захиргааг нүүлгэх шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Хотын захиргааны хэчнээн байгууллага эхний ээлжинд нүүх вэ?

-Нийслэлийн төр захиргааны 16 агентлаг бий. Эдгээр байгууллагын 900 гаруй ажилтан, албан хаагч Яармаг руу шилжих шийдвэр гаргалаа. НЗДТГ-аас бэлтгэл ажлыг хангаж, 12-р сарын 31-ний дотор үе шаттайгаар нүүж, төвлөрлийг сааруулахад хувь нэмэр оруулж ажиллана.

-Яармагийн замын түгжрэл улам нэмэгдэх асуудлыг тооцсон уу?

-Яармагт төлөвлөлтийн алдаа гарсан нь үнэн. Замын түгжрэл, ачааллыг нэмэхгүйн тулд цагийн хуваарийн зохион байгуулалт хийх тухай хамгийн түрүүнд яригдаж байна.

-Нүүлгэн шилжүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулах вэ?

-Шинэ барилга гурван блок хэсэгтэй бөгөөд нэг блок нь ашиглалтад орсон. Бусад ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаар өдөрт 3000-5000 иргэн үйлчлүүлдэг. Голдуу иргэдэд үйлчилдэг салбар, нэгжүүдийг эхний ээлжинд нүүлгэхээр төлөвлөж байна. Нүүлгэн шилжүүлэлтийг үе шаттайгаар зохион байгуулж, ирэх намар гэхэд бүрэн нүүж дуусах юм.

Нийслэлийн Засаг захиргааны байруудыг ямар зориулалтаар ашиглах вэ?

-Хангарьд ордон бол нийслэлийн өмч учир хэрхэх шийдвэрийг НИТХ-аас гаргана. Өнгөрсөн жил дуудлага худалдаагаар худалдахаар төлөвлөсөн.

-Хангарьд ордныг ямар үнээр худалдахаар төлөвлөсөн бэ?

-Хоёр жилийн өмнө анхны үнэлгээ өнгөрсөн жил 46 тэрбум төгрөгөөр тогтсон. Энэ жил яаж тогтохыг тодорхой хэлж мэдэхгүй байна.

Ийнхүү Засгийн газрын хуралдаанаас Хотын дарга Д.Сумъяабазарт дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болгов.

  1. “Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор”-ын “А” хэсгийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны оффисын талбай болон иргэд олон нийтэд зориулсан талбайн дутуу ажлыг 2021 оны аравдугаар сард багтаан дуусгах.
  2. “Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор”-ын “А” хэсгийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Нийслэлийн Засаг даргын дэргэдэх агентлагуудыг цогцолборын “Б” хэсгийг дуусах хүртэл талбайн зохицуулалт хийж 2021 оны 12 дугаар сарын 31-ны дотор багтаан нүүлгэн шилжүүлэх үүрэг өглөө. Хотын захиргааг Яармаг руу нүүлгэн шиилжүүлэх нь түгжрэлийг бууруулах томоохон хүчин зүйл гэж үзэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өнөөдөр Казахстан улсын Ерөнхийлөгч К.Токаев манай улсад айлчилна

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт К

2024-10-28

Б.Жавхлан: Ирэх онд төрийн албан хаагчийн цалинг 6 хувиар нэмнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан оролцож, ирэх төсвийн т

2024-10-24

Ж.Батсуурь: Ипотекийн зээлийг хотын төвд баригдсан орон сууцанд олгохгүй

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь ипотекийн зээлийн талаар сэтгүүлчдэд мэд

2024-10-23