Олимпын аварга, МҮОХ-ны дарга асан Н.Түвшинбаярыг Улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр Дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст яллагдагчаар татан, шалгаж эхэлсэн.
Мөн Дөрөвдүгээр сарын 4-нд прокурорын зөвшөөрлөөр хойшлуулшгүй арга хэмжээ авч ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид албадан саатуулсан байдаг.
Улмаар Тавдугаар сарын 20-ны өдөр өмгөөлөгчийнх нь хүсэлтийн дагуу батлан даалтад гаргасан юм.
Тэгвэл, Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусчээ. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагаас түүнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг прокурорт шилжүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар Н.Түвшинбаярт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын байгууллага хянаж байна.
Н.Түвшинбаяр найзынхаа талаар нэгэнтээ “Бид сум, сумандаа наймдугаар ангиа төгсөөд, есдүгээр ангид дэвшин суралцахаар би Сайхан сумаас, Энхбат Могод сумаас Булган аймгийн “Эрдмийн өргөө” сургуульд ирж байлаа. Зэргэлдээ ангид сурч байсан. Нэг үеийн барилдаж, ноцолддог хүүхдүүд болохоор танилцаж ядах юу байх вэ. Үеийнхэн дундаа бас ч гайгүй барилдчихдаг нь байсан болохоор тэмцээн уралдаанд хот хүрээ рүү хамт явсаар ойртож нөхөрлөсөн. Бид хоёрыг их спорт л холбож, нөхөрлүүлж дээ. Бас бидний нөхөрлөл, спортын замналд том нөлөө үзүүлсэн хүн бол “Авзага трейд” компанийн захирал П.Мэндбаяр ах юм шүү дээ. 10 жилийн сурагч байхад маань“Та хоёрыг компанийнхаа бөхөөр авлаа. Сар бүр 60 мянган төгрөгийн цалин өгнө. Та хоёр дунд сургуулиа төгсөөд над дээр ирээрэй” гэснээр бид бид цалинтай сурагч болж байлаа.
2003 онд дунд сургуулиа төгсөөд намар нь би аав, ээжээрээ ч хүргүүлэлгүй, ганцаараа Мэндээ ахыгаа зорьж Улаанбаатарт ирсэн. Энхбатыг аав, ээж нь хүргэж ирсэн. Мэндээ ах биднийг 21-р хороололд дүүгийнхээ хажуу өрөөнд оруулснаас хойш 2007 он хүртэл хамт амьдарч, салшгүй найзууд болсон доо. 2008 оноос гэр бүлтэй болж, тусдаа амьдралтай болсон.
Олимпийн хоёр медалийг авахад гол нөлөөлсөн хүн бол найз минь юм шүү дээ. Дасгалжуулагч нарын хажуугаар намайг бэлдэж, уяа сойлгыг минь тааруулсан. Ялангуяа 2012 оны олимпод бол бүр ойр байсан. Олон жил нөхөрлөөд ирэхээр биe, биенийхээ юу бодож байгааг мэддэг болчихдог юм байна. Бие, биенийхээ юу хийх гээд байгаа, юу хүсээд байгааг хэлүүлэлтгүй ойлгодог. Тийм болохоор бэлтгэл хийхэд маш сайн хамтрагч болдог” хэмээн ярьж байв.
Мөн сэтгүүлчийн “Нас яваад ирэхээр найзууд бие биенээ бүр илүү санаж үгүйлдэг юм шиг. Та хоёр яах бол” гэсэн асуултад “Санаад болохгүй бол хөгшрөхөөрөө хамт амьдарчихгүй юу. Ямар сураагүй юм биш. Гэр бүлийнхэн маань ч найзууд юм чинь” хэмээн хариулж байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй