Тавдугаар сарын 1-ээс “Буянт-Ухаа” олон улсын агаарын замын боомтыг хэвийн горимд шилжүүлнэ гэж мэдэгдэж байсан ч Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаар тавдугаар сарын 10-аас хилээ нээх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болсон байна.
Манай улсад бүртгэгдэж байгаа халдварын тоо их байгаа бөгөөд нөхцөл байдлыг хянаж, хугацааг нь ийн хойшлуулахаар санал гаргаж байгаа аж. Мөн Засгийн газрын хуралдаанаар хил нээхийг хойшлуулж, Улсын онцгой комиссоос тодорхой журам гаргах юм байна.
Хил нээхтэй холбоотойгооор Хил хамгаалах ерөнхий газраас коронавируст цар тахлын үед боомтоор зорчих иргэдийг дараах журмын дагуу улсын хилээр нэвтрүүлэх аж.
- Коронавируст халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр сөрөг гарсан /72 цагийн дотор гарсан сүүлийн шинжилгээний хариу/ эсвэл дархлаажуулалтын бүрэн тун авсан, өвчлөөд эдгэрсэн тухай нотлох баримт бичигтэй иргэнийг энгийн болон хялбаршуулсан журмаар нэвтрүүлнэ.
- Улсын хилээр нэвтрэх зорчигчийг “коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсан иргэний мэдээллийн сан”-аас тулгалт хийж, хилээр нэвтрүүлнэ. Зорчигч дархлаажуулалтад хамрагдаагүй бол мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлнэ.
- Дэлхийн улс орнууд түр хугацааны визтэй иргэдийг хүлээж авахгүй байгаа тул тодорхой тооны зөвшөөрсөн улс руу иргэд харилцан зорчино.
Дашрамд, 2021 оны Тавдугаар сард харилцан тохиролцсон 16 нислэг төлөвлөгдөөд байгаа бөгөөд Токио, Сөүл, Франкфурт, Станбул чиглэлд тусгай үүргийн хуваарьт нислэг үйлдэх юм. ИНЕГ-аар тухайн нислэгүүдийн хуваарийг танилцуулахдаа УОК-ын шийдвэрийг харгалзан өөрчлөлт орох боломжтой хэмээн мэдээлж байсан юм.
Мөн Монгол улс дотроо дархлаажуулалтад бүрэн хамрагдсан буюу вакцины хоёр тунгаа хийлгэж, 14 хоног болсон болон халдвар аваад эдгэсэн иргэдийг хот хоорондын зорчих хөдөлгөөнд ороход хориглохгүйгээр журамлаж байгаа бөгөөд Тавдугаар сарын 5-ны өдрөөс мөрдөхөөр шийдвэрлэжээ.
Харин 2021 оны Тавдугаар сарын 10-ны өдрөөс улс хоорондын ачаа болон зорчих тээвэрлэлтийг хэвийн горимд шилжүүлэх, хил нээх бэлтгэл нөхцлийг ханган Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх саналыг гаргасан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй