Хятадын Төрийн зөвлөл өдөр бүр хэвлэлийн хурал хийж, коронавирүсийн талаар өдөр тутмын шинэ мэдээ мэдээллийг дамжуулж байгаа. Энэ хурлын үеэр Хятадын төв банк халдвар тарахаас сэргийлж бүх мөнгөн тэмдэгтүүдээ ариутгаж эхэлсэн талаар онцоллоо.
2017 оны судалгаагаар мөнгөн тэмдэгтийг нарийн шинжилгээгээр шинжилж үзэхэд нэг мөнгөн тэмдэгт дээр дунджаар 397 төрлийн бактери агуулагдаж байжээ. Мөн хэн нэгэн ханиад томуутай хүн тус мөнгөн тэмдэгтийг хэрэглэхэд вирус нь 12 хоног амьдрах чадвартай байсан аж. Харин энэ удаагийн шинэ төрлийн коронавирус аливаа эд зүйл дээр хэд хоног амьдрах чадвартайг хараахан нотолж чадаагүй байгаа ч урьдчилан сэргийлэх үүднээс энэ ажлыг эхлүүлжээ. Мөнгөн тэмдэгтүүдийг хэт ягаан туяагаар шарж ариутгаж байгаа гэнэ.
Манай Эрүүл мэндийн яамнаас ч коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмжийг тогтмол өгч байгаа. Коронавирүсийн халдвар суултуураар дамжих эрсдэлтэйг ч эрдэмтэд анхааруулсан байна. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: “Бид шинэ вирүсийн халдвартай холбоотой ДЭМБ байгууллага болон олон улсын эрдэмтэн судлаачдын гаргасан шинэ мэдээ мэдээллийг шуурхай авч, иргэдэд тогтмол зөвлөмж хүргэсээр байна.
Хамгийн сүүлийн мэдээллээр коронавирусийн халдвар жорлонгийн суултуураар дамжих эрсдэлтэй байна хэмээн Хонгконгийн эрдэмтэд анхаарууллаа. Тиймээс суултуурыг ариутгаж, цэвэрлэхээс гадна суултуурыг таглаад усаа татахыг зөвлөж байна. Мөн гараа сайтар савандаж угаах нь бүх төрлийн халдварт өвчнөөс 80 хувь хамгаална гэж ДЭМБ-ын судалгаа бий.
Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Гэхдээ зорчигчдоор дамжин халдвар орж ирэх өндөр эрсдэлтэй. Тиймээс хэрэв гадаад руу зорчоод ирсэн бол 14-21 хоног гэртээ амны хаалт зүүж, дархлаагаа сэргээх, гарын ариун цэврийн сайтар сахих зэргээр гэртээ өөрийгөө тусгаарла. Олон нийтийн газраар явж болохгүй. Ханиах, халуурах, найтаах зэрэг өвчний шинж тэмдэг илэрвэл амны хаалтаа зүүгээд эмнэлэгт хандана” гэсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй