Д.Цэрэнтогтох: Намайг энэ жилийн наадамд барилдуулахгүй юм бол бусдыг нь ч ижилхэн хас л даа

2021-03-05 1109 0

Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, Монгол Улсын начин Дашдоржийн Цэрэнтогтохтой ярилцлаа. Тэрбээр 2019 оны улсын баяр наадам улсын харцага О.Хангайгаар тав давж, өсөх идэр чимэг хүртсэн билээ. Гэвч хожим “Допинг хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр барилдах эрхээ хоёр жилээр хасуул, чимгээ хураалгаад байгаа юм. Гэвч түүнтэй ижил шалтгаантай бөхчүүд цол, чимгээ хасуулсан ч нэг жилээр эрхээ түдгэлзүүлж байгаад гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Сар шинэдээ сайхан шинэлж, сайхан хаваржиж байна уу?

-Баярлалаа. Сайхан шинэлж, сайхан хаваржиж байна аа. Нутагтаа шинэлээд саяхан хотод ирсэн.

-Бидний ярих гол сэдэв танаас илэрсэн допингийн асуудал. 2019 оны баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зодоглосон Э.Оюунболд та хоёроос допинг илэрсэн. Та хоёрын барилдах эрхийг хоёр жилээр хассан ч Э.Оюунболдыг шүүхэд хандсан хугацаатай нь хамааруулж, өнгөрсөн жилээс хойш 11 сарын хугацаатайгаар хасах шийдвэр гарсан. Харин таны эрхийг 2021 оны долоодугаар сарын 12-ыг дуустал гэсэн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Үүнд та ямар бодолтой байна вэ?

-Би анхнаасаа шүүхдээд явсан бол Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор барилдах боломжтой байж гэж бодох болсон шүү.

-Та яг ямар эм, тариа хэрэглэсэн юм бэ?

-2018 оны улсын наадмын бэлтгэлд гарахаасаа өмнө шагайгаа гэмтээчихээд “Цу-Эрдэнэ” нэртэй гэмтлийн эмнэлэгт эмчлүүлсэн юм. Төд удалгүй наадмын бэлтгэлдээ гараад байхдаа гуяны булчингийн уутаа задалж, бэлтгэл хийх боломжгүй болсон. Тэр үед дасгалжуулагч Д.Батням багштай танилцаж, хоёр ширхэг цагаан тариа хийлгэсэн. Тэр тариаг БНХАУ-аас оруулж ирдэг юм шиг байна билээ. Хамгийн их өвчинтэй газар нь дарж үзэж байгаад шахчихаар 10-хан минутын дотор ямар ч хөндүүргүй болчихдог юм билээ. Тэгээд тэр жилийн наадмаар барилдахад надаас ямар ч допинг илрээгүй.

-Тэгвэл дараа жил нь буюу 2019 онд өөр тариа хийлгэсэн юм уу?

-Үгүй. Тэр цагаан тариагаа л хийлгэсэн. Наадмын бэлтгэлдээ гарсан байсан болохоор жаахан хүч шаардсан бэлтгэл хийхээр л өмнөх бэртлээ хөндчихөөд байсан. Тэгэхээр нь өнгөрсөн жил нь хийсэн цагаан тариагаа л хийсэн. Өнгөрсөн жил нь допинг илрээгүй болохоор “Зүгээр юм байна” гэж бодоод тариулсан л даа. Гэхдээ гормоны тариа тул өдөр бүр хийж болдоггүй гэсэн. 2-3 хоног өнжиж хийсэн.

-Наадмын дараа шинжилгээний хариугаа хүлээж аваад Д.Батням дасгалжуулагчид хандсан уу?

-Би Д.Батням багшийг буруутгасан юм байхгүй ээ. Өөрөө л “Ийм хөндүүртэй, өвчтэй байна” гэж хийлгэсэн юм чинь. Дээхнэ өгсөн нэг ярилцлагадаа энэ тухай ч ярьсан. Гэтэл багш “Би Д.Цэрэнтогтоход тийм тариа хийгээгүй. Намайг гүтгэж байна” гэж байна билээ. Тэгэхээр нь би дансны хуулга, баримтаа олон нийтийн сүлжээгээр дамжуулж харуулсан. Нийтдээ би сая 450 мянган төгрөгөөр 10 орчим тариа авсан байдаг. Гэхдээ 2018 онд авч байхад нэг ширхэг нь 100 мянга байсан бол дараа жил нь 150 мянган төгрөг болж өссөн байсан. 2019 онд хийлгэхдээ хамгийн сүүлд долоодугаар сарын 9-нд тариулсан байдаг. Түүнээс өөр ямар нэгэн эм, тариа хэрэглээгүй.

-Д.Батням дасгалжуулагчтай та анх хэрхэн танилцсан юм бэ?

-2018 онд бэртсэнээ улсын харцага Н.Батзаяад хэлэхэд “Д.Батням гэдэг эмч, дасгалжуулагч хүн байдаг” гээд дагуулж очиж танилцуулсан. Тэгэхдээ Н.Батзаяа “Би энэ хүнийг тань дээр дагуулж авч ирж байгаа болохоор хариуцлагатай хандаж байна аа. Энэ тарианаас допингийн төрлийн бодис илрэхгүй биз дээ” гэж асуусан. Тэгэхэд багш “Үгүй ээ. Ямар ч асуудал үүсэхгүй. Харин хөдөлгөөнөө багасгаарай” гэхээр нь би бараг сар хэртэй ямар ч бэлтгэл хийхгүй байсаар наадамтай золгосон.

-Наадмын дараа допинг хэрэглэсэн бөхчүүдийг зарлаж, таны нэр гарахад та энэ талаар ярьж, санаатай хэрэглээгүй гэдгээ олон нийтэд хэлээгүй. Тэгэхээр хүмүүс “Яалт ч үгүй хэрэглэсэн юм байна” гэж ойлгосон л доо. Чухам яагаад хариу үг дуугараагүй юм бэ?

-Хэрэглэсэн гээд зарлагдчихсан байхад би мянган удаа “Санаандгүй хэрэглэсэн” гээд ч нэмэргүй шүү дээ. Тэгээд л би дуугүй харж суусан. Уг нь миний шинжилгээнээс хамгийн бага хэмжээтэйгээр гарсан байсан л даа.

-Таны яриад байгаа гомдлоос ойлгоход заримыг нь энэ жилийн баяр наадмаар барилдуулахаар тохирчхоод ганцхан намайг яагаад хасав гэдэгт байна уу?

-Э.Оюунболд хэрвээ допинг хэрэглэсэн байгаад түүнийгээ өөрөө үнэндээ мэдэхгүй байж ч болох. Ямар ч байсан “Хүлээн зөвшөөрөхгүй” гээд шүүх цагдаа болсоор барилдах эрх нь сэргэж байх шиг байна. Тэгвэл 2020 оны улсын баяр наадамд мөн допинг хэрэглэсэн гэсэн улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага цолны болзол хангасан Б.Бат-Орших нарын цол, чимгийг хураасан ч яагаад энэ жилийн наадамд барилдуулахаар болов. Тэгвэл яагаад миний цолны чимгийг хураагаад барилдуулж болохгүй гэж. Яг үнэндээ улсын аварга Н.Батсуурь бид хоёрын шинжилгээний хэмжээ ижил төвшинд гарсан байсан шд. Уг нь Олон улсын допингийн хороонд хүч тамир нэмэгдүүлсэн тариа хэрэглээгүй л бол цолыг нь хураахгүй гэж заасан байдаг юм билээ.

Эцсийн эцэст намайг энэ жилийн баяр наадамд барилдуулахгүй юм бол бусдыг нь ч гэсэн адилхан хоёр жил жилээр барилдах эрхийг нь хас л даа.  

-Таны хийлгэсэн тариа чухам ямар үйлчилгээтэй вэ?

-Хүмүүс ойлгохдоо нэг их бяр тэнхээ оруулдаг гэж яриад байгаа. Энэ бол тийм биш. Зөвхөн түргэн хугацаанд өвчин намдаадаг л зүйл.

-Бас нэг асуудал байна. Шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээ авах үед дэргэд нь заавал гэрч байлгадаг гэсэн. Гэтэл 2019 онд таныг ганцааранг нь оруулсан юм билээ. Яагаад тэгэв …

-2018 оны наадмаар намайг гэрчтэйгээ ор гэхэд нь дэвжээнийхээ Б.Батгэрэл багштай орсон. Харин 2019 онд мөн л Б.Батгэрэл багштайгаа орох гэтэл “Энэ жилээс гэрчтэй оруулахаа больсон” гэхээр нь ганцаараа орсон. Гэхдээ би Увс аймгийн Тэс сумын харьяат, тэр жилийн наадмаар улсын начин цол хүртсэн Ж.Ням-Эрдэнийг допинг хэрэглэсэн байх гэж хардаж байгаа.

-Яагаад …

-Хардах үндэслэл бий. Уг нь бид нар шинжилгээ авах өрөө рүү орвол шинжилгээгээ өгөн өгтлөө гарах эрхгүй байдаг. Гэтэл тэр энд тэндгүй явсан. Мөн тэнд гаднын хүн байх ёсгүй гэсээр байтал Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар хамт сууж л байсан. Допингийн хяналтын өрөөнд Спортын анагаах ухаан, эрдэм  шинжилгээний  албаны их эмч Ч.Насанбаттай ч юм яриад зогсч байгаа харагдсан.

-Шөвгийн 16 бөх л допингийн шинжилгээ өгдөг. Мөн тэр тооны шинжилгээ авах шил байх ёстой гэх нь бий. Гэтэл та дээхнэ өгсөн ярилцлагадаа “16-гаас илүү тооны шинжилгээний шил байсан” гэсэн байсан …

-Тийм. Би жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д оролцож байсан. Тэгэхэд яг тухайн тооны тамирчинд л оногдсон шинжилгээний шил өрөөстэй байдаг юм билээ. Манайхан “Магадгүй хагарвал хэрэглэе” гэсэн үүднээс илүү авч орсон байж болох л доо.  

-Баяр наадмыг зохион байгуулах комиссоос танд албан ёсоор “Хоёр жилээр барилдах эрхийг чинь хаслаа” гэсэн бичиг ирүүлсэн үү?

-Ирүүлээгүй. Зүгээр л аман ярианы хэмжээнд л яваа. Хэрвээ “Би бусадтай адилхан хариуцлага хүлээмээр байна” гээд шүүхэд хандах гэхээр тэд “Танд цаанаас чинь албан ёсны бичиг өгөөгүй байна шүү дээ” гээд хүлээж авахгүй болоод байгаа юм.

-Ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье л даа. 2018 оны баяр наадамд улсын аварга П.Бүрэнтөгсийг арслан цолтой байхад нь тав давж, улсын начин цолны болзол хангасан бол 2019 оны наадамд дээшээ гарч барилдах магадлалтай бөхөөр нэрлэгдэж байсан улсын харцага О.Хангайг өвдөг шороодуулсан. Ер нь улсын наадамд нийт хэдэн жил барилдаж байна вэ?

-2018 оны хувьд бэлтгэл сайн байсан. Тэгээд ч учраа бөхчүүдтэйгээ удаан барилдаагүй. 2019 онд ч аятайхан байсан. Улсын харцага О.Хангайтай би нийт дөрвөн удаа барилдсан. 2016 онд цэргийн арслан цол хүртсэн жилээ хоёрын даваанд таарч давж байлаа. Дараа нь заалны барилдаанд дахин таарч, гурвын даваанд намайг давсан. Тэгвэл Өвөр Монголд болдог “Алтан бүс” наадмын тавын даваанд би давж байсан. Дөрөв дэх нь тэр жилийн улсын баяр наадам юм. Тэгэхээр би О.Хангайг давдаг л байсан байгаа биз. Түүнээс биш тэр тариаг хийлгэсэндээ давсан юм бишээ. Би түүний эвийг олдог тулдаа давдаг. Харин бярдуулбал унах нь ойлгомжтой. Түүнтэй таарвал би аль болох хөдөлгөж барилддаг. Золгоод тогтоочихвол унах магадлал өндөр. Нийтдээ таван жил улсын баяр наадамд хүч үзэж байна.  

-Таны анхны цол сумын заан уу?

-Тийм. 2012, 2013 онд сумандаа түрүүлсэн. Тийнхүү 2013 оны намар цэргийн алба хааж ирээд 2015 онд цэргийн начин, 2016 онд цэргийн арслан цол хүртсэн. Харин 2017 онд аймгийн начин цол хүртэж байлаа.     

-Одоо та бэлтгэл хийж байна уу. Шийдвэр өөрчлөгдөөд энэ жилийн наадмаар зодоглох ч юм бил үү. Үүгээр ярилцлагаа өндөрлөе?

-Хүчний бэлтгэл л хийж байна. Заал нээгдээгүй болохоор бөхийн бэлтгэлээ түр зогсоосон байгаа.

-Ярилцсанд баярлалаа. 

У.Баярсайхан mnb.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

М.БИЛЭГСАЙХАН: Mиний бичихээс илүүтэй ШҮЛЭГ намайг тоож төрдөг

"Монголчуудын амьдрал" сонины “Нууцхан яриа” булан хайр дурлал, секс хийгээд нууц амраг гэх мөнхийн

2024-03-25

Даян аварга Н.Батсуурь “Наурызын баяр”-ын бөхийн барилдааны түрүүг авлаа

"Наурызын баяр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн

2024-03-19

Б.Болор: Дэлхийн миссийн тайзан дээр Монгол бүжгээ гурвантаа бүжлээ

71 дэх удаагийн “Дэлхийн мисс” тэмцээн Энэтхэгийн Мумбай хотноо амжилттай болж Чех улсын гоо бүсгүй

2024-03-13